ХОРШООДЫГ МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ, БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХАД БЭЛТГЭЖ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Дижитал технологи, үйлчилгээг ашиглан алслагдсан бэлчээрийн МАА-н нэгжүүд, малчдын амьжиргааг сайжруулах зорилготой 4 аймгийн, 8 суманд хэрэгжиж буй "Цахим хоршоо” төслийн ээлжит сургалт Улаанбаатар хотноо /2026.11.11-12/ зохион байгуулагдлаа.

 Онол, дадлага хосолсон энэ удаагийн сургалтад Төслийн зорилтот 8 сум (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Ховд аймгийн Дарви, Мөст Архангай аймгийн Батцэнгэл, Цэнхэр)-ийн хоршоодын дарга нар болон төслийн ажилтан нар оролцож байгаа юм.

Энэ удаагийн сургалтын эхний өдөр хоршоодын дарга нарт баталгаажуулалтын өөрийн үнэлгээнд бэлтгэх арга барил, дадлыг эзэмшүүлэх, төслийн зорилтот сумын малчин өрхийг хариуцлагатай, мөшгөх боломжтой, чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барилд сургах, малчдын хоршоог гуравдагч талын баталгаажуулалтын үйл явцад хамрагдах чадвартай болгох, худалдан авагчтай холбох чиглэлээр чадавхжуулахад чиглэсэн мэдээллүүдийг өглөө. 

Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид Монгол зөөлөн сарлаг ХХК, Баялаг-Өлзий ХХК, Сор Кашемир ХХК гэсэн Үндэсний үйлдвэрүүдтэй танилцах аялал хийж, хоршоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил хийгдсэн юм.

Монгол зөөлөн сарлаг ХХК-ний хувьд сарлагийн хөөврийг угааж, самнах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд танилцах аялалд оролцогч хоршоодын бэлтгэн нийлүүлсэн түүхий эдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байхтай таарсан юм. Энэ үеэр хоршоодын төлөөлөл үндэсний үйлдвэрийн шаардлагад нийцсэн түүхий эд нийлүүлж байгаатай баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

Баялаг-Өлзий ХХК-ний хувьд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй нийт сарлагийн хөөврийн 60 орчим хувийг дангаараа боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг, дотоод болон гадаадын зах зээлд BODIO'S брэндээрээ танигдсан. 1990-ээд оны эхэн үеэс гараагаа эхэлсэн тус компани нь өнөөдөр 120 гаруй ажилтантайгаар зйд ажиллагаагаа явуулж байна. Ноос, хөөвөр боловсруулах 2 анхан шатны үйлдвэр болон сүлжмэлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1 үйлдвэрээс бүрддэг. Сарлагийн хөөврөөс гадна торомны ноосон утас, нарийн ширхэгт цагаан ноолуурыг ялган бэлтгэж, дотоодын үйлдвэрүүд болон дэлхийн нэр хүндтэй брэндүүдэд нийлүүлдэг. BODIO'S брэнд нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн сүлжмэл цамц, өмд, пальто, ороолт, малгай болон гэрийн нэхмэл эдлэлүүдийг үйлдвэрлэдэг. Bodios Mongolia брэндийн бүтээгдэхүүнийг ОХУ, Япон, Швейцарь, Канад зэрэг дэлхийн 12 улсад экспортолдог.

Сор Кашемир ХХК-ний хувьд 1998 онд байгуулагдсан, ноос ноолуур болон сарлагийн хөөврөн ээрмэл утас, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани түүхий эд бэлтгэх, угаах, самнах, будах, ээрэхээс эхлээд эцсийн бэлэн хувцас үйлдвэрлэх бүрэн дамжлагатай үндэсний томоохон компани юм. Анх түүхий эд бэлтгэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өдгөө 150 гаруй тогтмол ажилтантайгаар дотоод болон олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа аж. Жилд дунджаар 800–1,000 тонн ноолуур, 200–500 тонн тэмээний ноос, 200 гаруй тонн хонины ноос болон 30 орчим тонн сарлагийн хөөвөр боловсруулах хүчин чадалтай.

Малчдаас түүхий эдийг шууд худалдан авч боловсруулаад, дотоодын 200 гаруй жижиг, дунд сүлжмэлийн цехүүдийг 100 хувь цэвэр ээрмэл утсаар хангадаг. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын OEKO-TEX стандарт болон ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, боловсруулсан ноос, ноолууран утас болон бэлэн хувцсаа Европ, Ази, Америкийн дэлхийн 17 улсад экспортолдог. Олон улсын томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, монгол ноолуурыг сурталчилж ирсэн тус компанийн зүгээс бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг дэмжих, тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг баримтлахын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

Танилцах аялалын үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс малчдын нийлүүлж буй түүхий эдийг тээвэрлэх явцад ашигладаг шуудайг зориулалтын уутанд хийх ёстой гэдгийг онцлон анхааруулж байлаа. Учир нь хямд, элбэг олдоцтой хуванцараар хийгддэг гэх гялгар шуудайнд хийсэн түүхий эд чанарын шаардлага хангахгүй хаягдал болдог гэнэ. Тодруулбал, шуудайны хуванцарын нүдэнд үл үзэгдэх тоосонцорууд ноос, ноолуур, хөөвөр боловсруулах явцад арилахгүй үлдэж, улмаар эцсийн бүтээгдэхүүн болсон хойно ч арилдаггүй. Бэлэн бүтээгдэхүүнд шингэсэн хуванцараас үүдэн экспортоор гаргахад хүндрэл учирдаг. Дотоодын зах зээлийн эрэлт нийлүүлэлт хангалттай байдаг тул гадаадын зах зээлд тогтмол гарч байж, үйлдвэрлэл тогмтол явагдаж, малчдын гар дээрээс түүхий эдийг өндөр үнээр худалдан авах боломжтой болдог гэдгийг онцолсон юм.