Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) хамтран тус төслийн зорилтот дөрвөн аймгийн 24 сумын загвар хоршоодын төлөөллийг оролцуулсан туршлага судлах аялалыг зохион байгууллаа.
Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн зорилтот сумдын болон Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцсон тус танилцах аялалын эхний хэсэг Улаанбаатар хотод болсон юм.
Оролцогчдын эхний очсон газар нь “Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк байлаа”. МУИС-ийн харьяа судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төв нь 2024 онд байгуулагдсан бөгөөд их сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой экосистемийг бүрдүүлжээ. Тус парк нь Технологи дамжуулах төв, Үйлдвэрлэл, туршилтын цех, Инженерчлэлийн Gerlab болон робот/дрон хөгжүүлэлтийн лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хүрээнд 56 патент, 25 загвар, 26 барааны тэмдэг, 24 зохиогчийн эрх болон 6 лицензийн гэрээг эзэмшиж, 7 стартап компанийг бойжуулж байгаа ба 53 нэр төрлийн машин механизмаар тоноглогдсон, түүхий эд болон бүтээгдэхүүн боловсруулах багц үйлчилгээ үзүүлж, оюутан, судлаачдын шинэ санааг бодит бүтээл болгох технологийн бааз суурь болон ажиллаж байгаа гэдгийг тус төвийнхөн онцолж байлаа.
Дараа нь 2021 онд байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч “Номадс файбер” ХХК-ний үйл ажиллагаатай танилцсан. Тус компани нь Монголын байгалийн гаралтай үнэт ширхэгт болох 100% сарлагийн хөөвөр болон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ үеэр түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулах, хамтран ажиллах боломжийг талаар ярилцсан юм. Нийслэл хотод хийсэн аялалын төгсгөлд АПАДТ төслийн төв байранд нэгдсэн уулзалт хийсэн. Энэ үеэр АДАПТ төслийн Ерөнхий зохицуулагч Б.Эрдэнэбилэг, ХАА-н техникийн мэргэжилтэн П.Ганхуяг, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй холбогдох албанхан төслийн хугацаанд зорилтот аймаг сумдад хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтын талаар мэдээлэл хийж, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Танилцах аялалын хоёр дахь хэсэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчдын хоршоодын мах, сүүний чиглэлээрх жижиг дунд үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, худалдаа, цөм сүргийн үйл ажиллагаатай танилцах, сайн туршлага судлах зорилгын хүрээнд үргэлжилсэн. Тус улсад хийсэн уг аялалыг Монголын уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан хөгжүүлэх, малчдад чиглэсэн цогц үйлчилгээ, төслүүдийг хэрэгжүүлж буй “Nomadic hub” компанийн Үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр ахлан зохион байгуулсан юм. Тус компанийн хэрэгжүүлдэг “Хөгжлийн замаар” төслийн хүрээнд зохион байгуулагдсан уг аялалын маршрутын дагуу эхний очсон газар нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Мандалт балгасын Дархан шил гацаанд байрлах “Цагаан хад” махны үхрийн цөм сүргийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах байлаа.
Түүнчлэн Ховор хоршооны тэжээл бэлтгэх явц, 2000 үнээний сүүний ферм бүтэц зохион байгуулалт, “Ховор март” цагаан идээний төрөлжсөн худалдааны төв, “Их сайн эм” малын эмийн сангийн үйл ажиллагаа, эм эмнэлгийн хэрэгсэлийн танилцуулга, Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажилладаг эмнэлгийн үйл ажиллагаа, Сүү, цагаан идээ боловсруулах цехийн үйл ажиллагаатай танилцах, Зүүн Сөнөд хошууны махны төрөлжсөн худалдааны төвийн үйл ажиллагаа, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ Хятад улсынхаа зах зээлд хэрхэн нийлүүлдэг зэрэг амжилттай хэрэгжиж буй ажлуудтай танилцаж, туршлага судалсан юм.
Танилцах аялалд оролцогчид энэ өдрүүдэд үзэж танилцсан байгуууллагуудын цар хүрээ болон өөрсдийн хоршоодын үйл ажиллагааг хоршуулан тус тусын аймаг сумдын онцлогт тохируулан нэвтрүүлэх, ажил хэрэг болгон хамтран ажиллах олон боломж байгааг онцолж байлаа.














