МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ ҮРЖҮҮЛЭГ, БЭЛЧЭЭРИЙН ЧИГЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, малын үүлдэр угсаа, эрүүл мэнд, бэлчээрийн зохистой ашиглалт болон малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбоо, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. https://www.facebook.com/share/p/14e5WndA9ep/ 

Санамж бичигт Монголын мал зүйч, үржүүлэгчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Г.Дээшин, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд мал аж ахуйн салбар дахь шинжлэх ухаанд суурилсан менежмент, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн орон нутгийн малчид, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, зөвлөгөө, туршлага солилцох арга хэмжээг хамтран зохион байгуулах, бодлогын түвшний санал санаачилга гаргах, үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын уламжлалт мал аж ахуйг орчин үеийн шинжлэх ухаан, тогтвортой хөгжлийн зарчимтай уялдуулан хөгжүүлэх, малчдын оролцоонд тулгуурласан салбарын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. https://www.facebook.com/share/p/14e5WndA9ep/ 

Талууд цаашид хамтын ажиллагаагаа тогтмол өргөжүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжилд бодит үр дүн гарган ажиллахаа илэрхийллээ.