МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХАД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны (МБАНХ) гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг дарга Ж.Ломбоо нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг нь бэлчээрийн тогтвортой ашиглалтийг нэвтрүүлэх, менежментийг сайжруулах, малчдын хамтын зохион байгуулалт буюу малчин өрхийн холбоог байгуулах, чадавхжуулах зорилготой юм.  

МБАНХ-оос 2024 оны 6 дугаар сарын 05 нд УИХ-ын чуулганаар батлагдсан “Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг малчдад танилцуулж, хуулийн хэрэгжилтийг ажил хэрэг болоход анхаарч ажиллаж байна. Тус хууль нь малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, дундын бэлчээрээ хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгасан билээ.

Малчид холбоо байгуулснаар бэлчээр нутгаа урт удаан хугацаанд гэрээгээр ашиглах боломжтой болох ба боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг авах боломж бүрдэх юм.

МБАНХ-ны хувьд Монгол Улсын 18 аймаг, 100 гаруй суманд 1600 орчим малчдын хэсэг бүлэг (Бэлчээр ашиглагчдын хэсэг БАХ) бүхий томоохон бүтэцтэй байгууллага бөгөөд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд түүчээлэн ажиллах зорилго тавьсан байна. Дээрх бүтцийг “Малчин өрхийн анхдагч холбоо” болгох ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа юм.

Энэ удаад МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Завхан аймгийн хэд хэдэн суманд ажиллаж малчид болон иргэд, сумын удирдлагуудтай уулзаж, “Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль болон Малчин өрхийн анхдагч холбоо байгуулах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. 

Уулзалтын явцад дээрх хуулийг хэрэгжүүлж, сумын хэмжээнд байгуулагдсан Бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлэн бүтэц дээр суурилан “Малчин өрхийн анхдагч холбоо” байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна гэлээ.