САРЛАГ НААДАМ 2025

Сарлаг наадам-2025 хүчит бөх, мэргэн харваачтай, шандаст хүлэг, сагсгар сарлагтай, ухаант эрдэмтэд нь чуулсан, түмэн олон, гадаадын зочид ихтэй … сонин ихтэй, содон зүйл арвинтай амжилттай зохион байгуулагдсан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт “Сарлаг наадам 2025” долоодугаар сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм.

https://www.facebook.com/reel/2268164226970859/?s=single_unit

Сарлагийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор тус аймаг “Сарлаг наадам”-ыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

“Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” долоодугаар сарын 20-ны өдөр эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, 21-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт үндсэн үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг юм.Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлагаас бүрдүүлдэг байна.