Хил орчмын худалдааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна

Өнөөгийн байдлаар манай улсын хоёр хөрштэй хийж байгаа худалдаа нийт худалдааны эргэлтийн дийлэнх хувийг эзэлж, манай улсын 14 аймаг хоёр хөрштэй хиллэж амьжиргаагаа залгуулж байгаагийн хувьд хил орчмын худалдаа чухал ач холбогдолтой юм. Хил орчмын худалдааг боловсронгуй болгох, хөнгөвчлөх, дэлхий нийтийн хөгжил, олон улсын худалдааны чиг хандлага болон өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн худалдааны харилцааг боловсронгуй болгох үүднээс түүний хамрах хүрээг тодорхой болгох, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор гарч байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Сайнхүүгийн Ганбаатар Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Тэрээр экспорт хийдэг үндэсний үйлдвэрлэгчид, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж (2025.06.17 төрийн ордон) хил орчмын худалдаа хийхэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Тус чиглэлээр Оросын талд мөн ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсгүүд харилцан уулзалт зохион байгуулж шийдвэрлэх асуудлын санал төсөл боловсруулан Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж баталгаажуулах зорилготой ажиллаж байна. Улмаар Орос, Монголын бүс нутгийн форумыг энэ оны 10 дугаар сард Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо малчид, хоршоодыг төлөөлөн тус багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа ба түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн шаардлагуудыг тогтоох, хамтран хөгжүүлэх, сум, аймгийн экспортлогчдод үүсдэг дарамтыг бууруулах чиглэлд гол ажлаа чиглүүлж байна.