“Монгол орны бэлчээрийн үндэсний форум VII

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны бэлчээрийн үндэсний 7 дугаар форум” энэ удаад “Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Форумыг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачлан Улсын Их Хурал, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, МУИС, ХААИС, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Газар Зохион Байгуулалт Геодези Зурагзүйн Ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл, АНУ-ын ХААЯ-ны ХАА-н судалгааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Бэлчээрийн Үндэсний VII дугаар форумын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадамжийг бэхжүүлэхэд малчдын хамтын хүчин чармайлт, Шинэ хоршоо-хөдөөгийн сэргэлт хөдөлгөөн, тогтвортой хөгжлийн механизмыг ашиглах, бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн түвшинд барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хэрэгцээ шаардлага, малчдын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх нүүрстөрөгчийн зах зээлийн боломж, мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжилт, 2026 онд тохиох нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилд залуу малчдын оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр гадаад дотоодын 20 гаруй эрдэмтэн судлаачид үндсэн ба салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ 10 гаруй судлаачид ханын илтгэл мэдээлэл хийж байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдээ. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ажил үйлчилгээг төлөвшүүлэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэний сүлжээг хөгжүүлэх замаар даван туулах, дасан зохицох чадамжыг бэхжүүлсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Форумаас УИХ, Засгийн газар ХАА-н төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах болон бүх шатны Засаг дарга, малчдын өөрөө удирдах байгууллага, гадаад дотоодын төрийн бус байгууллагуудад хандан 18 зүйл заалт бүхий зөвлөмж гаргалаа.

П.Нарандэлгэр