Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Агринатурат-судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол ямааны ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн судалгаа” сэдэвт семинарыг /2024.09.17-18/ зохион байгуулж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн шинжилгээний ажилд таван аймгийн 15 сумын малчид, ноолуурын үйлдвэрүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан байна. VCA4D төслийн хүрээнд зохион байгуулж буй уг төслийг Европын Холбооноос санхүүжүүлж, Агринтура-судалгааны хүрээлэн, Европын их дээд сургуулиудын холбоо, хөдөө аж ахуйн судалгааны чиглэлээр мэргэшсэн судалгааны төвүүд хамтран түнш орнуудын өртгийн сүлжээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлжээ.
Ноолуурын өртгийн сүлжээний судалгаа нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын захиалгаар хийгдсэн байна. Ингэхдээ ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг илрүүлэх, дэмжих чиглэлийг тодорхойлоход анхаарч ажиллажээ. Ноолуурын өртгийн сүлжээний судалгаа нь "Хөдөө аж ахуйд суурилсан өртгийн сүлжээнд ихээхэн ашиглагддаг VCA4D-төслийн аргачлалаар хийгджээ.
Судалгаа нь
- Эдийн засгийн өсөлтөд ноолуурын өртгийн сүлжээний оруулах хувь нэмэр,
- Эдийн засгийн хүртээмжтэй байдал
- Өртгийн сүлжээний нийгэмд үзүүлэх нөлөө
- Өртгийн сүлжээний байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг дараах дөрвөн хүрээг хамруулжээ.
Ноолуурын өртгийн сүлжээний гол оролцогчид болох бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, малчид, ноолуурын үйлдвэрүүд, судалгаа шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачидтай хамтран өртгийн сүлжээний хүндрэл, боломжийн талаар илүү оновчтой гаргалгаа гаргаж тайланд тусгах юм. Энэ нь Монгол орны дотоодын нийт бүтээдэхүүн, эдийн засаг болон хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Ина Марчюлёните: Ноолуурын өртгийн сүлжээ бол Монголын эдийн засгийн том тулгуур
Европын холбооноос Монгол Улсад суух элчин сайд Ина Марчюлёните "Монголын эдийн засгийн том тулгуур нь ноолуурын өртгийн сүлжээ гэж бид харсан. Тиймээс энэхүү төслийг хүрээнд Агринатурат-судалгааны хүрээлэнтэй хамтраад “Ноолуурын нэмүү өртгийн сүлжээ”-нд судалгаа хийсэн. Ямар нэгэн ажлыг хийхдээ судалгаа хийгээд цаашаагаа хөгжүүлэх нь мэдээж аль ч салбарт зөв чиглэлээ олж, үр дүнтэй, үр ашигтай, үр өгөөжтэй хөгжих үндэс нь болдог.
Энэ судалгааны хамгийн гол үр дүн нь дараагийн 4 жилийн ноолуурын төдийгүй махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хэрэгтэй төлөвлөгөө, зөвлөмжүүдийг гаргасан. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт, семинарын хүрээнд бүхий л оролцогч салбарын хүмүүстэй асуудал нь юу байна гэдгийг ярилцаад илүү сайжруулж, санал бодлыг нь тусгасан зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой байна".
Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах нь хамгийн чухал
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Европын холбооны тодорхой ААН-үүд болон манай дотоодын компаниуд, төслүүд хамтраад ноолуурын өртгийн сүлжээнд судалгаа хийсэн байна. Манай улсын ХАА-н гаралтай бараа түүхий эд бүтээгдэхүүний гол экспортын нэг нь ноолуур. Мөн махны экспорт. Энэ жилийн хувьд мах, ноолуур болон бусад ХАА-н гаралтай бараа түүхий бүтээгдэхүүн бүхий 780 гаруй сая долларын экспортыг хийсэн. Ойрын хугацаанд 2 тэрбум долларт хүргэнэ гэсэн том зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд ноолуурыг бид угаасан хэлбэрээр нь ихэвчлэн гаргадаг байсан бол одоо самнаснаар гаргах бололцоо нөхцөл бүрдэж байна. Энэ техникийн зохицуулалтыг мөрдөөд эхлэвэл самнасан ноолуурыг экспортод гаргах боломжтой болно.
Цаашлаад бид ээрэх, сүлжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах нь хамгийн чухал асуудал юм. Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн өртгийн сүлжээг бий болгочихсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж бид ноолуурын үнэ цэнийг өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд импортлогч улсуудаас тавьдаг стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох тал дээр анхаарч, оролцогч талууд буюу төрийн байгууллагууд, малчид, ААН-үүд, эрдэмтэн судлаачид хамтарч олон улсын стандартад нийцүүлээд үйлдвэрлэж чадвал бид илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бүрдэнэ. Монгол Улсын түүхий ноолуур дэлхийн зах зээлийн нийт 40 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг. Бид цаашдаа зөвхөн бэлтгэн нийлүүлэгч байгаад зогсохгүй үйлдвэрлэгч орон болж эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм".
Д.Бурмаа: Бэлчээрийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин алга
Монголын бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа "Нийт газар нутгийн 80 орчим хувь нь бэлчээр байтал манайд Бэлчээрийн хууль байдаггүй. Манай холбооны зүгээс энэ хуулийг гаргах гэж маш олон жил ажиллаж байгаа. Бараг 20 жилийг зарцуулсан байна. Нэг ч удаа удаа УИХ-аар хэлэлцэгдэж байгаагүй. Өнгөрсөн жил хэлэлцэх эсэх нь шийдэгдээд цаашаа явсан ч батлагдаагүй. Харин зарим нэг хуулийн салбар болж яваад байна.
Газрын тухай хуулийн 52.2 дугаар заалтад бэлчээр байдаг. Шинэ хоршоо хуулийн нэг заалт болоод орчихсон. Бэлчээрийн нэгдсэн том хууль болж батлагддаггүй. Энэ нь малчдад хүнд байдлыг учруулж байгаа юм. Малчид хаашаа нүүх нь тодорхойгүй. Ялангуяа бэлчээр доройтоод, малын тоо толгой өсөөд ирэхээр хаашаа нүүх вэ гэдэг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Манайх дэлхийн ноолуурын салбарт Хятадын дараа ордог ч ченжүүд ноолуурыг ялгахгүй худалдан авч байгаа нь манай ноолуурыг байхгүй болгож байна.
Жон Мортон: Монголчууд ноолуураа дэлхийн зах зээлд өндөр үнээр зарах боломж байна
Монгол ноолуурын өртөгийн сүлжээнд хийгдсэн судалгааны багийн ахлагч, Гринвинчийн их сургуулийн профессор Жон Мортон "Ноолуур эдийн засгийн хувьд нөлөө үзүүлдэг маш том салбар ч байгаль орчин талаасаа хэд хэдэн асуудлууд байна. Нөгөө талаар Монголд яг аль стандартыг мөрдөж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь худалдаж авч байгаа гадаадын байгууллагуудад эргэлзээ үүсгээд байна. Стандарт нь тодорхой, тогтвортой байдлаа хангаж чадвал ноолуураа дэлхийн зах зээлд өндөр үнээр зарах боломж байна. Ингэхдээ хоршоогоор дамжин худалдан авах, хоршоодоо чадавхжуулах, санхүүгийн чадамжтай байхад чиглэсэн бодлого чухал.
Малчид мөнгөний хэрэгцээ их байгаа учраас бүх ноолуураа хоршоондоо өгч чаддаггүй. Хамгийн чанартай ноолуураа хоршоо руугаа өгч, ихэнхийг нь ченжид өгдөг. Ченж мөнгөний хэрэгцээтэй үед нь өгч чаддаг, ноолуур гарахаар авдаг тогтолцоо үргэлжилсээр л байна. Ченж гэдэг ноолуурын өртөгийн сүлжээнээс хурдан алга болох зүйл биш. Тиймээс л бодлого маш чухал. Судалгааны үр дүнд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үүднээс нэмүү өртгийн сүлжээний хүртээмжтэй, тогтвортой байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бодлогын арга хэмжээ авах шаардлагатай хамгийн чухал асуудлуудыг тодорхойлох, томоохон эрсдэл, саад бэрхшээл, боломжуудыг илрүүлж, оролцогч талуудын хамт асуудлыг улам нягт авч үзнэ гэж итгэж байна.
Судалгааны ажлын хураангуйг болон бүтэн тайланг дараах холбоосоор үзнэ үү.
Тайланг үзэх: https://capacity4dev.europa.eu/projects/value-chain-analysis-for-development-vca4d/info/246-mongolia-cashmere_en
П.Нарандэлгэр