Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх (СКАЛА) хөтөлбөрийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь “Малын тоо толгойн татварын тогтолцооны түвшний үнэлгээ”-г 2023 оны IV-IX сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. SCALA Монгол, НҮБ-ын ХХААБ, Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар харилцан уялдаа бүхий гурван зорилгын хүрээнд энэхүү үнэлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын үр дүн, зөвлөмжийг тайланд тусгалаа.
Харилцан уялдаа бүхий гурван зорилгыг товч дурьдвал:
Нэг. Малын тоо толгойн албан татварын тухай хууль (МТТАТ-ын тухай хууль)-ийн хэрэгжилтийн үнэлгээ.
МТТАТ-ын тухай хуулийн хэрэгжилтэд зарим анхаарвал зохих асуудал байна. Татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон нь бэлчээрийн төлөв байдал, ашиглалтад тулгамдаж буй асуудлууд, малын тоо толгойн өсөлтийн талаар жинтэй дүгнэлт хийхэд сум, дүүргийн өөрөө удирдах байгууллага болон засаг захиргааны зүгээс үндэслэлтэй хандажу чадаагүйг харуулж байна. Аймгуудаар нэгтгэсэн дундаж үзүүлэлтээс харахад, малын тоо ихээр өсөж байгаа аймгуудын татварын хэмжээ бусад аймгийнхтай харьцуулахад доогуур байна. Үүнээс үзвэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлтэй нөхцөл байдлыг нь мал аж ахуй эрхлэгчдэд зөвөөр ойлгуулж чиглүүлэх, малын өсөлтийг бэлчээрийн даацад нийцүүлэхэд бодитой өөрчлөлт гарахад МТТАТ-ын тухай хууль одоогоор бодитой үр дүнд хүрсэн гэж дүгнэхэд эрт байна.
Гэрээт ажлын үндсэн судалгааг явуулахаар сонгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын жишээнээс харахад, татвар ногдуулалт, төлөвлөлт, төвлөрүүлэлт янз бүр байна. Тухайлбал, 2021 онд татвар ногдуулалт, төвлөрүүлэлт сумын хэмжээнд амжилттай хэрэгжиж, татвар төлөгчдийн 98 гаруй хувь нь татвараа хугацаанд нь төлжээ. Харин дараачийн жил буюу 2022 онд энэ үзүүлэлт 46 хувь болж огцом буурсан байна. Учир нь татвар төлөгчдийн олонхын яриагаар татвар өгөөжөөр тааруухан учраас дахин татвар төлөхөөс түдгэлзсэн байдалтай байсантай холбоотой аж.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 малчин өрхийн төлөөлөл оролцсон санал асуулгаас үзвэл, татварын талаар мэдээлэл зохих хэмжээнд авсан, хуулийн заалтын талаар сайн мэддэг гэсэн хариултыг өглөө. Сумын ИТХ-аас тогтоосон малын тоо толгойн татварын хэмжээг нэлээд сайн мэддэг гэсэн дүн гарлаа.
Малчин өрхийн хувьд татвар төлөх эх үүсвэр нь цөөн, голчлон мал борлуулах, боломжтой зарим нь өрхийн үйлдвэрлэлийн орлогоос зарцуулдаг ажээ. Ийнхүү малын тоо толгойн албан татварын нөлөөгөөр мал борлуулалт өмнө оныхоос ийнхүү тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь гэсэн төсөөлөл авч болох юм. Тус сумын малын тоо сүүлийн 3 жилд бараг өсөөгүй, тогтвортой байгаа статистик үзүүлэлт үүний дам нотолгоо гэж хэлж болно. Малд нь татвар ногдуулах болсон хэдий ч малаа өсгөхөөс татгалзах эсэх талаар хараахан нэг мөр шийдээгүй байгаагаа судалгаанд хамрагдсан малчид илэрхийллээ.
Хоёр. GLEAM программ: Сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвийн явагдах хэмжээнд бүтцийг нь хадгалах, хүлэмжийн хийг бууруулах боломжийн хувьд оны эхний малын тоог 6 хувь цөөлөх хувилбар бусад хувилбар (5 ба 7 хувь цөөлөх)-тай харьцуулахад зохистой гэж тогтоогдлоо. Үхэр сүргээр жишээлэн хийсэн тооцоогоор тоог нь 6 хувь цөөлөхөд хүлэмжийн хийн ялгаралт 0.2-0.9 хувь буурах боломжтой гэсэн үзүүлэлт гарав.
Бэлчээрийн мал аж ахуйн менежментийн нөхцөлд хүлэмжийн хийн хэмжээг үндэслэлтэй тооцоолохын тулд бэлчээрийн ногоо болон хагд өвсний ферментацийн явцад ялгарах хийн хэмжээг нарийн тогтоох шаардлагатай юм. Ийнхүү баталгаатай үзүүлэлт, мэдээлэлтэй болсноор бэлчээрийн мал аж ахуй бүхий бусад бүс нутагт хэрэглээнд нэвтрүүлэх бодит боломж бүрдэх болно.
Гурав. RECSOIL загварын мэдээллийн санг сумын хэмжээнд нэгдсэн байдлаар бүрдүүлэхийн тулд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтран үндэсний хэмжээний зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай байна.
Үүний үр дүнд ямар өгөгдөл хаана байгаа нь тодорхой болно. Үүний дараа мэргэжлийн баг мэдээлэл цуглуулж RECSOIL мэдээллийн санг бүрдүүлж болно. Хөрсний бүтцээс бусад физик шинж чанарын үзүүлэлтүүд одоогоор байгууллагуудын мэдээллийн санд байхгүй, RECSOIL загварт оруулахад хангалтгүй байна.
“Малын тоо толгойн татварын тогтолцооны түвшний үнэлгээ”-ний тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.