“Хариуцлагатай нүүдэлчид” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартаар баталгаажсан үндэсний үйлдвэрлэгчдийн “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа УИД-ийн 7 давхарын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн малчдын бэлтгэсэн түүхий эдээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж буй энэхүү үзэсгэлэн худалдаа ирэх II дугаар сарын 15-ыг дуустал үргэлжилнэ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Хариуцлагатай нүүдэлчид стандарт нь 2022 онд батлагдсан. Энэхүү стандарт нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл, усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржүүлэг селекц, тэжээллэг, арчилгаа, маллагаа зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлэх зорилготой. Уг стандартыг тогтвортой, хариуцлагатай Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч этгээд, сум, баг, малчдын бүлэг, хоршоо, сургалт болон тохирлын үнэлгээний байгууллагууд мөрдөх юм. Ингэснээр стандартын дагуу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг цахим системд бүртгүүлж баталгаажуулсан гэдгийг нь QR буюу бар кодыг уншуулсанаар мэдэх боломжтой.
“Хариуцлагатай нүүдэлчид” стандартын талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.