Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганд 800 орчим малчин /2023.10.06/ оролцлоо. Тус зөвлөгөөний үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Хариуцлагатай нүүдэлчин стандартыг малчид мөрдсөнөөр ямар боломж нээгдэж байгаа талаар танилцуулсан юм.

“...Хариуцлагатай нүүдэлчин” бэлчээрийн менежментийн зохистой дадлыг нэвтрүүлж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хариуцлагатай нүүдэлчин стандарт гэж юу вэ, өнөөдөр малчин хүнд ямар боломжууд байна гэдгийг танилцууллаа. Хамтран ажилладаг 5-6 үйлдвэр маань ирээд, экспорт хийхэд ямар асуудал тулгарсан, үүнд малчин хүн ямар оролцоотой байгаа талаар ярьж байна. Малчид чанартай, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл үнийн хувьд олон улсад өрсөлдөх боломжтой.

Хариуцлагатай нүүдэлчин стандарт 2020 онд батлагдсан. Энэ стандартыг хангасан малчид малын махаа өндөр үнээр борлуулах боломжтой. Ингэхийн тулд малчид махаа стандартын дагуу бэлтгэж, хоршиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, малчид хоршоод, махны үйлдвэртэй хамтарч ажиллана гэсэн үг. Үйлдвэр малчдад 4-5 боломжийг олгож байгаа. Нэгдүгээрт, үйлдвэрт долдугаар сар болон есдүгээр сард малчдад урьдчилгаа олгож байна. Цаашлаад, үйлдвэрт очсон эцсийн жинг нь үзээд, сүүлийн мөнгийг нь олгож байна. Энэ бол урамшуулал. Яагаад урамшуулал олгодог вэ гэхээр тухайн мах нь эрүүл, эмийн үлдэгдэлтэй, стандартын, цэвэр орчинд бэлтгэгдсэн зэрэг бүх шалгуурыг хангасан учраас кг тутамд нь 500 төгрөгийн урамшуулал авдаг. Нэг үхрээр жишээ авахад, 100-200 мянган төгрөгийг зах зээлийн ханш дээр нэмээд авч байна. Энэ бол бидний махан дээр тавьж ажиллаж байгаа урамшуулал. 

Дараагийн боломж нь хонины сүүл. Бид нар малаас гарч байгаа бүх зүйлийг хаягдалгүй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр хоршоодуудыг дэмжиж ажилладаг. Хонины сүүл худалдан авч буй манай "Инару" гээд компани энд ирсэн байна. Тухайн компанийн хувьд, хонины сүүл, тэмээний өөхөөр бүтээгдэхүүн хийгээд Герман улс руу гаргадаг. Гарал үүсэл тодорхой, эрүүл гэдэг шаардлагыг хангадаг учраас манай кластерт орж нэгдээд ажиллаж байна. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой байна гэдэг экспортын маш чухал шаардлага. Гарал үүслээ тодорхой байлгаж чадсанаар маш олон боломж нээгддэг" гэлээ.

Эх сурвалж: urug.mn