Завхан: Сумын бэлчээр ашиглагчдын хэсэг сайн туршлагыг нэвтрүүлжээ

Завхан аймгийн Тэс сумын малчид доройтсон бэлчээрийг сэлгэж ашигласнаар үр дүнд хүрч байна.

Тус сумын “Зосын ар” бэлчээр ашиглагчдын хэсэг 2009 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд нэг дор нутаглаж, дөрвөн улирлын бэлчээрээ хамтран ашигладаг 15 өрх энэ хэсэгт нэгджээ.

Зосын ар уулын өвөрт байдаг өвлийн нөөц бэлчээр сүүлийн жилүүдэд бүтэн жилийн турш ямар ч сэлгээ, хуваарьгүйгээр ашигладаг болсноос доройтоод байгаа аж. Тиймээс хэсгийн анхны хурлууд дээр энэ хавийн бэлчээрийг 11 дүгээр сарын эхэн хүртэл малын хөлөөс бүрэн чөлөөлөх хэрэгтэй гэсэн саналыг малчид гаргажээ.

Зарим малчид энэ саналыг эсэргүүцэж байсан ч олонхын шаардлага шахалтаар нүүхийг зөвшөөрсөн байна.

Ингээд хурлын шийдвэр ёсоор малчид зэрэг нүүж бэлчээрээ чөлөөлсөн бөгөөд хуваарийн дагуу ээлжээр очиж шалгаж байжээ. 2009 оны 6 дугаар сард гаргасан уг хуваарийг мөрдөөд ганцхан жил өнгөрсний дараа тэр хавийн бэлчээр илт сайжирсан байна.

Ингэж доройтсон бэлчээрээ сэлгэж ашиглах ажлыг малчид жил бүр хэрэгжүүлдэг болжээ. Энэ бол малчид өөрсдөө санаачилгаараа эхлүүлсэн бэлчээрээ хамгаалсан үр дүнтэй ажил юм.

"Ногоон алт" төслийн хүрээнд малчдын дундын бэлчээрээ хамтаараа зүй зохистой ашиглах эдгээр уламжлалт сайн туршлагууд, зохион байгуулалтыг сэргээн дэмжих замаар хариуцлагатай ашиглалтыг нэвтрүүлж, бэлчээрээ хэт дордуулахгүй. Байгалийн аясаар нөхөн сэргэх чадварыг нь алдуулахгүй байхад нь тусалж дэмжсээр байгаа юм.

Өнгөрсөн 15 жилийн ажлын үр дүнд малчид бэлчээр нутгаа ариг гамтай ашиглахын чухлыг ойлгон өдөр тутмын бэлчээр ашиглалтдаа мөрдөн ажилласны үр дүнд талхагдсан 5 сая бэлчээрийг сэргээж 20 гаруй сая бэлчээрийг байнгын сэлгэж амраан сэргээж чадсан байна.

Тиймээс дээрх сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм гэж Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбооноос мэдээлэв. 

Мягмарсүрэн.Б

Эх сурвалж: Монцамэ.мн