“Айлаас эрэхээр авдраа уудал”
Бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төслүүд, туршилт, судалгаанууд манай Монгол оронтой ижил төстэй байгаль экологийн нөхцөл байдал, өгөгдөлтэй улс орнуудын туршлага, туулж өнгөрүүлсэн сургамжын ажиглаад байхад ардын зүйр цэцэн энэ үг “Айлаас эрэхээр Авдраа уудал” гэж байнга санаанд ордог юм. Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө мал аж ахуйн салбар эдийн засгийн гол салбар байсан болохоор ч тэрүү улс орны бодлогын төвд тэр дундаа ардын уламжлалт сайн туршлагуудад ач холбогдол өгч шинжлэх ухааны туршилт, судалгаагаар баталгаажуулан, баяжуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байжээ. Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр тэжээлийн 60 эрдэмтэн судлаачдтай том сектор, хариуцсан яамтай, засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага, аймаг сумын мэргэжилтнүүд өнөөгийн бидний нэрлээд байдаг “экстеншин” буюу нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг байжээ. Нийгэм эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн ч бэлчээр нутаг маань хэвээрээ, мал сүрэг маань хэвээрээ л байгаа шүү дээ. Урьдын сайн туршлагуудаа бодлогоор буцаан сэргээх, хэрэгжүүлэх, нэвтрүүлэх хэрэгтэй байна.Байгалийн бэлчээрийн ногоог ургуулах гэж их хөрөнгө зардаггүй. Манай орны уудам нутаг таван хошуу малдаа онцгой тохиромжтой олон төрлийн бэлчээртэй, ургамлын амт чанар нь жилийн дөрвөн улиралд малын биологи, физиологийн шаардлагыг бүрэн хангадаг. Иймээс байгалийн бэлчээр харьцангуй маш хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх эх сурвалж болдог.
Дэлхий дахинаа хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай хөрс, цаг агаарын нөхцөлд оршдог Европ, Америк, Австрали тивийн орнууд МАА-гаа асар их эрчимжүүлэн нэг малаас авах шим буюу бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд байран, хагас байран маллагаанд их хэмжээний тэжээл зарцуулж, бяруундаа 400-с дээш кг татах махны үхэр, жилдээ 10000 литр саамтай үнээ үржүүлж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаас дэлхийн зах зээлд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ноёлж байна. Хүн амын тоо, орлого нь хурдан өсөж байгаа дэлхийн хүнс, түүхий эдийн нийтийн (массын) хэрэгцээг ингэж хангахаас ч өөр аргагүй байна.
Судлаач Доктор Цээлэйгийн Энх-Амгалан
Үүний нөгөө талд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхий хүн амын өндөр орлоготой давхаргад бий болон тэлж байна. Дэлхийн зах зээлд бага хувийг эзэлдэг ч өөрийн таалалд нийцсэн үнэ цэнэ, чанар, түүх шингэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах чадвартай тийм нич зах зээлүүд (niche market) байна. Хашаанд шорон мэт нөхцөлд хоригдож “зовсон” малын бүтээгдэхүүн гэхээсээ илүү байгалийн бэлчээрт дур зоргоороо идээшилсэн малын (free-range) бүтээгдэхүүнийг сонирхдог хэрэглэгчид ч энэ зах зээлд багтана.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ДАГАН ДЭЛХИЙН ТОМ БРЭНДҮҮД ХҮРТЭЛ БАЙГАЛЬ ОРЧИН, МАЛ АМЬТАНД ЭЭЛТЭЙ, ГАРАЛ ҮҮСЭЛ, ЧАНАР НЬ БАТАЛГААЖСАН ТҮҮХИЙ ЭДЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙСНЭЭ СУРТАЛЧЛАН ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДАХГҮЙН ТӨЛӨӨ МАШ ХУРДАЦТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА.
Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай байя гэвэл байгальд ээлтэй, хор хөнөөлгүй хариуцлагатай үйлдвэрлэлийн стандарттай байж, түүнийгээ баталгаажуулан, сурталчилж, нэг гэлтгүй эцсийн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өөрийн байр суурьтай болмоор байна. Аль болох шинэлэг, голдуу бүр цоо шинэ эсвэл хуучин хэрэглээг шинэ утга агуулгаар гаргаж ирсэн бүтээгдэхүүнүүд амжилт олж байна. Иймд эхлээд хэт том биш маш авсаархан, жижгэвтэр, онцлог давуу талуудтай, өндөр чанартай бүттээгдэхүүнээр эхэлж болно.
Цаг агаар хүйтэн, хур тунадас бага, хөрс нь эмзэг, үржил шим доогуур байгалийн нөхцөлтэй Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага, харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшлэн ашиг шимийн гарц бага боловч амт, чанар харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоо чулуу болгон дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм.
Байгалийн бэлчээрт хайр гамгүй хандаж буруу ашигласнаас учрах хохирол хязгааргүй их. Нэг газар хэт олон мал бөөгнөрүүлж удаан хугацаагаар сэлгэлгүй ашиглан бэлчээрийн даац хэтрэхэд малын хөлөөр хөрс нягтарч, өнгөн хэсэг тоосорч салхины элэгдэлд орох, үржил шим буурах, хуурай газар хатах, чийгтэй газар намагжих, давсжих, мал идэхгүй хог болон хорт ургамал ихсэх, ургац буурах шинж тэмдэгүүд илэрдлэг. Бэлчээрийн хөрс давтагдан хатуужихад хөрсний бичил биетний идэвхжил суларч үржил шим нь буурдгийг эрдэмтэд судалж тогтоожээ.
Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш бэлчээрийг зүй зохистой ашиглах бодлогогүй, төлөвлөгөөгүй орон нутагт ёстой нөгөө “Хаяа нийлэхэр бууж, хамар хатгахаар иднэ” гэгчийн үлгэр болж замбараагүй, нэг нэгнээсээ өрсөж уралдаж идсээр өнөө бэлчээрийн талхагдал доройтол газар авч 2020 оны 12 сарын байдлаар 20 гаруй сая га бэлчээр хүчтэй доройтож цөлжих аюул нүүрлээд байна.
Гэтэл Монголд өргөн уудам тал хээр нутгийн бэлчээрээ зүй зохистой, төлөвлөгөө, зохион байгуулалттай ашиглаж мал ахуйгаа маллан үр шимийн хүртэж амьдрал ахуйгаа тэтгэж явсан маш арвин сайн туршлагууд бий. Эдгээрийг цаг алдалгүй дахин сэргээж бодлогоор дэмжин, тал хээрийн өвс, ургамал хараахан байгалийн аясаар нөхөн төлжих чадвараа алдаагүй байсан дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
2015 онд Монголын бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар тогтоосон бэлчээрийн байгалийн унаган төлөв буюу шинжлэх ухааны хэллэгээр лавлагаа мэдээлэлтэй харьцуулахад нийт 110,0 сая бэлчээр нутгийн 57% эрүүл төлөв байдлаасаа талхагдан доройтсон ч үүний 90% байгалийн аясаар өөрөө нөхөн сэргэх чадвараа хадгалан үлдсэн байна.
Жилд унах хур тунадасны хэмжээ бага, ургамал ургах таатай хугацаа богино, үржил шимтэй өнгөн хөрс нимгэн, ёстой л хүүхдийн зулай шиг ийм эмзэг тогтоцтой учраас нэг доройтвол дахин сэргээх бараг боломжгүй сэргээлээ гэхэд маш их хөрөнгө мөнгө хугацаа орох учраас л бэлчээрийн байгалийн ургамлыг их ариг гамтай ашиглахыг ямагт чухалчилдаг байж.
Иймийн учир цаг агаарын онцлого, газрын гадарга, өвс ургамал, ус хужир, бууц хондны байдалд тохируулан малын төрлөөр жилд ашиглах бүх бэлчээрээ улирлаар хуваарилан нарийн ээлж дараатай ашигладаг байжээ. Аймаг, сумдын мөн хашир туршлагатай малчдын амьдрал практикаар нотлогдсон тэргүүн туршлага, санаачилга, дэвшилттэй арга ажиллагааг шинжлэх ухааны туршилт судалгаагаар баталгаажуулан нэгтгэн дүгнэж бэлчээрийг улирлаар энгийн хуваарьтай ашиглах үндсэн 5 зарчмыг боловсруулан мөрдөж байжээ. Бидэнд бичиж үлдээсэн энэ арга ухааныг л бодлого, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлээд заншвал бэлчээр нутгаа эрүүл соргогоор үр хүүхдэдээ үлдээж өгч чадна.
Бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглах уламжлалт зохион байгуулалт
Нэгдүгээр зарчим. Бэлчээрийг улирлаар энгийн хуваарьтай ашиглахын тулд түүнийг малчдын суурь, хэсэг, бригад нэг бүрд хуваарилан эзэнтэй болгоно. Энэ нь бэлчээрийн даацыг жигдрүүлж, ашиглалтыг сайжруулан өөриймсөг сэтгэлээр хандах нөхцөл бүрдэнэ.
Бригад буюу одоогийн багийн зөвлөл хашир сайн малчдыг оролцуулан бэлчээрийн сэлгээ зохион байгуулна. Суурь нэг бүр хаана ямар нэртэй нутагт өвөлжих, хаваржих, зусах, намаржих, хэдэн га талбай, улирлын бэлчээрийн зааг хаагуур байгаа зэргийг тодорхой мэдэж мөрдөнө. Бригад буюу багийн зөвлөл нь нутгийн газар зүйн байрлал, хотгор, гүдгэр, ургамлын бүрэлдэхүүн, ургац шимт чанар, бэлчээрийн бичил цаг уурын онцлог, усан хангамж, малын тоо, төрөл, нас хүйсийг харгалзан бэлчээрийг улирлаар хувааж өгдөг.
Түүнчлэн жил бүрийн зуншлагын байдлыг харгалзан бүх суурьт отор хийх нутгийг зааглан өгч өндөр уул, ойн цоорхойн бэлчээрийг зун-намрын оторт ашиглана. Ингэж ашиглахад өвөлжөө, хаваржааны нутаг үргэлж соргог, сэрмүүн ургамалтай байна.
Суурь бүр өвөл, хаврын бэлчээрийг алсын, ойрын, нөмөр, нөөц гэж нарийвчлан хуваарилж цаг агаар, малын байдалд тохируулан өдөр, сараар эрэмбэ дараатай ашиглах графикийн дагуу малаа бэлчээрлүүлнэ. Суурийн алсын бэлчээр нь өвөлжөө, хаваржаанаас 5-7км, ойрынх 2-3км, нөөц нь 3-5км-ийн зайтай байна.
Өвлийн эхэнд цасанд дарагдаж хүрч идэж чадахааргүй уулын хяр, ойн цоорхойн бэлчээрийг дагуулан хумисаар 12 дугаар сард өвөлжөөндөө бууна. Ойн бэлчээрийг модны ёроолоос эхлэн зөөлөн сэвсгэр цасанд дарагдсан ногоон сөлтэй өвс дагуулан өдөр өдрөөр ахиулан ашиглана. Малчид малаа байнга тогтоож хариулна. Мал ид төллөх үед морьтой хариулж, уул даваа ихтэй нутагтмал өвс ургамал сорчилж яван, гүйж ядрах, шинэ соргог бэлчээрийн ургамлыг дэмий талхлуулахаас болгоомжилно.
Мал сүргийг бэлчээрт цадтал идээшлүүлэхэд бэлчээрт хариулах цагийн хуваарь чухал болохыг харгалзан бригадын буюу багийн зөвлөл өдрийн дэглэмийг баталж хяналт тавьдаг. Жишээлбэл, хонио өвөл 9-17 цаг, хавар 9-19 цаг, зун 5-21 цаг, намар 7-19 цагт бэлчээрт хариулна. Малчдын сууриуд өөрийн хадлангийн талбайтай, түүнийгээ жил бүр услах, бордох, цас тогтоох зэргээр тордох арга хэмжээ авч, ургацыг хамгаалан хэрэгцээт өвсөө өөрсдөө бэлтгэдэг.
Хоёрдугаар зарчим. Улирлын бэлчээрийг малчдын хэсэг буюу сууриар хуваарилахдаа аль болохоор нэг чиглэлд, бусдынхаа нутгийг давтахааргүй, малчдын ахуй соёлын бүх үйлчилгээг төвлөрүүлэх боломжтой байхаар зохион байгуулна.
Гуравдугаар зарчим. Байгаль орчны бичил уур амьсгал (экологи)-ийн нөхцөлд улирлын бэлчээрийг зохицуулж сонгоно. Манай орны ихэнх нутаг тал хээр ч уул толгод хөндий, нүд алдам тал, говь хоолой хаана ч тааралдах бөгөөд газрын гадаргуугийн харилцан адилгүй байдлыг дагаж бичил уурь амьсгал үүснэ.
Шинжлэх ухааны үүднээс бүрэн судалж тогтоогоогүй ч нарийн ажиглалтыг хашир малчид эртнээс уламжлан эзэмшиж, цаг улирлын онцлогтой газар нутаг, өвс ургамал, ус, хужрын байдлыг нягт уялдуулан таван төрлийн малаа арчлан малладаг байжээ. Учир нь улирлын байдал нутаг усныхаа нөхцөлтэй зохицоогүй тохиолдолд мал сүрэг тарга тэвээрэг муу авах, үхэж хорогдох нь элбэг байдаг.
Тэр үеийн нэгэн сайн туршлагаас дурьдахад Увс аймгийн Сагил суманд хавар бог мал ид төллөхийн өмнө нүүдэл хийж, уулнаас нам, хотгор газарт бууж, улирлын бэлчээр солих үеийн бичил уур амьсгалыг энэ хариуцлагатай үетэй тохируулдаггүй байснаас төл их хорогддог байжээ.
Иймээс малчдын олон жилийн ажиглалтын явцад олж мэдсэн цас, шуурга, салхины хүч, чиг, хур тундас оролт, халуун хүйтний тогтворжилт зэрэг нутгийн бичил уур амьсгалын нөхцөлд мал маллагааны онцгой хариуцлагатай үеийг тааруулан улирлын бэлчээрийг сонгон “мал төллүүлэх бүс” байгуулж байжээ. “Мал төллүүлэх бүс”-ийг хавар цагт хамгийн өгөөжтэй газарт байгуулсан байна. Мал төллүүлдэг бүсийн бэлчээрийг зөвхөн хаврын улиралд ашиглаж бусад цагт чанд хамгаална.
Сумын хэмжээний төллөх малын 80% орчим 40 гаруй мянган төлийг 3 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын дунд үе хүртэл энд хүлээн авна. Мал төллүүлэх бүс нутаг нь төлийн штабтай. Төлийн штаб дээр өвсний хашаа, өвчтэй төл ба бог мал эмчлэн тэжээдэг байр, сууриудад тарааж өгдөг багсармал ба холимог тэжээл, дэвтээх бүхий байр ажиллуулдаг байжээ.
Мөн бэлчээрийг улирлаар энгийн хуваарьтай ашиглахын тулд дамжин өнгөрүүлэх цэг байгуулан ажиллууллана. Нэг улирлын бэлчээрээс нөгөөд шилжих, мал төллүүлэх, бүс, алсын отрын нутагт хүрэхийн тулд хол нүүх явдал гардаг. Иймд малчдыг тав тух алдуулахгүй, мал сүргийг ядрааж зутраахгүй, салхи, шуурга, хүйтэн бороо, цас зэрэгт осолдуулахгүй, ус, хужраар гачигдуулахгүй зохион байгуулж, нүүдлийг богино хугацаанд нэг зэрэг гүйцэтгэхийн тулд суманд дамжин өнгөрүүлэх цэг байгуулж амжилттай шийдвэрлэсэн байна.
Хамгийн эгзэгтэй газрын замд онцгой анхаарна. Сагил суманд гэхэд Далтын даваа юм. Энэ даваанд малчдад туслах групп гарч мал туухад тусалдаг байжээ. Нүүх ажил жил бүр 3 дугаар сарын эхний долоо хоногт багтдаг. Бүх бэлтгэлийг нүүдэл эхлэхээс 7 хоногын өмнө дуусгасан байна. Ингэж нүүдлийг зохион байгуулснаар тууврын замд мал зутрах, хорогдох явдлыг зогсоож, малчдыг тав тухтай нүүх боломжоор хангаж байжээ.
Дөрөвдүгээр зарчим. Бэлчээрийг давтагдахаас урьдчилан хамгаалж, түүнийг сэлгэж амраах бүх талын арга хэмжээг бодож боловсруулна. Бэлчээр нутгийг улирлаар зөв хуваарилаж, ачааллыг тохируулж чадлаа ч гэсэн олон жил дараалан нэг улиралд давтан ашиглахад ургамлын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж давтагдах хэлбэрт шилжинэ.
Бэлчээрийг сэлгэж ашигласнаас тэжээлийн чухал ургамлуудыг байгалийнх нь аясаар үржин, төлжих нөхцөлөөр хангаж, ургац, шимт чанарыг он удаан жил хадгалах боломжийг бүрдүүлнэ.
Бэлчээрийг жилд нь багтааж улирлаар ээлжлэн ашиглах аргыг сэлгээний бага эргэлт, улирлын бэлчээрийг жил юм уу хэд хэдэн жилээр хооронд нь сольж ашиглахыг сэлгээний их эргэлт гэж нэрлэнэ.
Сэлгээг зөв хэрэглэж давтагдалд орсон бэлчээрийг ч сэргээж, ургацыг сайжруулж байжээ. Малчдын улирлын бэлчээр, ялангуяа өвөл, хаврын бэлчээрийг дотор нь өдөр өдрөөр нарийн хуваарьтай ашигладаг аргыг хатуу баримталж, эхэлсэн, дууссан хэсгийг жил жилд нь тэмдэглэж, улирлын бэлчээрийг ээлжлэн сэлгэх боломж бүрдүүлдэг байв.
Тавдугаар зарчим. Улирлаар хуваарилан эзэмшүүлсэн бэлчээрийг хариуллагагүй мал, олон салаа зам гаргаж талбай сүйтгэхээс болон хортон мэрэгчдээс хамгаалах арга хэмжээ авна. Бэлчээрийг улирлаар хувааж малчдын суурь, хэсэг, бригадад эзэмшүүллээ ч гэсэн харуул хамгаалалтыг сайн зохион байгуулаагүй нөхцөлд тодорхой үр дүн гарахгүй.
Ялангуяа өвөлжөө, хаваржаа, мал төллүүлэх нутгийн өвс, ургамлыг хамгаалахад онцгой анхаардаг байжээ. Бэлчээр хамгаалах зорилгоор жилийн дөрвөн улиралд бэлчээрийг хамгаалах үүрэгтэй харуул, постуудыг байгуулна. Эдгээр пост, харуулууд малчдыг отор нүүдлээр явсан хойгуур алдуул сул мал өвөл, хаврын бэлчээрийг давтах, идэж сүйтгэхээс хамгаалдаг байжээ.
Ногоон Алт Төслийн хүрээнд малчдын дундын бэлчээрээ хамтаараа зүй зохистой ашиглах эдгээр уламжлалт сайн туршлагууд, зохион байгуулалтыг сэргээн дэмжих замаар хариуцлагатай ашиглалтыг нэвтрүүлж, бэлчээрээ хэт дордуулахгүй, байгалийн аясаар нөхөн сэргэх чадварын алдуулахгүй байхад нь тусалж дэмжсэн 15 жилийн ажлын үр дүнд малчид бэлчээр нутгаа ариг гамтай ашиглахын чухлыг ойлгон өдөр тутмын бэлчээр ашиглалтдаа мөрдөн ажилласны үр дүнд талхагдсан 5 сая бэлчээрийг сэргээж 20 гаруй сая бэлчээрийг байнгын сэлгэж амраан сэргээж чадлаа. Гэвчиг эдгээр сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд төрийн бодлого дэмжлэг үгүйлэгдсээр л байна.
Нийтлэлийг Судлаач Цээлэйгийн Энх-Амгалан