Хүн бүрт гар утаснаасаа мал аж ахуй эрхлэх, ашиг шимийг хүртэх боломжийг олгож буй “Малын худалдааны цахим зах” төслийн үйл ажиллагаа эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү төслийн давуу тал, хөрөнгө оруулалтын үр өгөөж, малчин түмний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлөх, хүн амын хүнсний хэрэглээнд эрүүл аюулгүй чанартай мах нийлүүлэх боломж хэрхэн бүрдсэн зэргийг “Өв мета маркет” ХХК-ны Гүйцэтгэх захирал, МБАНХ-ны Хоршооны зөвлөх Н.Баасанхүүтэй ярилцаж, тодруулсанаа хүргэж байна.
-Юуны өмнө Малын худалдааны онлайн захад хөрөнгө оруулах шалтгаан, ач холбогдолыг тодруулж өгөөч?
-Аливаа хөрөнгө оруулалт гэдэг хоёр талын ашиг сонирхол нэгдэж, харилцан ач холбогдолтой байх ёстой. Тиймээс хөрөнгө оруулж байгаа хүмүүс хөрөнгөө өсгөх, найдвартай байршуулах, өгөөж хүртэх гэсэн ач холбогдлыг нь эхэлж сонирхоно. Харин хөрөнгө хүлээж авч байгаа тал нь өөрт ашигтай байх зарчмыг баримталж байдаг.
-Хөрөнгө оруулагчийн хүртэх үр өгөөжийн талаар эхлээд тайлбарлаж өгч болох уу?
-Хөрөнгө оруулагч нь “Малын цахим худалдааны зах”-ын тухайн үеийн тогтоосон үнээр мал худалдаж авснаар хөрөнгөө өсгөх боломж нээгдэнэ. Дээр үед алтаар баталгааждаг байсан бол энэ төслийн хүрээнд хөрөнгө оруулагчийн мөнгө монгол малаар баталгаажиж байгаа хэрэг юм. Магадгүй та банкинд мөнгө хадгалуулахад 1.2-1.4 хувиар л өснө. 10 сая төгрөг хадгалууллаа гэхэд 1 сая гаран төгрөг л болно. Харин бидний эхлүүлсэн төсөлд хөрөнгө оруулвал 15-22 хувиар хөрөнгө тань өснө.
Тухайлбал, хөрөнгө оруулагч 100 хонь худалдан аваад малын үнэ өслөө гэхэд онлайнаар зараад ашгаа шууд авч болно. Эсвэл худалдаж авсан малаа малчинаар нь биш өөр хүнээр маллуулаад дараа нь зах зээлд шууд борлуулж болно. Түүнчлэн эрүүл соргог, үржил шимтэй бэлчээрт хариулагдсан, эмийн үлдэгдэлгүй гэдэг нь мал эмнэлгийн байгууллагаар баталгаажсан, чанартай махыг идэш хэлбэрээр бэлдүүлэн хүнсэндээ хэрэглэж болно. Хилийн чанадад байвал Монголдоо байгаа хайртай дотны хүмүүстээ идэш хэлбэрээр бэлтгүүлэн хаягаар нь хүргүүлэх зэрэг олон боломжийг бид нээж өгсөн. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг хэрэгжүүлэх ажлын явц нь хамтран ажилладаг төрийн байгууллагуудад байгаа дата мэдээлэл дээр суурилагдсан учраас гарал үүсэл, найдвартай байдал зэрэг нь бүрэн баталгаажсан.
-Тэгвэл өөрийн хөрөнгө болсон хонио “Малын худалдааны зах”-аар худалдаалж буй малчин хүний хүртэх үр өгөөж нь юу байх вэ?
-Өнөөдөр монгол малчдын өмнө хамгийн тулгамдсан асуудал бол хуримтлал. Эрсдэл тулгарвал түүнийг даван туулах мөнгөн хөрөнгөгүй байна. Тийм учраас өөрийн хөрөнгө болох хонио хөрөнгө оруулагчдад худалдаалж, орж ирсэн мөнгөнийхөө тодорхой хувийг нь тодорхой хүүтэйгээр байршуулах замаар мөнгөн хуримтлалын сантай болно. Ингэснээр аливаа байгалийн эрсдэл тохиох болон хувь хүнийхээ гэнэтийн асуудлыг шийдэх боломжтой болж байгаа нь манай төслийн гол ач холбогдол байх юм. Учир нь малчин хүний жилийн орлого нь голдуу хавар, намар хоёрт л байдаг бол бидэнтэй хамтран ажилласнаар жилийн дөрвөн улиралд санхүүгийн хувьд тогтвортой амьдрах боломж бүрдэнэ.
-Хуримтлалын санг хэрхэн бүрдүүлэх юм бол?
-Малчин хүн малаа зарсан мөнгөнийхөө 50 хувийг өөрийнхөө дутагдаж байгаа үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 50 хувийг нь хуримтлалын сандаа үлдээнэ. Тухайлбал, хөрөнгө оруулагч 10 сая төгрөгөөр малыг нь худалдан авсан бол түүний 50 хувь нь буюу 5 сая төгрөг нь малчиндаа шууд очино. Үлдсэн 50 хувийг нь 18 хувийн хүүтэйгээр “Хуримтлалын сан” дахь хадгаламжинд тухайн малчны нэр дээр жилийн 18 хувийн хүүтэй байршуулжарвижуулаад явна гэсэн үг. Энэ ажлыг том зургаар нь харах юм бол малчин хүн малаа малчны хотноосоо борлуулж, өөрийнхөө хөрөнгөөр өөрөө өөртөө ажлын байр бий болгосон хамгийн сайн загвар гэж болно.
Малчин хүнд хоёр сонголт байна. Нэгд, малчин хүн цахимаар хөрөнгө оруулагчид малаа шууд борлуулж түүнийг нь худалдан авсан тал өөрөө хариуцан өөр хүнээр маллуулах эсвэл хэрэглээндээ шууд авч болно. Хоёрт, хөрөнгө оруулагч худалдан авсан малаа тухайн малчны хотонд нь маллуулж, мал маллагааны хөлс, даатгал, мал эмнэлгийн үйлчилгээ зэргийг авна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч 15-22 хувийн өгөөж хүртэх зарчим үйлчилнэ. Мөн тодорхой хэмжээнд нэмэлт гэрээ хийж, 80 хувиар төл өгнө шүү, ирэх жил 100 хониноос 90 кг ноос өгнө шүү тохиролцоно. 100 хонь бүгд төлөллөө гэхэд 80 нь гэрээний дагуу хөрөнгө оруулагчийнх, 20 нь малчиндаа үлдэнэ.
Магадгүй огт малгүй байж “Би мал зарна” гээд хөрөнгө оруулагчаас мөнгө авах эрсдлээс урьдчилан сэргийлж мэдээллийн нэгдсэн систем дэх датаг үндэслэж, малчинтай хамтран ажиллах гэрээг байгуулна. Тухайлбал, малчин Дорж 500 малтай. Түүний 20 хувьд нь л гэрээ хийх тул мэдээллийн санд үндэслээд “За таньтай 100 хонины л гэрээ хийнэ. Цаана нь үлдэж байгаа нь 400 хонь нь баталгаа болно гэж гэрээлнэ. Одоогоор зөвхөн хонь борлуулж байна, цаашдаа бусад малыг хөрөнгө оруулагчдад санал болгохоор ажиллаж байна.
-Эрдслээс сэргийлэх баталгаа нь хамтрагч байгууллагууд гэлээ. Энэ талаар тодруулж өгвөл?
-МЭЕГ, ХХААХҮЯ, ХААБ, ХААИС, Орон нутгийн Засаг дарга, Махны холбоо, Үндэсний давхар даатгал, МБАНХ гээд олон талын хамтын ажиллагааны үр дүнд хийгдэх ажил учраас найдвартай, алсын хараатай, баталгаатай байдал нь хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах юм. Яагаад гэвэл НАМЭМ төслийн хүрээнд ШХА-ын санхүүжилтээр мал эмнэлэг, малчин, мал, бэлчээрийн төлөв байдал зэрэг олон мэдээллийг багтаасан дата бааз бий болсон. Салбар тус бүрт үүссэн мэдээллийн нэгдсэн санг ашиглан хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл ил тод байршуулна.
Төрийн байгууллагуудтай хамтарч, мэдээлэл ил тод байх нь бидний давуу тал. Мэдээллийн бааз суурь дээр үндэслэн хийгдэж байгаа ажил тул цоо шинэ үзэгдэл ч гэж болно. Төрийн үүрэг бол бодлогоор хангах. Бодлого нь тухайн малчин хүний амьдралын чанарыг сайжруулахад үйлчилж байх ёстой. Нөгөө талаар махаа олон улсад экспортлоход энэ баталгаа маань давуу тал болж, сул эргэлдэж байгаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Одоогоор 10-20 мянган малыг зах зээлд эргэлтэд оруулах асуудлыг ярьж байна. Удахгүй 100-200 мянган малыг эргэлтэд оруулвал төсөлд оролцогч талууд ашиг шимийг жинхэнэ утгаар нь хүртдэг болно.
-Эрүүл аюулгүй, баталгаатай, чанартай махыг хүнсэндээ хэрэглэх боломжтой гэдгийг илүү тодруулж өгөөч?
-Өнөөдөр зах дээрээс мах авахад хаанаас ирсэн бол, эрүүл аюулгүй байх баталгаа байгаа болов уу, хурдан таргалуулах гээд ивомек шахсан болов уу, эмийн үлдэгдэл байгаа болов уу гэсэн бөөн асуулт. Хариулт нь тодорхойгүй ч худалдан авалт хийсээр ирлээ. Малчин хүн мөнгөгүй боллоо гээд бэлчээр дээрээс малаа нядлаад машиндаа ачаад ямар ч эрүүл ахуйн баталгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгщүй нөхцөлд мах бэлтгээд зараад байна.
Жилийн дөрвөн улиралд малаа дагаж, халуунд халж, хүйтэнд хөрч яваа малчин хүний амьдралын чанар сайжруулах гол арга нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах тул буруутгах аргагүй. Түүнчлэн ченжээр дамжуулагддаг махыг хэрэглэгч хүлээн авахад гарал үүсэл нь тодорхой биш байгаа. Үнэндээ мал, махаа зах зээлд борлуулах зөв суваг Монгол Улсад алга. Үр дүнд нь ХСҮТ-өөр дүүрэн өвчтэй, өвдсөн хүмүүс байна. Хүний ам руугаа хийж байгаа бүхэн элдэв өвчний шалтгаан байдаг. Магадгүй баталгаагүй махны хэрэглээ хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Тэгвэл манай төслийн хувьд эрүүл аюулгүй байдлыг нь хангасан, мал эмнэлгийн үйлчилгээ хийсэн, эмийн үлдэгдэлгүй махыг зах зээлд нийлүүлэх юм. Жишээ нь, хүн цамц авахдаа ямар материалтай, хаана хийсэн гэдгийг асууж мэдэж байж өөрт тохирсон, таалагдсанаа худалдан авдаг. Гэтэл хамгийн чухал хүнс болсон мах худалдан авахдаа тэгж чадахгүй байна. Хүний бие лаборатори биш. Эцсийн лаборатори нь хүний бие өөрөө болж, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж эрүүл, аюулгүй мах хэрэглэх боломжийг бид олгож байна.
-Баярлалаа. Та бүхний зорьсон ажилд өндөр амжилтыг хүсье.
П.Нарандэлгэр