Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжсэнээр төвлөрсөн орлогыг МАА-н үйлдвэрлэлд зарцуулах боломж бүрдсэн

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд /2023.09.08/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн  багийнхан, Судалгаа хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болон төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн  56 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцов.

Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулахаас гадна бэлчээрийн төлөв байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүд, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 онд баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон ч татварын хэмжээг харилцан адилгүй тогтоож, бүр албан татвараас чөлөөлж байгаа нь орон нутгийн мал аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа юм.

Тухайн төрлийн малаас авах татварыг их ялгаатай тогтоох нь ижил орлогоос ижил татвар авах зарчимд үл нийцэхээс гадна татвар өндөр сумдаас татвар бага сумд руу малын шилжих хөдөлгөөн явагдаж, бэлчээрийн даац хэтрэлт, цаашлаад нийгмийн үйлчилгээний ачааллыг хүндрүүлэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал, Албан татварын хэмжээг багаар тогтоосноор малын тоо өсөх, бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэж, улмаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, ургамлын гарц буурч, малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.

Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон юм.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, төвлөрсөн хөрөнгийг малчин, мал бүхий этгээд өөрсдийн саналын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулдаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болж байгаа бөгөөд малчид малтай байсныхаа төлөө татвар төлөх үүрэгтэй, тэгснээрээ бэлчээрээ зохистой ашиглах, малаа эрсдэлээс хамгаалах зэрэг бусад боломж бүрдэнэ гэдгийг ойлгох болсон байна. Мөн малын тоо толгойг өсгөхөд бус, малын чанар, эдийн засгийн үр өгөөжид анхаарч, төвлөрсөн татварыг үр дүнтэй зарцуулахад хяналт тавьж байгааг оролцогчид онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж гаргахаас гадна оролцогчдоо гаргасан саналыг нэгтгэн дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт болгон оруулах хүсэлтийг УИХ-д өргөн барихаар боллоо. Хэлэлцүүлэг үдээс хойш “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтаар үргэлжилсэн  юм. 

П.Нарандэлгэр