Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг 5 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг” –т 7-р сарын 20, 21- ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хөвсгөл аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж боловсруулан гаргасан “Аялал жуулчлалын менежментийг сайжруулах, нэрлэсэн жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг оруулсан юм.
Энэ жилийн “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Жинст Мөрөн ХХК ажиллаж байгаа юм.
Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан. Сумын малчин өрхийн орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй бүтээгдэхүүн эзэлдэг.
Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж, гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг евент арга хэмжээ болон өргөжсөн билээ.