Б.Саранчимэг: Бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай

НҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран (2023.06.15 ) Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгуулсан юм. Форум “Бэлчээрийн талхагдал: Монгол орны унаган экосистемийн үйлчилгээний алдагдал” сэдвийн хүрээнд өрнөсөн билээ. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Цөлжилттэй тэмцэх бүлэг болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат,  нар оролцсон юм.

Форумын үеэр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах чухал байна. Эрдэмтдийн судалж тогтоосноор дэлхийн хуурай газрын 3/1 хувийг эзэлдэг хуурай, хуурайвтар бүс нутгуудад цөлжилт, газрын доройтол их явагдаж байгаа бөгөөд бэлчээрийн газрын экосистемийн үр нөлөөг судалсан судалгаатай танилцаж, Монгол орны экосистемийн өнөөгийн байдлын талаар ярилцаж байна.

2005 онд НҮБ-аас Мянганы экосистемийн үнэлгээний хөтөлбөр хэрэгжиж хүрээлэн буй байгаль орчин, хүн төрөлхтнийг оршин тогтноход үзүүлдэг ханган нийлүүлэх, зохицуулах, соёлын болон дэмжих чиглэлийн үндсэн үйлчилгээг тодорхойлсон. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тухай хуулийг өргөн барихад тусад нь бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг бүлэг болгон оруулсан. Энэ асуудалд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо идэвхтэй оролцож байна.

Бэлчээр ашиглалтыг энэ хэвээр нь байлгавал 10 жилийн дараа ямар болох вэ. Тиймээс бэлчээрийг нийтээр ашиглах өнөөгийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай энэ үед энэхүү форум зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна гэлээ. Бэлчээрийн доройтлын 49 хувийг хүний буруутай үйл ажиллагаа, 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гэж судлаачид үздэг аж.  Уламжлалт өв соёлыг хадгалахын зэрэгцээ бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалах, сайжруулахтай холбоотой харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох, бэлчээрийн доройтол цөлжилтийг бууруулах зэрэг асуудлууд чухал юм” гэдгийг онцоллоо.

П.Нарандэлгэр