"Бэлчээрийн үндэсний форум" өнөөдөр Төрийн ордонд боллоо./06.15/
Тус форумыг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд зохион байгуулсан юм.
Энэ үеэр “Тал хээрийн эко систем-хүн амын амьжиргааны эх үүсвэр, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн бааз суурь болох нь” сэдэвт илтгэлийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа танилцуулав.
Тэрбээр "Ойт хээр, цөлөрхөг хээр, хуурай хээр, нугын хээр нутгийг тал хээрт хамруулж байна. Энэ бүгд нийлээд Монгол орны газар нутгийн 80 орчим хувийг эзэлдэг.
Манай улсын нийт малчин өрхийн 94.4 хувь нь дунд бүс нутгуудад оршиж байна. Энэ бүс нутгаас малын гаралтай нийт бүтээгдэхүүний 91 хувь нь бэлтгэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ойт хээр, цөлөрхөг хээр, тал хээрийн бүс нь хөдөө аж ахуйн салбарын ихэнх бүтээгдэхүүнийг бий болгож буй.
Гэхдээ эдгээр бүс нутагт амьдарч байгаа малчдад маш олон асуудал тулгарч байна. Ихэнх нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн. Үүнийг дагаад малын тэжээлийн ургамлуудын идэмж буурсан. Идэмж буурснаар мал давжаа болсон.
Мал давжаарснаар өвчлөмтгий болж байна. Түүнийг дагаад эмийн зохисгүй хэрэглээ малчдын дунд тархаж байгаа юм. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүний чанар доройтох асуудал үүссэн. Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй олон асуудал Монгол орны хөдөө аж ахуйд бий болжээ" хэмээн ярилаа.
Мөн "Дэлхий нийтийн чиг хандлага байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, хариуцлагатай, ёс зүйтэй, эргэн мөшгөх боломжтой, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн рүү чиглэж байна. Ийм бүтээгдэхүүнд хэдэн төгрөг ч хамаагүй илүү төлөх систем бий болжээ.
Сүүлийн жилүүдэд мах, арьс, шир гэх мэтчилэн малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад руу гаргахад тодорхой шаардлагууд тавигдаж байна. Тэгвэл Монгол оронд бэлчээрийн мал аж ахуйд таарсан стандарт бий юу хэмээх асуултыг дэвшүүлж судалсан.
Улмаар ХХААХҮЯ 2020 онд "Хариуцлагатай нүүдэлчин, бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадал" гэх үндэсний хэмжээний стандартыг баталсан. Энэхүү стандарт нь мал, аж ахуйн системийн таван үндсэн хэсгийг агуулж байгаагаар онцлогтой.
- Бэлчээрийн менежмент
- Малын тэжээллэг, арчилгаа, маллагаанд тавигдах шаардлага
- Малын эрүүл мэндэд тавигдах шаардлага
- Малын нөхөн үйлдвэрлэл, үржүүлэг, селекцэд тавигдах шаардлага
- Малын гаралтай түүхий эд, бэлтгэлд тавих шаардлага
Үүнээс өөр олон стандарт бий. Гэхдээ мал, аж ахуйн салбарыг цогцоор нь харж байгаа стандарт одоогоор Монгол оронд ганцхан байгаа" гэдгийг илтгэлийнхээ үеэр дурдав.
"Хөдөө орон нутагт таван оюутан илгээлтийн эзнээр ажиллаж байна"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хариуцлагатай нүүдэлчид МАА-н зохистой дадал стандартыг нэвтрүүлэхдээ:
Малын эрүүл мэнд үзлэг тарилгыг сар сард нь хийлгэнэ.
Малын үржил селекц хамгийн хүнд асуудал. Иймд сүргийн ангилан ялгалт, ангилан тэмдэгжүүлэлт чухал.
Малын гаралтай бүтээгдэхүүний ангилан ялгалт. Махаа борлуулах гэж байгаа бол хэрхэн анхаарах ёстой, ноолуураа борлуулах гэж байгаа бол яах ёстой зэрэгт нэвтрүүлэлт хийх нь зүйтэй. Энэ нь бэлчээр ашиглалтын холбоо дангаар хийдэг ажил биш болсон. Өөрөөр хэлбэл ХААИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтарч байна.
Хөдөө дан ганц сургалт, ангилан ялгалт хийгээд орхихгүй. Тухайн суманд илгээлтийн эзэд гэж оюутнуудыг ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар таван оюутан хөдөө орон нутагт ажиллаж байна. Сонгогдсон сумын айл өрхүүдээр орж, малын тарилга туулгыг хийлгэхийг сануулах юм. Тэд хариуцлагатай нүүдэлчний нэвтрүүлэлтийн ажил хийж байгаа юм. Одоогийн байдлаар бид 10 суманд нэвтрүүлэлтийн ажил хийж байна.
Дүгнэж хэлэхэд "Хариуцлагатай нүүдэлчин стандарт"-ыг нэвтрүүлснээр бэлчээр тодорхой хэмжээгээр сайжирч байгаа. Энэхүү стандартыг бий болгосноор малчдын орлого 10-20 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна гэдгийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа хэллээ.
Эх сурвалж: ikon.mn