“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарсан Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” бүсчилсэн хэлэлцүүлгийг  өнөөдөр /2023.04.17/ Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд зүүн бүсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

 Aймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат бүсчилсэн хэлэлцүүлгийн талаар оролцогчдод  мэдээлэл өгч, мал аж ахуй, бэлчээр ашиглалтын талаарх хууль эрх зүйн зохицуулалт, Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр “Амьдралд хэрэгждэг хууль батлах ёстой. Иймд хуулийн төсөлд иргэдийн саналыг сонсч, тал талаасаа хэлэлцэж хуулийн төслийг боловсруулах ёстой. Бэлчээрийн тухай хуульд 3 иргэний 1 нь хамааралтай, том тойргоороо бүх иргэнд хамааралтай учраас нухацтай хэлэлцэх шаардлагатай. Иймд бэлчээр ашиглалтыг сайжруулах, бэлчээр хамгаалалтын эрх зүйн орчныг бий болгохоор хуулийн төслийг боловсруулж байна.  Бэлчээрийн доройтол ихсээд байхад малын тоо толгой 80 саяд хүрч байгаа нь цаашид хүнд нөхцөл бий болгохоор байна. Цөлжилтийг хязгаарлах чиглэлд цөөнгүй заалтыг хуулийн төсөлд тусгасан. Судалгаагаар бэлчээрийг сэлгэх, хамгаалах байдлаар сэргээх боломж байгааг харуулсан байна. Мал аж ахуйг тооноос чанарт анхаарах цаг болсон байна. Бэлчээрийн даац 5-10 дахин буурсан. Хангайн бүсийн ургамлын тоо 2 дахин буурсан. Сүүлийн 10 гаруй жилд 887, 2096 булаг, шанд, 1166 нуур ширгэсэн байна. Хуульд өөрчлөлт оруулах байдлаар  бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулахаар боловсруулсан. Бэлчээрийг ангилж, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бүс нутаг, нийтээр ашиглах бэлчээр гэсэн ангилал бий болно” гэхчлэн хуулийн төслийг танилцууллаа.  

 

Хэлэлцүүлэгт оролцогчдод “Бэлчээрийн доройтол ба сэргэлт” сэдвээр Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Монгол Улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол 109 га болж буурсан. Доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх чиглэлд орон нутгийг бүсчилж авч үзээд Бэлчээр ашиглалтын гэрээг нэвтрүүлж үзсэн байна. Нийт бэлчээрийн 65 хувь доройтож, 12  хувь нь эргэж сэргэхгүйгээр доройтсон байна. Хэрэв бэлчээр сэлгэлт хийж, өнжүүлж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Бэлчээр доройтсноос үүдэн төв, говийн бүс нутгийн малын жин жилээс жилд буурч байгааг судлаач онцоллоо.

Хэлэлцүүлэг оролцогчдын асуулт, хариултаар үргэлжиллээ.

Дорнод аймгийн Матад сумын  Буян-Өндөр багийн иргэн, аймгийн аварга малчин Д.Баатар:

-Бэлчээр зохицуулах хууль батлах шаардлагатай байна. Төр оролцож шийдвэрлэхгүй бол малчид хоорондын маргаан их байна. Отрын маш олон адуу шахаад оруулж ирдэг. Мах үнэгүй байна. Өвс ургамал доройтож байна. Отрын мянга мянган мал орж ирж байна. Бид яаж зохицуулах вэ?

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Р.Жаргалсайхан:

 -Бэлчээр ашиглалтын гэрээг хэн хийх вэ. Гэрээг тодорхой болгох хэрэгтэй. Аймгийн төвд ойрхон малтай иргэдэд бэлчээрийн асуудал хүндрэлтэй байдаг. Үүнийг зохицуулмаар байна. Хадлангийн нөөц газрыг тодорхой болгоод зааглаж өгмөөр байна. Бэлчээр ашиглах гэрээ байгуулахаар хувийн газар шиг ааш ариншин гаргадаг.

-Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Энх-Амгалан:

-Хууль гаргах шаардлага байна. Аливаа бэлчээрийг сайжруулахад орон нутаг, баг хороогоор хэлэлцүүлэх хэрэгтэй. Отрын бүс нутгийг тодорхой болгохгүй бол тухайн аймгийн отрын бүсэд өөр аймгийнхан ирж оторлоно.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантийн хоолойн багийн Засаг дарга  Ганболд:

-Гадны аймаг, сум, хотоос олон малтай айлууд ороод ирдэг. Ингээд хэл үг хэлэхээр тухайн суманд шилжчихдэг. Үүнийг хуулийн төсөлд яаж тусгах вэ. Эхлээд цөөн малтай ирээд, хавар мал төллөх болоход 3000 малтай болчихдог.

Хэнтий аймгийн Дэлгэртхаан сумын газрын даамал Батзориг:

-Бэлчээрийн газрыг багт нь эзэмшүүлэх хэрэгтэй байна. Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлэх юм бол орон зайг тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Сүхбаатар сумын Асгат сумын ИТХ-ын дарга

-Бэлчээр сайжруулья гэхээр иргэд зөвшөөрдөггүй. Ер нь байгаль орчны асуудлыг сайжруулья гэхээр байгаль орчны ажилтан нь нутгийн иргэн байдаг.  Малчид үгэнд ордоггүй. Бас бэлчээр сайжруулахад хөрөнгө хэрэгтэй. Хуулийн төслийн 52.4 дүгээр заалтад ИТХ-ын төлөөлөгчийн хурлын шийдвэрээр гэрээг батлана гэж оруулмаар байна. Адууныхаа зүсийг танихгүй байж алдарт уяач болчихоод адуу малаа хүнд бэлэглээд бэлчээр талахлаад аймаг дамжаад яваад байдаг хөрөнгөтнүүд байна. Царцаа гэж хэлж байгаа юм. Аварга, сайн малчдын болзлыг сайжруулмаар байна. Малынхаа ашиг шимийг хэрхэн сайжруулсан эсэх, байгаль орчинд ээлтэй юу хийсэн зэргийг анхаармаар байна. 

Эрдэнэцагаан сумын малчин Жамбалжамц:

-Мал мах үнэтэй байвал малын тоо буурна. Бэлчээр ч сайжирна. Төрөөс малчдад анхаарч байгаа юм байхгүй. Гэтэл малын тоогоо бууруул гэж хэлж байгаа нь өрөөсгөл ойлголт.  Малчид малаараа л амьдарна. Салбарын яам бас сайн ажилламаар байна. Хийж хэрэгжүүлж байгаа юм алга байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн С.Амартайван:

-Хэт олон мал, зохисгүй уул уурхай бэлчээрийг талхалж байгаа. Хонгорын голын эхэнд уурхай худаг гаргаад гүний усыг ашиггүй урсгаж, орчны бэлчээрийг талхалж байна.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг дарга Амармөрөн:

-Адуутай уяачид бэлчээр талхалж байна. Мөрөн сум өнгөрсөн жил хадлангийн талбайн тал хувийг уяачид талхалчихаад яваад өгсөн. Том машинтай морио дагаж давхиад хэдэн салаа  зам гаргачихдаг.

Эх сурвалж: “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” зүүн бүсийн хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо (newspress.mn)