МАЛЧДЫН ОРОЛЦООТОЙ БҮЛЭГ, НӨХӨРЛӨЛ, ХОРШООДЫН ТООЛЛОГО ХИЙЖ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЗҮҮН АЙМГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь 2022 оны 5-11 дүгээр сард “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь”  (АДАПТ) төсөлтэй “Дорнод, Сүхбаатар аймгийн ус, ой, газрын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчдын оролцоотой байгууллагыг бэхжүүлэх, хамтын менежментийн гэрээг боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, дараах үр дүн бүхий ажлуудыг гүйцэтгэсэн байна .

Үр дүн 1. Дорнод аймгийн 14, Сүхбаатар аймгийн 13, нийт 2 аймгийн 27 сумын хэмжээнд ус, ой, газар (хадлан, бэлчээр)-ын нөөцийн зохистой ашиглалт, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлэг, нөхөрлөл, хоршооны тооллого, бүртгэл хийж, бүртгэлийн мэдээллийн санг шинэчлэн гаргасан. Үүнд:

Дорнод аймгийн   9 суманд 2427 малчин өрхийн оролцоотой бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 123 бүлэг,  7 суманд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 нөхөрлөл,   13 суманд  малчдын оролцоотой хөдөө аж ахуйн чиглэлийн 54 хоршоо тоологдож бүртгэгдсэн байна.

Сүхбаатар  аймгийн   8 суманд 1465 малчин өрхийн оролцоотой, бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 43 бүлэг,  4 суманд байгаль орчин, бэлчээрийн чиглэлийн 5 нөхөрлөл, 11 суманд хөдөө аж ахуйн чиглэлийн 33 хоршоо тоологдож бүртгэгдсэн байна.

Үр дүн 2. Зорилтот хоёр аймгийн сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй малчдын оролцоотой бүлэг, нөхөрлөл, хоршоодын ус, ой, газар  (хадлан, бэлчээр)-ын нөөцийн ашиглалтын гэрээний хэрэгжилт, тулгамдсан асуудлыг судлан үзэж гэрээний шинэчилсэн загварыг боловсруулах, хэлэлцүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Үүнд:

Малчдын оролцоотой бүлэг, нөхөрлөлийн ус, ой, хадлан, бэлчээрийн газрын нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгааллын үйл ажиллагааны биелэлт, гэрээний хэрэгжилтэд судалгаа, үнэлгээ хийж, түүнд үндэслэн “нөхөрлөлд ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх гэрээ”, “худаг эзэмшүүлэх гэрээ”, “бэлчээр ашиглалт, хамгаалалтын гэрээ”-ийн загварыг шинэчлэн боловсруулан улмаар зорилтот хоёр аймгийн холбогдох мэргэжлийн байгууллага, сумдын Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөлд танилцуулж хэлэлцүүлэх, санал авах ажлыг зохион байгуулан ажилласан. Мөн гэрээ байгуулах үйл ажиллагаатай хамаарал бүхий хууль тогтоомжийг судлан, холбогдох эрх зүйн хэм хэмжээг баримтлан баримт бичгийг цогцоор нь боловсруулах нь ач холбогдолтой гэж үзэж, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарах албажуулах эрх зүйн баримт бичгүүдийн төслийг хамтад нь боловсруулан зөвлөмж болгон төслийн нэгжид хүлээлгэн өгсөн байна.

Үр дүн 3. Гэрээний шинэчилсэн загварын дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн “Хөөврийн булаг” орчмын 18 малчин өрх, Түвшинширээ сумын 3 дугаар багийн “Замтын булаг” орчмын 20 малчин өрхийг тус тус хамруулсан бэлчээр ашиглагч хоёр малчдын бүлгийг шинээр байгуулах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлж, энэ чиглэлээр сум, багийн удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөл оролцсон сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллажээ.