Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Тэрбээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан Е-монголиа цахим системд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой 76 төрлийн үйлчилгээг байршуулсныг хэлээд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 суман дахь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх мэдээлэл үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэл нэгдсэн системд бүртгэгдэх хяналттай, хариуцлагатай тогтолцоог бий болгох зорилготой ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн салбарын хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, систем хөгжүүлэлтийг сайжруулах, цахим төслийн санхүүжилттэй холбоотой анхаарах асуудлууд байгааг хэлсэн юм.
Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх цахим шилжилтийн талаар мөн танилцууллаа. Тэрбээр мал аж ахуйн болон газар тариалангийн цахим систем, төрийн мэдээллийн сүлжээ, жижиг, дунд үйлдвэрийн цахим систем, урамшууллын систем, тоон мэдээллийн нэгдсэн систем /dashboard/-ыг хөгжүүлэн ажиллаж байгааг хэллээ.
“Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн системд 18 аймгийн 156 сумын бэлчээр ашиглагчдын холбооны мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 82 түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл нэгтгэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн болох зорилт амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүртгэл, мэдээллийг тодорхой болгосноор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой хэмээлээ. Төр нь стандарт, дүрэм журам, хяналтыг тогтоон, хувийн хэвшлийн компаниуд хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийн чанарт анхаарч ажиллавал үр дүнд хүрэх боломжтойг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх цахим шилжилтэд тулгарч буй асуудалд Инноваци, цахим бодлогын байнгын хороо анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.