Архангай аймгийн Ихтамир суманд /2022.09.15-16/ зохион байгуулагдсан Бэлчээрийн үндэсний V дугаар форумын үеэр ХААИС-ын Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Хадлан тэжээлийн нөөц, чанарыг нэмэгдүүлсэн арга туршлага, Бог малын цөм сүрэг бүрдүүлж ажиллаж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм.
ХААИС-ын Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн Доктор, дэд профессор Б.Баасанжалбуу хэлэхдээ “Архангай аймгийн Ихтамир суманд ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн багш, судлаачид, тус сумын малчдын бүлгийн ахлагчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд хамтран “Ихтамирын итгэл” Үржүүлэг технологийн нэгжийг хоршоо хэлбэрээр байгуулж, 2019 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэхүү хоршоог БАХ-ийн ахлагчид, мэргэжилтнүүдийн хамтарсан гишүүнчлэлтэйгээр байгуулж, Ихтамир сумын малын чанарыг сайжруулах, тэжээлийн чанар хангамжийг нэмэгдүүлэх, малчид, аж ахуй нэгжүүдийн сургалт зөвөлгөөгөөр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Малын ашиг шим, үржлийн чанар сайжруулах чиглэлээр 2019-2022 онд Ихтамир сумын бог малын чанар, ашиг шимийг сайжруулах ажлын хүрээнд тус сумын 9000 толгой хонинд үзлэг ангилалт хийж, Цагаан уул үүлдрийн шилмэл хээлтүүлэгчээр орон нутгийн малчдад үйлчилгээ үзүүлж цөм сүргийн 16 малчин өрхөөс өсвөр хээлтүүлэгч бэлтгэж байна.
Тус сумын ХААТ-ийн мэргэжилтэн болон малчдад малын тоог бэлчээрийн даацад тохируулах, сүргийн эргэлтийн тооцооллын талаар сургалт, зөвөлгөө өгч хамтран ажиллаж байна.
Тэжээлийн нөөц чанар хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ХААИС, Ногоон алт - Малын эрүүл мэнд төслийн “Бэлчээр ашиглагчдын хэсэгт суурилсан МАА-н менежмент” дэд төслийн дэмжлэгтэйгээр МААЭШХ-ийн Архангай аймаг дахь салбар, ХААИС, багш, судлаачид, оюутнуудтай хамтран орон нутагт хадлан тэжээл бэлтгэх, дарш хийх үзүүлэх сургалтыг зохион байгуулах, хадлангийн талбай тордож сайжруулах, орон нутгийн нөөцүүдийг ашиглан чанартай холимог тэжээл, тэжээлийн түүхий эдүүдийг зохистой харьцаагаар хольж даршлан шингэц, шимт чанарыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Малын тоо толгойг бууруулах, өсвөр малыг махан эрт борлуулах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ногоон Алт-Малын Эрүүл мэнд төслийн “БАХ-т суурилсан МАА-н тогтвортой менежмент” дэд төслийн багийнхнаас зөвөлгөө авч, “Сайн туршлага нэвтрүүлэх” гэрээт ажлыг Ихтамир сумын Иххужирт, Хүнүйн гол, Хонгор овоо БАХ-үүдэд хэрэгжүүлж байна. Тус гэрээт ажлын хүрээнд Хүнүйн гол, Иххужирт БАХ-үүдийн 20 гаруй малчин өрхүүдийн суурьт 654 хургыг төөнүүрийн аргаар хөнгөлж, мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж суурилан оторлон таргалуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус гэрээт ажлын хүрээнд хамрагдсан малчин өрхүүдийн сүргийн эргэлтийн төлөвлөлтийг 3 жилээр боловсруулан танилцуулсан.
Иххужирт БАХ-ийн малчидтай хамтран бууцны хөлд ногоон тэжээл, хөх тариа тарих, хадлангийн талбай хаших ажлыг хийж ногоон конвейр байгуулав. Хонгор овоо БАХ-ийн малчид 1га талбайд ногоон тэжээл, Хүнүйн гол БАХ-ийн малчид 3га хадлангийн талбай хашиж сайжруулах ажлыг тус тус хийгээд байгаа” хэмээн мэдээлэл өгсөн юм.
“Ихтамирын итгэл” ҮТН, хоршооны бүрэлдэхүүн
№ |
Төслийн багийн гишүүд |
Зэрэг цол |
Ажил, мэргэжил |
1 |
Д.Бат-Эрдэнэ |
Бакалавр |
ҮТН-ийн захирал, малзүйч |
2 |
Г.Чулуунбат |
доктор |
Гүйцэтгэх захирал, малзүйч |
3 |
Б.Баасанжалбуу |
доктор, дэд профессор |
Хяналтын зөвлөлийн дарга, малзүйч |
4 |
Ш.Оюунжаргал |
Магистр |
малзүйч |
5 |
Л. Отгонтуяа |
Магистр |
ургамалзүйч |
6 |
П.Даваасамбуу |
Магистр |
малзүйч |
7 |
Х.Алтантуяа |
- |
Хөхнуур БАХ-ийн ахлагч |
8 |
Т.Оюунцэцэг |
- |
Иххужирт БАХ-ийн ахлагч |
9 |
Д.Ганхуяг |
- |
Алтансандал БАХ-ийн ахлагч |