Бэлчээрийн үндэсний V дугаар форумаас гаргасан зөвлөмж

Архангай аймгийн Ихтамир суманд 2022 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртөгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” бэлчээрийн үндэсний V дугаар форумд 18 аймгийн малчид, малчдын хэсэг бүлгийн төлөөлөл, аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 190 гаруй хүн оролцож дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, ХАА-н асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад:

  1. Нэг нутаг усны малчдын хамтын үүсгэл санаачлагаар бий болсон хэсэг бүлэг, нөхөрлөл, хоршоо гэсэн малчны өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөх, бүс нутгийн болон нутгийн иргэдийн онцлогт тохирсон эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  2. Тал хээрийн экосистемийг хамгаалж, нүүдлийн соёл иргэншлийн өв, ондоошлыг тээж яваа нутгийн уугуул иргэдийн нөөц ашиглах эдэлбэрийн эрхийг баталгаажуулах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  3. УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай ерөнхий хуулийн төсөлд МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын үндэс болсон бэлчээрийн эдэлбэр газрыг ашиглуулах, урт хугацааны нөхцөлт гэрээгээр ашиглахтай холбоотой харилцааны зохицуулалт орхигдож, нутгийн уугуул малчдын жам ёсны эрх зөрчигдөж байгаад анхаарал хандуулж эрхийн зөрчлийг нь арилгах,
  4. Малын тоо толгойн албан татварын орлогын төвлөрүүлэлт, түүний хуваарилалт нь ОНХС-ийн журмаар зохицуулж байгаагаас зориулалтын бус байдлаар зарцуулах асуудал орон нутагт үүсэж байгаа тул бүс нутгийн онцлогт тохирсон тухайлсан журамтай болгох, зарцуулалтын хуваарилалт дээр эрхийн зохицуулалтыг бий болгох,
  5. Татварын ерөнхий хуульд малын тоо толгойн албан татварын орлогын зарцуулалттай холбоотой /тавиул малын татварын ялгаатай байдал, дүйцүүлэх татвар, тухайн орон нутгийн төсөвт тавиул малын татварын орлогыг төвлөрүүлэх г.м/ нэмэлт,  өөрчлөлт оруулах асуудалд анхаарах
  6. Малын тоо толгойн албан татварын орлогын зарцуулалтын ангилал хэт өргөн хүрээтэй байгааг багасгах, усалгаатай газар тариалан, малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг зардлын зориулалтыг хасч малчдын үйл ажиллагааны эрсдэлийн сан бүрдүүлэх ангиллыг нэмж оруулах, тухайн зардлуудад хувь тэнцүүлсэн хязгаар тогтоох,
  7. Малын тоо толгойн албан татварын хэмжээг баг, сум, аймаг бүрт харилцан адилгүй тогтоож байгаа нь хөрш зэргэлдээ орших болон отор нүүдэл хийж хийж байгаа малчдын дунд маргаан үүсгэж байгаа нөхцөл байдалд хяналт тавьж, зохистой шийдэл, оновчтой зохицуулалт хийх,
  8. Малын тоо толгойн өсөлтийг бэлчээрийн даацтай уялдуулан бууруулах, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, үржлийн алба, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээг дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэх төрийн бодлогыг тодорхой болгох, сум, аймаг, улсын тэргүүний аварга малчныг шалгаруулах шалгуурт өөрчлөлт, нэмэлт оруулах
  9. Малын гаралтай түүхий эдийн чанар, үнэлэмж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, малчнаас шууд малыг үйлдвэрт нийлүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх, Хариуцлагатай нүүдэлчин тогтолцоо, баталгаажуулалтаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргах боломжийг нээх,
  10. Тогтвортой ногоон үйлдвэрлэл, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах чиглэлээрх малчны өөрөө удирдах байгууллагын аливаа шинэлэг санаачлага,  тэргүүний туршлагыг хөхүүлэн дэмжих, олны хүртээл болгох, тэргүүний бүлэг, хэсэг, БАХ, СБАХ, АБАХ-ын хамтын менежментийг үнэлэх, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх,

 

Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга нарт:

  1. Малчдын орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацыг тохируулах,  малчдыг хариуцлагажуулах, орон нутгийн онцлогт тохирсон бэлчээр ашиглалтын журмыг баталж хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих
  2. Бэлчээрээ хамтдаа ашиглаж ирсэн уламжлалаараа зохион байгуулагдсан малчдын хэсэг бүлэгт бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, хэрэгжилтийг жил бүр дүгнэх ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  3. Орон нутаг дахь холбогдох мэргэжилтнүүдийг тасралтгүй чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн бүрдүүлэхэд анхаарах,
  4. Малчдын өөрсдийнх нь үүсгэл санаачлагаар бий болсон малчдын өөрөө удирдах байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ (СБАХ)-ыг дэмжиж, үйл ажиллагааг нь бэхжүүлэх
  5. Бэлчээрийн төлөв байдлыг тогтвортой хадгалах, сайжруулах зохистой дадал, шийдэл нэвтрүүлэн ажиллаж буй малчид, малчны байгууллагат татвар, нийгмийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх,
  6. Сум, багийн засаг дарга нар болон бэлчээрийн төлөв байдлын түвшин, хөдлөл зүйг үндэслэн урамшуулах, хариуцлага хүлээлгэдэг байх,

 

Малчны өөрөө удирдах байгууллагын оролцогч талуудад:

  1. Эдэлбэр газрын жам ёсны эрхээ баталгаажуулах, хамгаалах, эрх ашиг хөндөгдөж байгаа аливаа эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжид өөрсдийн дуу хоолойгоо хүргэхэд санал санаачлагатай, идэвхтэй, манлайлалтай байх,
  2. Гишүүдийн эрх, тэгш оролцоо, идэвхи санаачилгыг өрнүүлж, олон нийтийг бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, байгальд ээлтэй Хариуцлагатай нүүдэлчид үйлсэд уриалах;
  3. Гарал үүсэл нь тодорхой, аюулгүй, баталгаажсан түүхий эд, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх, бүтэц, зохион байгуулалтаа улам бэхжүүлж хариуцлагатай нүүдэлчиний сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах,
  4. Уламжлалт МАА-н үйлдвэрлэл, уугуул малчдаас бэлтгэн нийлүүлсэн,  түүхий эд, бүтээгдхүүнийхээ бусдаас ялгарах давуу талуудыг дотоод гадаадын хэрэглэгчдэд сурталчлан таниулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
  5. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, МАА-н нэмүү өртгийн сүлжээгээр дэлхийн зах зээлд хүрэх боломжоо нэмэгдүүлэх
  6. Малчдын залгамж халааг бэлтгэх, тасралтгүй сургах
  7. Бэлчээрийн үндэсний V форумд оролцогчдын санал зөвлөмжийг эцэслэн боловсруулж, холбогдох төрийн байгууллагат хүргүүлэх;

 

Монгол улсын Засгийн газрын санаачлагыг дэмжиж НҮБ-ийн ерөнхий ассамблейгээс 2026 оныг олон улсын бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулагдах аливаа үйл ажиллагаа, дэлхийн тогтворой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалаа хадгалан ирээдүй үедээ өвлүүлэх их үйлсэд тус тус идэвхтэй, манлайлан оролцохыг бэлчээрийн үндэсний V форумд оролцогчид бид санал нэгтэй дэмжиж, нийт Монголчуудаа уриалж байна.

 

Зөвлөгөөнд оролцогчид,

2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Архангай аймгийн Ихтамир сум