Монгол орны МАА-н салбарын хөгжлийн нэг гарц бол бэлчээрийн тогтвортой менежмент, малын чанар, бүтээмж, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах замаар гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Бэлчээрийн салбарын судлаачид, холбогдох мэргэжилтнүүд болон малчдын төлөөлөл жил бүхэн цуглаж бэлчээрийн форумыг зохион байгуулж малчны өөрөө удирдах байгууллага-МБАНХ-ны хөгжил, цаашдын хандлага, МАА-н үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлж бэлчээрийн чанар бүтээмжийн тогтвортой байдлыг хэрхэн хангаж буй талаар хэлэлцэж мэдээлэл солилцдог болсон билээ.
Бэлчээрийн ээлжит 5-р форум Архангай аймгийн Ихтамир суманд 2022 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртөгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.
Форумд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, 18 аймгийн малчид, малчдын хэсэг бүлгийн төлөөлөл, аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 190 гаруй хүн оролцлоо.
Монголчууд бидний давуу тал болох байгалийн бэлчээрт суурилсан нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог чанаруудыг олон улсад таниулах, баталгаажуулах дэд бүтэц, тогтолцоог хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх замаар малын гаралтай түүхий эд бэлтгэлийн цахим системд бүртгэлтэй, гарал үүсэл тодорхой, “Хариуцлагатай нүүдэлчид” үндэсний хэмжээний стандардыг хангасан хэд хэдэн бүтээгдхүүнийг туршиж гадаад дотоодын худалдан авагчдад нийлүүлээд туршлага, түүнд суурилсан төслийн хэрэгжилт, амжилтаас танилцууллаа.
Малын гаралтай бүтээгдхүүний баталгаажуулалтын суурь болох “Бэлчээрийн төлөв байдлын үндэсний мониторинг үнэлгээний сүлжээний хөгжил, хэрэглээ” болон “Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, сургамж, ирээдүйн боломж” сэдэвт үндсэн илтгэлүүд хэлэлцэгдлээ.
Ийнхүү МАА-н үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах, үйлдвэрлэлийн гол суурь болох бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгын хүрээнд “Бэлчээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүний хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, сайжруулах хэрэгцээ”, “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэх нь” зэрэг сэдвүүдээр бүлгийн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Форумаас дараах зөвлөмжийг ЭНД ДАРЖ уншина уу.