МБАНХ “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-аар тодорлоо

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг бөгөөд 2020 онд УИХ-аас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн болох 193 улс орны нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх мөн тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар эдгээр улс орнуудын удирдагчид үүрэг амлалтаа өгч нэгдсэн билээ.

Иймд, Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг 9 дүгээр сарын 10-ны “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулсан юм. Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цугллаа. Мөн энэ үеэр “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-ийг уралдаанд шалгарсан иргэд, олон нийтийн, боловсролын болон хувийн хэвшлийг манлайлагчдад шагнал гардуулсан билээ.  

Шалгаруулалтыг хүмүүсийн амьдралд оруулсан тодорхой өөрчлөлт, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлсөн байдал, шинэлэг дэвшилтэт арга шийдэл, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлага зэрэг цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой, улс орны хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэвтрүүлэх боломжтой эсэх цар хүрээг  нь харгалзан шилдэгүүдийг тодруулсан аж.

Энэхүү шалгаруулалтын Тогтвортой хөгжлийн зорилгод манлайлагч ТББ буюу “Иргэний нийгмийн байгууллага” ангилалд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо шилдэгээр тодорч шагналаа гардлаа. Шагналыг МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Р.Бурмаа гардан авсан юм. Тэрбээр энэ үеэр “МБАНХ маань 2015 онд малчны байгууллагын чадавхижуулх, монгол орны бэлчээрийг сайжруулах хүрээнд байгуулагдсан. Өнөөдөр манай байгууллага 18 аймгийн 180 гаруй суманд 40 гаруй мянган малчин өрхийг хамруулсан том хамт олон болон хөгжиж байна. Бид энэ хугацаанд Монгол орны бэлчээрийг сайжруулах, малчдын уламжлалт эрхийг хангахад чиглэсэн олон ажлыг хийж ирлээ. МБАНХ-той хамтран ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, малдчын байгууллагууд, олон улсын байгууллагууддаа баярлалаа. Энэ шагнал бол та бидний хамтын хөдөлмөрийн үр шим юм шүү” хэмээн талархал илэрхийлсэн юм.

П.Нарандэлгэр