- Бэлчээрийн ургамлын үндсэн ургац, хэнзлэлтийг шинжин ажиглаж, сэлгээ нүүдэл хийх уламжлалт малч арга ухааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад зориулсан 50 жил -
Ц.Энх-Амгалан
/Монголын Бэлчээрийн Нэгдсэн Холбоо www.greenmongolia.mn/
Өнгөрсөн зун Дундговь аймгийн нэг суманд ажлаар явж байтал хонь ямаа шивээ идээд хурц үзүүр нь малын амны хөндийн зөөлөн эд, шүдний завсраар шигдэж шархлуулан үхэлд хүргэж байгаа тухай гунигтай яриа сонсоод ямар учиртай юм бол гэж хариулт олох санаатай ном, судалгааны материал хашир туршлагатай малчдаас асууж шалгааж явтал ургамал, бэлчээр судлаач Доктор Н.Лхагважав гуайн “Бэлчээрийг зохистой эдлэх экологи-биологи, аж ахуйн үндэслэл” номоос учрын олоод ихэд баярлав. Монголын бэлчээр нутагт ургадаг зонхилогч ургамлын төрөл болох хялганын дөрвөн төрөл байдаг. Түүний нэг Байгалийн хялганын үр боловсрох үеэс үр гөвөх хугацаанд зүү адил хурц үзүүр бүхий буюу шивээ нь малын биед шигдэж ингэж хөнөөл учруулдаг юм байна. Өөрөөр хэлбэл буруу үед нь бэлчээрт мал идээшлүүлснээс болсон гэсэн үг. Үр боловсрох үед хялганат бэлчээрт бэлчээсэн болон энэ үед бэлдсэн хадлангийн өвс идсэн малын амны хөндий шархлах, арьсанд нь шигдэн орж шархлуулан өвчлүүлж, улмаар үхэлд хүргэх аюултай гэжээ. Хялганын шивээнд бог мал хонь, ямаа их өртдөг байна.
Ийнхүү эртний танил хүндэлж явдаг бэлчээр судлаач Доктор Н.Лхагважав гуайтай уулзаж 50 гаруй жил үргэлжилсэн судалгааны бүтээлийн эмхэтгэлийнх нь тухай асууж сонирхон өнөө бидний үед нүүрлээд байгаа бэлчээрийн доройтол, цөлжилтийн үндсэн шалтгаануудын талаар Н.Лхагважав гуайн арвин их мэдлэг туршлагаас хуваалцаж олон түмэнд хүргэхийг зорьсон юм.
Н.Лхагважав гуайг бэлчээрийн ашиглалтын горим ачааллыг хэрхэн ургамлын төрөл зүйл, тэдний ургалтын хугацаатай уялдуулах тухай шинжлэх ухааны үндсийг тавьсан хүн гэж би үздэг. Тэрбээр Монголын газар нутгийн бараг тал хувийг эзэлдэг уулын хээр, хээрийн бүсийн хуурайсаг ургамалжилтын бүтэц, байгууламж, ургамлын үзэгдэл зүй, хөгжлийн горим, ургацын хуримтлал, хадгалагдах зүй тогтол, ургамлын хөгжлийн үе шатыг 50 жил судалжээ. Уг чанартаа түүний шинжлэх ухааны судалгааны бүтээлээс гарсан олон зөвлөмж үндэсний хэмжээнд бэлчээрийн ашиглалт, ачаалал, нүүдэл сэлгээг зохион байгуулахад хэрэгжсэн байдаг. Урьд үетэй харьцуулахад өнөөгийн бэлчээр ашиглалтын талаар төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжилт, хөрөнгө оруулалт, малчдын бэлчээр нутгаа гэсэн өөриймсөг сэтгэл, хүлээх хариуцлага үнэхээр чамлалттай. Тэр үед бэлчээр, тэжээл усны ашиглалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагатай, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулдаг 60 эрдэмтэн судлаачидтай сектор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд байжээ. Бэлчээр, тэжээлийн төр засгийн анхаарлын гадуур үлдээд одоо бараг 30 жилийн нүүр үзлээ. Үр дүн нь бэлчээр нутгийн 70% талхагдал цөлжилтөд өртсөн, малын ашиг шим чанар буурсан, өвчлөл ихтэй малчдын амьжиргаа байнгын эрсдэлтэй цаашилбал Монгол улсын стратегийн бүтээгдэхүүн, уул уурхайгаас ангид ганц экспортын бүтээгдэхүүн ноолуурын нэр хүнд дэлхийн зах зээлд “Монголын ноолуур байгаль орчинд ээлгүй” гэсэн ангилалд орж эхэлж байна. Тийм учраас зарим дэлхийн брэндүүд Монголын ноолуур хэрэглэж байгаа мөртөө манай урьд хөршийн нэрээр гаргахыг илүүд үзэх боллоо. Саяхан нэгэн гаднын элчин сайд ноолуурын салбарт хөрөнгө оруулалт хийх тухайд Монгол Афганистаны оронтой адил эрсдэлийн ангилалд багтдаг гэж хэлэхийг сонслоо.
Н.Лхагважав гуайн судалгааны ажил бүр 1960-аад оноос эхтэй. Судалгааны ажлын гараагаа 1969 онд шинээр байгуулагдсан Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эхэлж "Хээрийн бүсийн бэлчээрийг монгол үхрээр зохистой ашиглуулах биологийн үндэслэл боловсруулах” – сэдэвт ажлаар эхлүүлжээ. Н.Лхагважав гуайн Монголын газар нутгийн бараг 40%-ийг эзэлдэг хээрийн бэлчээрийн үндсэн шинж, ургацын хөдлөл зүй, зохистой ашиглалтыг судалсан тэр дундаа бэлчээрийн ашиглалтын ачааллын горимыг чиглүүлэгч ургамал-хялганыг судалсан бүтээл үнэхээр дэлхийн шинжлэх ухааны дайны бүтээл болсон байдаг.
- Монголын тал хээр нутгийн ургамалжилт, бэлчээрийг хагас зуун жил судалсан энэ нөр их эрдэм мэдлэг, ажиглалт туршлагаасаа та бидэнд юу захих вэ?
Тиймээ. Манай орны малын тэжээлийн үндсэн эх сурвалж болсон бэлчээр судлалын ажилд бүтээлч хөдөлмөрөө зориулаад бараг хагас зууны хугацааг элээж явна. Энэхүү судалгааны ажилд юуны өмнө эх нутгийнхаа байгаль-газар зүй, ургамалжлын үндсэн гурван бүс нутаг буюу хээрийн бүс, уулын ойт хээр ба хангайн өндөр уулын бүслүүр нутагт түгээмлээр тархсан,экологийн хувьд харилцан адилгүй орчин нөхцөлд оршиж буй гол төлөөлөх 20 орчим хэв шинжийн бэлчээр хамрагдсаныг дурдаж болно.
Бидний туршилт судалгааны ажлын гол зорилго нь байгаль-экологийн хувьд харилцан адилгүй орчны нөхцөлд оршин тогтнож буй бэлчээрийн ургамалжлын үндсэн төрх байдалд үнэлгээ өгөх, зонхилох ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, хөгжлийн улирлын горим, зуны улиралд бэлчээр дэх тэжээлийн нөөцийн бүрэлдэж хуримтлагдах ба намраас өвөл, хаврын улиралд хадгалагдах хэм хэмжээний зүй тогтолт үзэгдэл, цаг уурын нөхцөл, ялангуяа агаараас буух хур тунадасны хэмжээнээс хамаарч тухай жилд хуримтлагдах бэлчээрийн бүтээмж олон жилийн дунджаас дээшлэх ба доошлох хэлбэлзлийн хэм хэмжээний үзүүлэлтийг судалж тогтоох, зуны улиралд мал бэлчээж ашигласны дараачаар ургамлын хэнзлэн ургаж, бүтээмж бүрдүүлэх давтамж ба чадамжийг илрүүлэх, бэлчээрийг зуны улиралд жил дараалан хэнзлүүлж эрчимтэй ашиглахын сөрөг үр дагавар ба түүнийг ээлжээр сэлгэж эдлэх аргаас хамаарал бүхий эерэг үр дүнг загварчилсан туршилтын аргаар судалж тогтоох, бэлчээрийн ургацын гарц, ургамлыг малд идүүлэх өндрөөс хамаарах байдал, түүний хөдлөл зүй, өндөр уулын нөхцөлд чийглэг нугын бэлчээрийг малын өтөг бууц ба эрдэс бордоогоор бордож сайжруулах зохистой тун, хослолыг сорьж шалгаруулах зэрэг асуудлуудыг судалж илрүүлэхэд чиглэгдэж байв.
Бүр тухайлж хэлбэл бэлчээрийг ашиглаж байгаа арга барил ургамлын нөмрөг бүтээмжид үзүүлж байгаа нөлөөллийг судлан дулааны улиралд бэлчээрийг ойрын, дундын, холын зайн гэсэн гурван дэслэлээр ялгаж ургамалжилтын бүтэц, бүрэлдэхүүний хувирал, өөрчлөлтийн явцыг судалсан байна. Жишээ нь манай орны бэлчээр, хадлангийн эдэлбэр газарт бүртгэгдсэн 17 зүйл хялгана ойт хээр, хээрийн бүс нутагт хамгийн их тархсан байдаг. Хялгана манай Монгол орны эрс тэс, хуурай уур амьсгалд гойд дасан зохицсон, хөрс ба агаарын халуун хүйтний нөхцөлийг сайтар тэсвэрлэдэг, гантай үед усны ууршилтыг хязгаарлах физиологийн үйл ажиллагаа, экологийн зохилдлогоотой. Шинээр буй болсон үрслэг амьдарч өсөж хөгжих чадвар сайтайгаараа онцлог. Энэ нутаг малчид сэлгээ нүүдлээ хялганын ургалтын хугацаатай уялдуулан хийх ёстой. Судалгааны дүнгээс үзэхэд хялганын эд эрхтэнд эслэг хамгийн бага, уураг хамгийн их хуримтлагддаг үе бол бутлалтын үе, харин тослог их хуримтлагддаг үе нь цэцэглэлтээс үр боловсролт буюу 8 дугаар сард тохиодог.
- Монгол орны газар ашиглалтын хамгийн том хэлбэр бэлчээр. Тэр утгаараа хэрэвзээ бэлчээрээ зүй зохистой ашиглахгүй бол энэ цөлжилт тэлэх нь ойлгомжтой болж байна. Энэ тухайд таны санал бодол юу байна вэ?
Тиймээ. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 90 гаруй хувийг эзэлдэг 110-аад сая га бэлчээрийг түшиглэж дунджаар хонин толгойд шилжүүлсэн 60-65сая малыг барьж маллах багтаамж бүхий байгалийн бэлчээр бол нийгэм, эдийн хувьд нэн чухал ач холбогдолтой эдэлбэр газрын нэг мөнөөс мөн. Манай улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнөх үе буюу 1970-аад онд манай улс 132 сая га бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 50-аад сая толгой малыг адгуулан маллаж байсан бол өдгөөд мал сүргийг адгуулж маллах бэлчээрийн талбай ахуйн элдэв шалтгаанаар 20-иод сая га-гаар хасагдаж хорогдсон атал бэлчээрт адгуулах малын тоо үүний эсрэгээр хонин толгойд шилжүүлснээр 100 саяд хүртэл өсөж, өмнөх үеийн дунджаас ойролцоогоор 1.8 дахин нэмэгджээ. Үүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн нэгж талбайд ногдох мал сүргийн ачаалал байвал зохих түвшнээс үлэмж ихээр хэтэрч, малчдын улирлаар бэлчээрээ сэлгэж, зохисоор эдэлж ашиглах боломж бүхий нутаг хязгаарлагдах болов. Үүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимгүй хагас суурин хэлбэрт шилжсэнээр, бэлчээрийн өвс ургамлыг малаар шалдтал нь мөлжүүлж ашиглах арга давамгайлж эхэллээ.
Өмнөх нөхцөл байдал нь бэлчээр дэх тэжээлийн үнэ цэн бүхий гол зүйл ургамлын амьдрах нөхцөл алдагдсанаар, бэлчээр талхлагдаж, доройтох үзэгдэл ялангуяа дулааны улирлын бэлчээрт газар авч, цар хүрээгээ тэлсээр буйг анхаарлын гадна үлдээх арга үгүй юм.
Жишээ дурдваас: Уулын ойт хээрийн бүслүүрт хамаарах Булган аймгийн Орхон суманд явуулсан 2004 оны эргэн тандах судалгаагаар дулааны улиралд эрчимтэй ашиглагддаг жижиг бутлаг үетэнт бэлчээрт бүртгэгддэг 52 зүйл ургамлаас 62 хувь нь бүртгэлээс хасагдсанаас гадна ургац, түүний ботаник-аж ахуйн бүрэлдэхүүний 1977-1985 оны үзүүлэлтийг 2004 оныхтой харьцуулж үзвэл нийт бүтээмж нь өмнөхөөс 24.8 хувь, үүнээс малын тэжээлийн ач холбогдол бүхий үетнийх 82, агиных 65 хувиар буурч, малын тэжээлд ач холбогдол үгүй, талхагдлын гол илтгүүр болсон тачир намхан ургадаг навтуулын эзлэх хувийн жин үлэмж хэмжээгээр нэмэгдэж, дагнасан навтуулт үүсмэл бүлгэмдэл болон хувирч, доройтлын нэн хүчтэй зэрэглэлд шилжсэнийг дурдаж болно.
Мөн дөрвөн төрлийн малд нэн тохиромжтой дулааны улиралд ашиглагддаг ботуульт өндөр уулын хээрийн бэлчээрт өмнөх 1990-ээд онд бүртгэгдэж байсан 32 зүйл ургамлын 19 зүйл буюу 59 хувь нь 2015 оны байдлаар бүртгэлээс хасагдаж, нийт бүтээмж нь 81, үүнээс тэжээлийн ач холбогдол бүхий үетнийх 91, улалжийнх 75, агиных 63, нийт элдэв өвснийх 83, үүнээс бэлчээрийн талхагдлын үндсэн илтгүүр болсон навтуулынх 85 хувиар тус тус буурч, үнэнхүү хүчтэй доройтолд өртсөнийг эргэж тандах судалгааны дүн харуулаад байна.Энэ шалтгаанаас үүдээд дулааны улиралд ашиглагддаг бэлчээр эдэлгээнээс хасагдах байдалд хүрээд байна. Үүнээс гадна бэлчээрийн доройтох үйл явцад ашиглалтаас гадна уур амьсгалын дулаарч, хуурайших үзэгдлийн сөрөг үр дагавар улам бүр нэрмээс болж буйг дурдаж болно.
- Та саяхан нэгэн гайхалтай бүтээл гаргасан байсан. Экологийн бүс бүрээр сэлгээ нүүдлийг хэрхэн хийх тухай, сэлгээ нүүдлээр дамжуулан бэлчээрийн ургамлын байгалийн аясаараа нөхөн сэргэх чадварыг хэрхэн хадгалах тухай. Энэ бүтээлийн үндсэн дүгнэлтүүдээс хуваалцана уу?
Бидний хувьд байгалийн бэлчээрийг ашиглах бус, харин зүйгээр эдлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэгдсэн эрдэм шинжилгээний эрэл хайгуулын судалгаа, сорил туршилтын ажлыг эх орныхоо хээрийн бүс, уулын ойт хээр ба Хангайн өндөр уулын бүс нутгийг хамруулж, бүтээлч хөдөлмөрийнхөө бараг хагас зууны хугацааг элээлээ. Түүний учир өмнө дурдсан хээрийн судалгаа, сорил туршилтынхаа ажлын мэдээ баримтыг хий хоосон замхраахгүйн үүднээс өдгөө нас хэтийдсэн үедээ тэдгээрийг өөрийн хирээр эмхлэн нэгтгэж, эрдэм шинжилгээний хоёр цуврал бүтээлийг чадан ядан бүтээж төр засаг, түмэн олондоо тайлан болгож өргөн барих хувь тавилан надад олдсондоо сэтгэл дүүрэн байна.
Нэг дэх бүтээл минь “Хангайн уулархаг нутгийн бэлчээрийг зохистой эдлэх, хамгаалах онол ба практикийн үндэс" 2016 он, хоёр дахь нь “Бэлчээрийг зохистой эдлэх экологи-биологи, аж ахуйн үндэслэл” хэмээх эрдэм шинжилгээний бүтээл юм.
Энэхүү 46.2 хэвлэлийн хуудас хэмжээтэй хоёр цуврал номоо бүтээхийг хичээгээгүй бол энэ насны минь ажил ашиг тусаа өгөхгүй, ул мөргүй замхрах нь мэдээж байлаа.
Бүтээсэн ажилд минь алдаа, онооны аль аль нь буйг үгүйсэхгүй. Ямар ч байсан алдаа, оноогоо шүүлгэх юмтай болов. Энэхүү ажил маань бэлчээр судлалд мэдлэг, оюун ухаанаа зориулахаар шийдсэн өнөөгийн болон ирээдүйн судлаачдад сургамж болно байх гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү бүтээлийг маань анхаарч үзвээс судлахуй ба танин мэдэхүйн амьдрал, ахуйн үйлд ч ус биш ямар нэгэн хэмжээгээр тус нэмэр болох учиртайг ташрамд дурдах нь зүй байх аа.
Бэлчээрийг доройтлоос сэргийлж, хамгаалахын тулд малчид бэлчээртээ эзний ёсоор хандах, үүний тулд ямар ч байсан наад зах нь зуны улиралд жил, жилээр сольж ашиглах хоёр ээлжийн нутагтай байх. Нэг хот бууцны бэлчээрт газар нутгийн онцлогт тохируулж, мал сүргийг өдөр хоногоор бэлчээн хариулж маллах хэсгүүдэд хувааж, нэгэнт ашиглагдсан хэсгийн өвс ургамлын нөхөн сэргэж ургах нөхцөл бүрдүүлэх зорилгоор мал бэлчээхгүй 24-30 хоногоор амрааж хамгаалах гэсэн зарчмыг баримтлах явдал чухал. Мөн хэт доройтож талхлагдсан бэлчээрийг1-2 жил ашиглалтаас чөлөөлж амраах зарчмыг баримтлах.
Гандуу жил тохиолдох цаг уурын прогноз гарсан нөхцөлд ургамлын ид идэвхтэй өсөж хөгжин ургамлын үрлэх үйл явц өрнөдөг үе буюу 6-р сарын эхээр үүлэнд үйлчилж хур бороо оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал чухал.
Хүмүүн бидний зохисгүй үйл ажиллагааны улмаас бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнээс хасагдахад тулаад буй ленийн ботууль, туяхан дааган сүүл, дагуурын биелэг, Шеллийн бутнуур, саман ерхөг, дайралдмал хунчир зэрэг тэжээлийн үндсэн зүйл ургамлыг тарималжуулах, үржүүлэх, үрийн аж ахуйн системийг бүрдүүлэх талаар эрдэм шинжилгээний сорил, туршилтын ажлыг хойшлуулалгүй явуулах нь өнөө үеийн тулгамдсан зорилт болж байна.
Төгсгөлд өчихөд “бэлчээрийг ашиглах бус”, “бэлчээрээ эдлэх” хэмээх нэр томьёог ахуйдаа хэлж, ярьж хэвшвэл бэлчээрийн асуудал зүйгээр эргэх ч юуны магад гэлтэй.
- Сүүлийн жилүүдэд Монголоос гарсан шороон түйрэн дэлхийг бүтэн тойрч Америкийн баруун эрэгт хүрч байгааг НАСА-гийн видео бичлэг харуулсан байна лээ. Талхлагдаж цөлжсөн бэлчээрийн ургамлан нөмрөг алга болж хамгаалалтгүй болсон хөрс шороо түйрэн дэгдэж байгаа гол шалтгаан мөн болов уу?
Хаврын улиралд салхи, шуурга дэгддэг нь манай орны эх газарлаг уур амьсгалтай холбоотойгоор явагдаж байдаг үзэгдлийн нэг мөнөөс мөн. Гэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч түүний хүч, хурд, давтамж нь нэмэгдэж буйг үгүйсгэх арга үгүй. Үүний зэрэгцээ шороон шуурга тэр алсад хүртэл нисэн дэгдэж буйд эх нутгийн бэлчээрийн ургамлан нөмрөг доройтон сийрэгжиж, хөрс нүцгэрч буй үзэгдэлтэй яахын арга үгүй холбоотой. Үүнээс үүдээд эх нутгийн хөрсний хамгийн үржил шимт хөрс салхиар хийсэн замхарч, үерийн усаар угаагдсаар буй нь илэрхий ажиглагдах болов. Тухайлбал ойт хээрт (Ихтамирын нутагт) 1990-ээд оны үед унадаг дугуйгаар чөлөөтэй явдаг байсан уулын энгэр бэл газарт өнөө цагт мотоцикл, машинаар явахад бэрх, доргио донсолгоотой болсон нь бэлчээрийн хөрсний элэгдлээс хамаарч ургамлын бут, дэгнүүл нүцгэрч овон товон мэт гадаргуутай болсныг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай орны өвслөг ургамлан бүрхэвч өөрийн оршихуйн нөхцөл болсон үржил шимт хөрс шороогоо салхи, усны элэгдлээс хамгаалах чадамжаа алдаж буйн илрэл юм.
Ташрамд дурдахад ашиглалтын эрчим ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн сөрөг үр дагаврыг хянан тандах богино хугацааны судалгааг бүс нутгийн гол төлөөлөх газар нутагт явуулж үнэлэлт дүгнэлт өгөх, доройтсон бэлчээрийн байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явц болоод Хангай нутагт устах аюул тулгараад буй тэжээлийн ач холбогдол бүхий ленийн ботууль, томцэцэгт дааган сүүл, сунагар ба дагуурын биелэг, шеллийн бутнуур, саман ерхөг, дайралдмал хунчир зэрэг ургамлыг тарималжуулах зорилго бүхий урт хугацааны туршилт судалгаа явуулах нь өнөө үеийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг хэмнэх бодлого барьснаар эцэст нь шинжлэл судлалын ажлын далайц, чадамж сульдаж, яах вэ, ийх вэ гэдэг асуудал тулгарч магадгүй нөхцөл байдал үүсээд буйг дурдууштай.
Монголчууд бидний мал сүргээ адгуулан маллах үндэс суурь бол унаган өвс ургамал бүхий байгалийн нутаг бэлчээр юм. Байгалийн бэлчээр бол юугаар ч орлууламгүй үнэт хөрөнгө гэдгийг хойч үе маань анхаарч яваасай л гэж хүсэж байна.
- Танд маш их баярлалаа.