Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгих системийг хүлээлгэн өглөө

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл, усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржүүлэг селекц, тэжээллэг, арчилгаа, маллагаа зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих зохистой дадлыг нэвтрүүлэх нь өнөө цагийн хэрэгцээ шаардлага болоод буй. Тэгвэл Швейцарын хөгжлийн агентлагийн 17 жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон “Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем”-ийн өмчлөх эрхийг ХХААХҮЯ хүлээн авахыг зөвшөөрсөн юм. Энэ хүрээнд Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд /2022.03.15/ мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код болон мэдээллийн санг оюуны өмчийн эрхийн хамт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Швейцарын Хөгжлийн агнетлагийн Монгол улстай хамтран ажилласан ажлыг бататгаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгч байгаад баярлалаа. ШХА нь Монгол Улсад “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 17 жил хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Монголын маань малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, бэлчээрийн болоод байгаль орчин, мал амьтанд ээлтэй арга замаар бэлдсэн гэдгийг баталгаажуулах, зах зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, дотоодын нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр маш олон тууштай ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадал стандарт, түүний цахим мөшгих тогтолцоог хөгжүүлсэн системийг манай яаманд албан ёсоор хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Өнгөрсөн хугацаанд сүүний мөрдөн мөшгөх систем, сүргийн менежментийн төлөвлөлтийн систем, бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан, бэлчээрийн нөлөөллийн мониторинг, менежментийн мэдээллийн сан, мал аж ахуйн нэгдсэн систем, малын эрүүл мэндийн мэдээллийн систем, сүүний үйлдвэрүүдийн дотоодын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мөшгөх систем хамтран хэрэгжүүлсэн. Цаашдаа эдгээр системийг тогтвортой хөгжүүлж ав явах ажил манай яам болон харьяа байгууллагуудад ноогдож байна. ХХААХҮЯ, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээс энэхүү “МӨРДӨН МӨШГИХ ТОГТОЛЦОО” бол хамгийн анхдагч суурь систем болж чадсан. Цаашдаа байнгын үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах болно” гэв.

Швейцарын Элчин сайдын яамны Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри “Бид энэхүү төслийн үр дүнг хүлээлгэн өгөх гэж байгаадаа баяртай байна. “Хариуцлагатай нүүдэлчид” систем маань та бидний 17 жилийн туршлага, хүч хөдөлмөр дээр үүсч бий болсон тогтолцоо. ХАРИУЦЛАГАТАЙ гэдэг үгний цаана монголдоо, нутаг усандаа хайртай гэдэг утга илэрхийлдэг гэж би хардаг. Учир нь нүүдэлчин ахуйтай Монгол Улс надад маш таалагддаг. Сайхан орон. Хүмүүс нь улс орондоо, бэлчээр нутагтаа хайртай. Тэр нь хүмүүсээсээ илэрч байдаг. “Хариуцлагтай нүүдэлчин” систем маань брэнд болж дотооддоо хэрэглээнд орж, гадаадын улс орнуудад ч танигдаад эхэлж байна. Тухайлбал, сарлагийн арьсан хөлбөмбөг “Хариуцлагтай нүүдэлчид” системээр брэнд нэр зүүж дэлхийд гараад эхэллээ. 2 гаруй хоногийн өмнө Дубай хотод хааны гэр бүлд хүрсэн талаар мэдээлэл ирсэн. Дэлхийд алдаршиж буй “The Hu” хамтлагийн брэнд арьсан бүтээгдэхүүнүүд “Хариуцлагтай нүүдэлчид” брэндийг ашиглаад эхэлсэн. Тиймээс энэ системийг ашиглан дэлхийд гаргах маш олон ажил байгаа. Монголын малын гаралтай түүхий эд гэдгийг энэ систеэмээр төвөггүй таниулж дэлхийд танигдана гэдэгт итгэлтэй байна. Хөдөө аж ахуйн яаманд системийг хүлээлгэн өгнө гэхэд зарим хамтрагч нар бага зэрэг дургүй байсан. Учир нь өнөөдрийг хүртэл хийсэн ажил удаашрах вий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ энэ бол Монгол Улсын Засгийн газарт очих ёстой ажил. Энэ системийг зөвхөн та нар хэрэглээд байх юм бол та нар нэг шат л ахина. Тодорхой тооны бүтээгдэхүүн хийчихээд тэрийгээ л дагнаад явна. Хэнд ч танигдахгүй, цар хүрээ бага байна. Харин төр засгийн хэмжээнд хэрэглэвэл олон улсын хэмжээн сурталчилан таниулахад илүү үр дүнтэй. Засгийн газартайгаа хамтрах ёстой. Олон улсад бүтээгдэхүүнээ гаргахад Засгийн газар та бүхний арыг дааж, итгэл үнэмшил баталгаа нь болж байх ёстой. Засгийн газартайгаа хамтарч байж, та бүхэн үндэснйи хэмжээнд, дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж, харилцан ойлголцсон. Тиймээс та бүхэн энэ системийг цааш нь өргөжүүлэн хөгжүүлж, ямар нэгэн брэнд эсвэл түүхий эдээ зах зээлд гаргах гэж байгаа байгууллага ямар ч төвөггүйгээр ашиглах боломжийг ханган ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Хариуцлагатай нүүдэлчид стандарт”-ыг үндэсний түвшинд хөгжүүлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн онцлог давуу талаараа баяжуулж, дэлхийн зах зээлд гаргахад энэ систем маш чухал үүрэгтэй. Тиймээс цаашдын ашиглалтанд анхаарч ажиллана. Эхний ээлжинд бид мал аж ахуйн мөрдөн мөшгих системийг сайжруулах чиглэлээр бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулсан хөгжүүлэлт хийхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сонгон шалгаруулалтын ажил эхэлсэн байгаа. Та бидний 17 жилийн хамтран ажилласан ажлын үр дүнгээ алдахгүй авч явах болно. Энэ дашрамд ШХА-ын хамт олон болон энэхүү үнэ цэнэтэй, ач холбогдол өндөртэй системийг хөгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүмүүст дахин талархал илэрхийлж байна. Энэхүү системийг нэвтрүүлэхэд, стандартыг боловсруулахад, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд оролцсон олон улсын болон олон нийтийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, бусад төрийн байгууллагууд цаөм энэ үр дүнг хүртэх эрх нь нээлттэй байна гэдгийг хэлмээр байна” хэмээн онцолсон билээ.

Нэмэлт мэдээлэл: Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд”  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч, энэ хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг арвин туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.

“Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд MNS 6891 : 2020 стандартын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А-68 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг бэлтгэн, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн C/55 дугаар тушаалаар тус стандартыг баталсан. Швейцарын хөгжлийн агентлаг нь “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт ба цахим мөшгөх системийн салшгүй хэсэг болох дараах систем, мэдээллийн сангуудыг тусдаа хандивын гэрээгээр хүлээлгэн өгч байгаа юм. Үүнд:

Сүү бэлтгэл, сүүний мөшгих систем нь 2021 оны 3 сарын 10-ны өдөр ХХААХҮЯ болон Судалгаа, хөгжлийн төвтэй байгуулсан гэрээгээр;

Сүргийн менежментийн төлөвлөлтийн систем нь 2021 оны 3 сарын 10-ны өдөр ХХААХҮЯ болон Монголын шинжлэх ухааны их сургуультай байгуулсан гэрээгээр;

Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан нь 2021 оны 5 сарын 19-нд Цаг уур, орчны шинжилгээний газар болон Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр;

Бэлчээрийн нөлөөллийн мониторинг, менежментийн мэдээллийн сан нь 2021 оны 5 сарын 28-нд Барилга, хот байгуулалтын яам, түүний харьяа байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газартай байгуулсан гэрээгээр;

Мал аж ахуйн нэгдсэн системийг, 2021 оны 5 сарын 28-нд ХХААХҮЯ ба Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай байгуулсан гэрээгээр;

Малын эрүүл мэндийн мэдээллийн системийг, 2021 оны 8 сарын 12-ны өдөр ХХААХҮЯ ба Мал эмнэлгийн ерөнхий газартай байгуулсан гэрээгээр;

Сүүний үйлдвэрүүдийн дотоодын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мөшгих системийг, 2021 оны 9 сарын 17-ны өдөр ХХААХҮЯ ба Судлагаа, хөгжлийн төвтэй хийсэн гэрээгээр тус тус зохицуулагдах юм. 

П.Нарандэлгэр