Эх дэлхийд минь долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. Тэдний дунд бид 3,4 саяулаа Монгол гэдэг ганц нэртэй. Хэдий бид хоёр том гүрний дунд цөөхүүлээ мэт харагдавч, асар их боломж, давуу талтай гэдгээ үргэлж санаж явах учиртай. Дөрвөн цагийн аясанд дасан зохицож амьдарч сурсан бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин монголчууд эрт дээр үеэс өвөг дээдсийн үлдээсэн өв их соёл, уламжлал, монгол ахуйгаа хадгалж, малчин удам тасралгүй үргэлжилж, өлсөхийн зовлонг үзэлгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн. Энэ бол маш том аз. Та бидний юутай ч харьцуулашгүй давуу тал бас боломж.
Яагаад гэвэл хүний нийгэм оршин байгаа цагт хүнсний хэрэгцээ, шаардлага мөнхөд байсан, цаашид ч байх болно. Тэрхүү жил бүр өсөн нэмэгдэж байгээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дэлхийн улс орнуудад хүнсний хангамж, хүртээмж, чанар зэрэг нь тулгамдсан асуудлуудын нэг болсоор ирсэн. Нөгөө талаар дэлхийн хүмүүс оршин байхын үндэс болсон хоол хүнснийхээ түүхий эдийн гарал үүсэл нь хаанаас эхлэлтэй, байгальд ээлтэй арга технологи ашигласан эсэхэд анхаарал хандуулах болсон. Учир нь орчин цагийн хэрэглэгчид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах цаг ирсэнийг ухаарч ойлгосонтой холбоотой.
Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн манай улсын төрийн бодлого нь алсын хараатай байж, түүндээ тохирсон зөв зохион байгуулалттай, үе шаттай төлөвлөгөө гарган ажиллах цаг ирсэн гэлтэй. Учир нь бидэнд өвөг дээдсээс өвлөн ирсэн таван хошуу малаа түшиглэн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь ирээдүйд Монголын эдийн засгийн гол тулгуур болно гэдгийг улстөрчид онцолж буй. Өсөн үржиж, төлждөг энэ баялаг нь монголчууд та бидний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, дэлхийн зах зээлд “онцгой” байж ашиг шимийг нь хүртэх боломж дүүрэн байгааг олон улсын эрдэмтэн судлаачид баталж байна.
Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд “Америкийн бэлчээрийн менежментийн 2022” форум танхимаар болон цахимаар зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд МБАНХ-ны хамт олон оролцон “Хариуцлагатай нүүдэлчид: Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл” сэдвийн дор салбар хуралдааныг удирдан явуулав. Энэхүү хуралд МБАНХ-ны УЗ-ын дарга, доктор Ц.Энх Амгалан, зөвлөх доктор Д.Булгамаа, Зөвлөх Б.Мэнджаргал, НҮБХХ-ын судлаач У.Будбаатар, ГЗБГЗЗГ-ын ССМХэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дөл, МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, МБАНХ-ны мэргэжилтэн Л.Ганцогт, урилгаар Английн Амьтан судлалын хүрээлэнгийн захирал доктор У. Тунгалаг, Оюу Толгой компаний мэргэжилтэн Б.Алтанцэцэг нар оролцсон юм. Энэ үеэр МБАНХ-ны хамт олон “Монгол оронд малчдын байгууллага болон бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан МАА-н үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь: Үр дүн, сургамжаас”, “Хариуцлагатай, тогтвортой Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх замаар “Нийтийн эзэмшлийн эмгэнэл”-ийг даван туулах нь”, “Малын гаралтай бүтээгдхүүний мөшгих тогтолцоо- Монголыг Дэлхийтэй холбох гүүр болох нь” сэдвүүдээр илтгэл тавьж, “Хариуцлагатай нүүдэлчид”- Малын гаралтай бүтээгдхүүний мөшгих тогтолцооны стандарт, холбогдох журмаас танилцуулж, доктор У.Тунгалаг “Малчдын байгууллага дээр суурилсан аялал жуулчлал, Архангай аймгийн жишээн дээр” мэдээлэл хийж, мэргэжилтэн Б.Алтанцэцэг “Оюу Толгой компани экологийн чадавхид суурилсан нөхөн сэргээлт-Амжилтын түүхээс” жишээ татан ярьсан билээ.
Тус форумын талаар МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Америкийн бэлчээрийн менежментийн холбооны жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг хуралд оролцож, Монгол Улсад бэлчээр ашиглалтын чиглэлээр хийгдсэн нааштай үр дүнгүүдийг танилцууллаа. Энэ хуралд олон улсын эрдэмтэн, судлаач, оюутан, фермерүүд, бодлого боловруулагчид оролцож, мэдээлэл хийж, харилцан үзэл бодлоо хуваалцдаг. Бидний хариуцсан салбар хуралдаан “Хариуцлагатай нүүдэлчид” сэдвийн хүрээнд өрнөж, 17 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнгээс танилцуулж, мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх зорилго тавьсан. “Хариуцлагатай нүүдэлчид” буюу нүүдлийн мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нь ямар бэлчээрийн менежментээр бий болсон талаарх тэргүүн туршлагуудаасаа хуваалцлаа.
Бидний хийж байгаа ажлыг ялангуяа америкийн энэ салбарын судлаачид илүү сонирхож, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал гаргасан. Мал аж ахуйн салбарын үндэс болсон бэлчээр нутагт тулгамдсан олон асуудал байгаа, Үүнийг шийдэхийн төлөө төр хувийн хэвшил, судлаачид хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр хүрсэн гол үр дүн бол бэлчээрийн мониторинг тодорхой түвшинд хөгжөөд, зуслан өвөлжөө хаваржаа намаржааны бэлчээр маань ямар түвшинд доройтсон юм, эргээд сэргэх юм уу, үгүй юм уу? Ямар менежментийн арга ажиллагаа явуулбал хэдэн жилийн дотор сэргэх юм бэ гэдгийг мэддэг болсон нь хамгийн том ололт амжилтын нэг. Нөгөө талаар малчдыг хариуцлагажуулах, бэлчээрийн даацыг зохицуулах талаар бодлого боловсруулагчид төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд, малчид ярьж, тодорхой хэмжээний ажил зохион байгуулж, энэ чиглэлд санаа тавьж байгаа нь гол үр дүн. Форумд оролцогчид өргөн уудам нутгийг хамарч нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлдэг малчдыг зохион байгуулалтад оруулах, дундын бэлчээрээ зүй зохистой ашиглах талаар гаргаж байгаа санаачилгуудыг Монголоос авах хамгийн гол туршлага хэмээн онцолж байна” хэмээн өгүүлсэн юм.
Харин Америкийн ХААЯ-ны Нью Мексик мужийн эрдэм шинжилгээний төвийн захирал Др. Брандон Бестелмейер хэлэхдээ “Америкийн Бэлчээрийн менежментийн 2022 оны хурал Нью Мексико мужийн Альбукерке хотод танхимын болон цахим хэлбэрээр нийтдээ 1200 гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдлаа. Энэ хурлын хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” сэдвээр салбар хуралдааныг амжилттай зохион байгуулсан МБАНХ-ны хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна. Миний бодлоор “Хариуцлагатай нүүдэлчин” хөтөлбөр нь ШХА-ийн НАМЭМ төслийн зүгээс төрийн байгууллагуудтай хамтарсан Монголын бэлчээрийн экологийн нөхцөл байдлыг тодорхойлох, хянах, тайлагнах тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн олон жилийн ажлын үр дүн дээр бий болсон маш шинэлэг хөтөлбөр гэж бодож байна. Энэ нь бэлчээрийн төлөв байдал, чанарын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх, мөн харилцан адилгүй түвшинд доройтсон бэлчээрийг зохистой ашиглалтаар нөхөн сэргээх боломжийг бий болгосон. Бэлчээрийн төлөв байдлыг хянаж үнэлдэг экологийн шалгуур үзүүлэлтүүд нь нийгмийн үзүүлэлтүүд болон малчид, БАХ-ийн түвшин дэх үйлдвэрлэлтэй холбогдож, улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг илрүүлэх мөшгих тогтолцоонд шилжсэн нь маш том дэвшил мөн.
Бэлчээр ашиглалт болон малын эрүүл мэнд, малын тавлаг байдал зэрэг 6 үндсэн шалгуур дээр тулгуурласан энэхүү мөшгих тогтолцоо нь зөвхөн Монгол Улс төдийгүй нийгмийн хариуцлага, бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, тухайлбал нүүрстөрөгчийн хуримтлалыг бүтээгдэхүүнтэй нь холбосноороо дэлхийн бусад бэлчээрт ч маш чухал ач холбогдолтой байх болно. Америкийн бэлчээрийн менежментийн холбооны хувьд ч энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Тус салбар хуралдаанд онцлогдсон нэг сорилт нь экологийн болон нийгмийн үр өгөөж нь эдгээр бүтээгдэхүүнтэй үнэхээр холбоотой гэсэн хүмүүсийн итгэл үнэмшлийг баталгаажуулах шинжлэх ухаанд суурилсан дэмжлэг гэж бодож байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа бэлчээрийн нийгэмлэгүүдийн хувьд маш чухал санаа юм” гэдгийг онцолсон билээ.
П.Нарандэлгэр