Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар /2022.03.10/ Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд байгалын бэлчээрийн сэргэх чадавх, бэлчээр ашиглагчдын оролцоон дээр суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай бүтээгдэхүүнээр дамжуулан малчдын орлого амьжиргааг нэмэгдүүлэхэд чиглэсэн газрын харилцааны тогтолцооны тогтвортой үйл ажиллагааг хангах юм.
Ингэснээр бэлчээрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг бэлчээрийнх нь чанар, төлөв байдал, малчдын мал маллагааны онцлог, үр нөлөөнд үндэслэн сайн туршлагыг баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх замаар бэлчээрийн тогтвортой менежментийг хэвшүүлэх, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, хариуцлагатай үйлдвэрлэлийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлнэ.
Мөн энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Монголын Газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар газрын харилцааны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны ажлуудыг хийж гүйцэтгэх арга зүй, норм, стандартуудыг боловсруулах, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжлийн ажлын чанарт хөндлөнгийн хяналт тавих, салбарын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд түгээх, сурталчлах, зах зээлийн жишигт нийцсэн газрын харилцааны тогтолцоог бий болгох чиглэлд хамтран ажиллах ажээ.
П.Нарандэлгэр