Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинарууд зохиогдож байна.
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “МБАНХ нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн бэлчээрийн менежментийн чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бүсийн зөвлөгөөнүүдэд оролцон бэлчээрийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэлэг шийдлүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч байгаа. Тухайлбал, бэлчээрийн хууль эрх зүйн орчин дутмаг байгаа энэ цагт аймаг, сумдууд орон нутгийнхаа онцлогт тохирсон бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах хариуцлагажуулах, журмыг боловсруулах нь олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Фото мониторингийн судалгааг үндэслэн бэлчээрийн доройтол, эргэн сэргээхэд ямар технологи баримтлах, малын гаралтай түүхий эдийн мөшгих тогтолцоог хөгжүүлсэнээр ямар боломжууд нээгдэж байгаа зэрэг мэдээлэл өгч байна. Түүнчлэн ЗГХЭГ-аар дамжуулан аймаг сумдад “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” боловсруулж батлуулахад нь дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна” гэдгийг онцоллоо.
Төвийн бүсийн зөвлөгөөн Дундговь аймагт зохиогдов
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь говь аймгийн Мандалговь хотод зохиогдсон зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, газрын дарга Д.Батмөнх, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллах нь чухал” гэсэн юм. Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм.
Хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт зохиогдов
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохиогдсон зөвлөгөөнд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл оролцов. Энэ үеэр Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Н.Бямбадорж нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүдийн талаар “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-ны захирал Н.Ганхуяг, Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанарыг сайжруулах тухай илтгэлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Л.Ариунболд тавьсан юм. Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймаг тус бүр мэдээлэл, танилцуулга хийж харицан асуулт асууж, ярилцлага хийж, санал солилцсон нь энэхүү семинарын онцлог байлаа.
Зүүн бүсийн зөвлөгөөн Дорнод аймагт зохиогдов
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зохиогдсон зөвлөгөөнд ЗГХЭГ-ын хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э. Бат-Идэр, ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ч. Ганбат, Сүхбаатар, Хэнтий , Дорнод аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид , Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтсийн төлөөллүүд оролцлоо. ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүссэн юм.
Нэмэлт мэдээлэл: Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи дүн мэдээ бөгөөд Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь буюу малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж байгаа юм. Баруун бүсийн зөвлөгөөн өнөөдөр Ховд аймагт зохиогдож байгаа ба ирэх сард тус зөвлөгөөн Орхон аймагт зохиогдох юм.
П.Нарандэлгэр