Архангай аймагт Ensure төсөл амжилттай хэрэгжиж байна

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран 2019-2025 онд “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг хэрэгжүүлж байна. Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас санхүүжүүлж буй уг төсөл нь

  • Бөхөн шарын нуруу - Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал Хайрхан, Өлзийт сум,
  • Тарвагатайн нуруу - Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сум
  • Улаан шалын хоолой - Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан,
  • Говь-Алтай аймгийн Чандмань сум
  • Зармангийн говь - Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст,
  • Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ суманд тус тус хэрэгжүүлж байгаа билээ.  

Төслийн хүрээнд бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, Соён, Хангайн уулс, Өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг зорилтот аймаг, сумын засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, малчид, олон нийтийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ-тай хамтран "Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах" дэд төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд малчид орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зэрэгт мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Архангай аймагт ажиллан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн Газрын дарга П.Гомбо-Очир, аймгийн ENSURE төслийн зохицуулагч Б.Цэрэнлхам, Өлзийт сумын идэвхижүүлэгч Д.Пүрэв-Очир нартай уулзаж, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын  үр дүн, ололт амжилтын талаар ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаар санал солилцсон юм.

 

П.Гомбодорж: Үржлийн нэгжүүдээ дэмжье гэсэн чиглэлийг аймгаас өгсөн

/Хүнс, хөдөө аж ахуйн Газрын дарга/

Хүнс, хөдөө аж ахуйн Газрын дарга

Сүүлийн 20 гаруй жил мал үржлийн ажил орхигдож, малчид дуртай аймаг сумаасаа удам угшил сайтай гэсэн малаа авчирч, тэр нь малын чанарыг сайжруулах биш муутгах хэмжээнд хүрсэн. Улмаар малын чанар сайжрахгүй, мал давжаарч, ашиг шим нь багасч, малчдын орлого буурах шалтгаан болсон тул тооны араас хөөцөлдөж эхэлсэн. Харин манай аймгийн хувьд мал аж ахуйн салбарынхаа бодлогыг гаргаж, Үржил технологийн нэгжийг сум болгонд 1-2 байхаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд  ч дэмжиж, цаашдаа сумдад байгаа бүх малыг мэргэжлийн Үржил технологийн нэгжийн хяналтад өгөхөөр ажиллаж байна. Ингэхийн тулд Үржил технологийн нэгж дээр ажиллах боловсон хүчнүүдийг бэлдэх, үнэ тарифийг тодорхой болгох хэрэгтэй байгаа.  

Малд үзлэг хийх, ээмэгжүүлэх,  бүртгэлжүүлэх, цаашдаа үржил селекцийн ажил зохион байгуулах тарифийг малчдад сайн ойлгуулах нь чухал. Ямартай ч товлосон газруудаас шилэн сонголт хийж үржлийн цөм сүрэг бий болгоод эхний ээлжид төсөлд хамрагдсан малчдын бүлгүүд, цаашдаа сумын  ард иргэдийн малын чанарыг сайжруулах ажил хийж байна. Ингэхдээ хамгийн эхэнд малд нь үзлэг ангилалтыг хийж, бүртгэж авна. Тэгээд энэ нь таваарт, энэ нь хээлтүүлэгт тохирно гэж ялгаад үржил селекцийн ажлыг зохион байгуулдаг. Үржил технологийн нэгжүүдэд аймгийн төсвөөс тодорхой хэмжээний зээлийн дэмжлэг үзүүлсэн. Одоо Малын тоо толгойн албан татвар Орон нутгийн хөгжлийн санд ороод ирэнгүүт түүний 30 хүртэлх хувиар Үржлийн нэгжүүдээ дэмжье гэсэн чиглэлийг аймгаас өгсөн. Энэ хүрээнд зоотехникч өөрөө тэндээс тийм үүлдэр омогийн мал авчрах шаардлагатай гэвэл тэрэн дээр нь дэмжлэг үзүүлэх юм.

Манай аймагт Малын тоо толгойн албан татвараар 2022 онд  2.3 тэрбум төгрөг орно. Энэ бол хөдөө аж ахуйн салбарт орж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгээд гол нь манай сумын удирдлагууд, газрын даамлууд, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, үржлийн мэргэжилтнүүд хийх ажлаа харилцан ойлголцож ажиллавал мөнгөний гачигдал  байхгүй гэсэн үг. Мөн энэ татвараас малын эрүүл мэнд чиглэлд анхаарах, бэлчээрийг хамгаалах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх гээд олон үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

 

Б.Цэрэнлхам: Төлөвлөлтийг зөв хийснээр малчид тоонд биш чанарт анхаардаг болно

/Архангай аймгийн Ensure төслийн зохицуулагч/

              

Архангай аймаг малын тоо толгойгоороо сүүлийн 10-аад жил улсдаа тэргүүлж байна. Үүнийгээ дагаад байгаль орчин, биологийн олон янз байдал талаасаа сөрөг нөлөөлөл нь ихсэж, бэлчээрийн даац 2-13 дахин хэтрэлттэй байгаа. Жил болгоны Бэлчээрийн мониторингийн судалгаагаар гарч байгаа энэ үзүүлэлт байгаль орчин, экологийн чиглэлд анхаардаг хүмүүст маш эмзэг асуудал. Тиймээс бид менежмент, төлөвлөлтийнхөө асуудлыг хамгийн эхлээд хийж байгаа. Яагаад гэвэл нэг хэсэг ямар ч төлөвлөлтгүй байсан. Малаа хэдээр өсгөх, хэдээр бууруулах вэ гэдгээ аймаг тооцож байгаагүй. Төлөвлөлтийг зөв хийснээр малчид тоонд биш чанарт анхаардаг болох нь манай төслийн гол үр дүн юм. Мэдээж чанартай цөөхөн мал бэлчээд ирэхээр бэлчээр маань сэргэж, бэлчээр стрессдэх асуудал ч багасна. 2019 оноос хойш малынхаа тоо толгойг цөөлсөн малчдын бүлгүүдийн хувьд ахиц дэвшлүүд гарч байгаа.

Би өмнө нь байгаль орчны салбарт ажиллаж байхдаа хүлцэх хэмжээ гэдгийг хүн, мал амьтан, ургамал биологийн олон янз байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэдгээр нь л ойлгож байсан. Тэгтэл Монголын унаган байгалиа хүлцэх хэмжээнд нь тогтвортой байлгах ёстой. Энэнээсээ хэтэрвэл бидэнд аюул занал нүүрлэж байгааг төслийг хариуцан ажиллаж явцдаа илүү сайн ойлгосон. Тухайлбал, манай Бөхөн шарын нуруу бол хангайн нурууны хамгийн төгсгөлийн уул. Экосистемийн хувьд нэлээд эмзэг. Яагаад гэвэл Өлзийт, Эрдэнэмандал, Батцэнгэл Хайрхан гээд дөрвөн сумын мод бэлтгэл тийшээ чиглэдэг. Бэлчээр хүндэрсэн үед отор нүүдэл нь дандаа Бөхөн шарын нуруу зүглэдэг. Ингэснээр зэрлэг амьтны амьдрах орчин хумигдаад ирнэ. Түүнийгээ дагаад уст цэгийн асуудал үүсч, уулын гол горхи талхлагдаад ирдэг. Мөн хулгайн мод бэлтгэлийн асуудал их гардаг. Тийм учраас нутгийн иргэдэд төслийн талаар зөв ойлголт өгч, хэрвээ энэ байгаль чинь энэ хэвээрээ байвал та нар илүү олон жил ашиглах боломжтой. Тиймээс чанартай таваарлаг малтай байх, орлогоо нэмэгдүүлэх өөр боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малаа түргэн эргэлтэд оруулан борлуулах хэрэгтэй гэдгийг ойлгуулахад анхаарч ажиллаж байна.

 

Д.Пүрэв-Очир: 28 малчдын бүлэг маань  жил бүр малаа 5 хувь бууруулахаар гэрээлсэн

/Архангай аймгийн Өлзийт сумын Ensure төслийн идэвхижүүлэгч/ 

2019 оноос Иншүр төсөл манай суманд хэрэгжиж эхлээд мал аж ахуйг хөгжүүлэхээр 28 бүлэг 110 өрхийг хамруулан ажиллаж байна. Онцлон 10 бүлгийг сонгож аваад хонинд нь ангилан ялгалт хийж, хуц ухныг нь ялгаж, малыг нь  чанаржуулаад явж байгаа. Мөн манай суманд “Цөм сүрэг”-ийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд манай суманд 37 хуц, 23 ухна ишиг нийлүүлсэн.

Малчид нэг хэсэг өөрсдийн дур зоргоороо, газар газраас гарал үүсэл нь тодорхойгүй хуц ухна ихээр нийлүүлсэн. Харин Бодлого судлалын газар болон бусад төслийн оролцоотойгоор манай малчдын малд үзлэг ангилалт хийгээд танай сумын байгаль цаг уурын байдал, ноос ноолуурын гарц зэргийг тоооцож үзээд “ЭРЧМИЙН ХАР УХНА, БАЯД ХУЦ” тохирно гээд авчирсан. Энэ ажил үр дүнтэй, амжилттай хэрэгжижиж, малчид малын тоонд бус чанарт анхааръя гэсэн бодолтой болсон. Мэдээж ашиг шим сайтай, сум орон нутагтаа тохирсон мал  өсгөвөл ашиг орлого нэмэгдэх юм байна гэдгийг ойлгож, мэдэрч эхэлсэн.

28 малчдын бүлэг маань Сумын засаг даргатай гэрээ хийж, жил бүр малаа 5 хувь бууруулахаар  тохирсон. 2020 оны байдлаар нийт манай 28 бүлгийн 110 өрхийн  малчид 14 хувиар малаа бууруулж чадсан. Малчдад бодит байдлыг харуулахын тулд 28 бүлгээс нэг бүлгийг сонгож аваад 200 эм хонь ангилан ялгалт хийсэн. Авчирсан баяд үүлдрийнхээ хуцыг хонинд нь тавьсан. Тэгээд хавар төллөхөөс авахуулаад намар хүртэл уг бүлэг дээр анхаарч, эр хургануудад нь хавраас жаахан нэмэгдэл тэжээл өгч, намар эргээд заазанд нядалгаанд оруулах төлөвлөгөөтэй явж байна.

Өмнө нь малчид хонио гурван жил маллаж байж 150-200 мянгаар зардаг байсан бол төслийн хүрээнд хавар гарсан хурга намар нь 150-200 мянгын хооронд үнэ хүрэх хэмжээний өсөх юм. Улмаар малчид 2-3 жил бэлчээрээ талхлаад малаа өсгөх биш, төллөсөн малаа жилдээ шууд эдийн засгийн эргэлтэд оруулаад явах боломжтойг харж мэдрэх юм. Ингэснээр бэлчээр талхлагдахаас сэргийлэх төдийгүй малчдын орлого, хөдөлмөр зүтгэл, цаг хугацаа зарцуулалт зэрэг олон эерэг үр дүнг үзүүлэх юм.  

Цаашдаа ганцхан төсөл гэхгүй төр засгаас нэгдсэн бодлого чиглэл гаргаад ирвэл малчид хамтраад ажиллахад бэлэн гэдгийг бидний ажлын үр дүнгээс харж болно. Өмнө нь ноос ноолуур жин нь их боловч чанарын шаардлага хангахгүй, үнэ хямд байсан. Харин одоо нарийн микронтой эрчмийн ямааны ухна сүрэгт нийлүүлсэнээр ноолуурын чанар сайжирсан. Тиймдээ ч сүүлийн хоёр жил төсөл хөтөлбөрүүдтэй хамтраад ноолуур авч байгаа. Мөн малчид ноолуураа ангилан ялгадаг болчихлоо. Хуучин бол ямаагаа самнахдаа шороотой нь хамаагүй ноолуураа савлаад авчраад өгчихдөг байсан. Сургалтад сууснаар малчид ноолуураа хар цагаан, цайвараар ялгаж, хүйсээр нь хүртэл ангилдаг болж байна. Ингэж ангилсанаар үнийн хувьд ч өөр өөр болж байна. Үнийн тогтворжилт бий болж, үнэлгээ өндөр болоод байна. 100 мянгаар авдаг байсан бол 110 мянгаар авдаг болно. Шошготой болж байна. Ийм их ашигтай ажлыг төрийн бодлогод оруулаад явчихвал үр дүн гарах боломж харагдаад байна.

П.Нарандэлгэр