Байгалийн бэлчээрт суурилсан нүүдлийн мал аж ахуйгаа хамгаалж үлдсэн цөөхөн үндэстний нэг нь монголчууд бид билээ. Улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөр мал сүрэг хувийн өмчид шилжиж, чөлөөт зах зээлд эргэлтгүй орсон тэр цагаас малын тоо тасралтгүй өссөний зэрэгцээ нүүдлийн зай багасан, давтамж нь буурснаас үүдэн бэлчээрийн ачаалал тасралтгүй нэмэгдэн доройтоход хүргэлээ. Бэлчээрийн доройтлыг бууруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан хөтлөх зохистой ашиглалтыг нэвтрүүлэхэд бэлчээрийн хэдий хэмжээний нөөцтэй болох, хэдэн толгой малыг багтаах боломжтой, хэдий хэмжээний бэлчээр хаагуур хэрхэн доройтож байна, доройтсон бэлчээр сэргэх эсэх, доройтсон бэлчээрийг сэргээхэд хэдий хугацаа шаардагдах зэрэг олон асуултууд бидний өмнө тулгарч байна.
Бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх анхны алхмыг хийсэн Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслөөс холбогдох яам, агентлаг, их сургуулиудтай хамтран Монгол улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг судлан тогтоох, сайжруулахад чиглэсэн үнэлгээ, мониторинг болон менежментийн аргачлал, ажиллагааг шинээр боловсруулж нэвтрүүлээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь бэлчээрийн мониторингийн шинэчилсэн аргачлал, ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж үндэсний хэмжээнд бэлчээрийн экосистемийн төлөв байдлын өөрчлөлтийн мэдээллээр хангах зорилгоор бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй, дүн мэдээ боловсруулан тайлагнах шинэчилсэн аргачлалыг ашиглан бэлчээрийн төлөв байдлыг засаг захиргааны анхан шатны нэгж болох багийг төлөөлсөн 1516 цэг дээр хянаж байна.
Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж тодорхойлох, бэлчээр ашиглалтын бүс нутаг, орон нутгийн нөхцөлд тохируулсан орон зайн иж бүрэн менежментийн зөвлөмжийг боловсруулах онолын үндэслэл, экологийн талбарын тодорхойлолт хэмээн эдүгээ нэрлэгдэх болсон шинэ аргачлалыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), ЦУОШГ-ын мэргэжилтнүүд Ногоон Алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран боловсруулсан нь Монгол орны нөхцөлд баримтлах үндсэн загвар болон баталгаажиж үндэсний түвшинд нэвтрээд байна. Дээр дурдсан бэлчээрийн экосистемийн мониторингийн дүн мэдээнд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлын анхны ба хоёр дахь удаагийн тайланг 2015, 2018 онуудад “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан” нэрээр тус тус гаргаж албан хэрэгцээнд зориулан Засгийн газрын холбогдох яам, агентлагт хүргүүлж, олон нийтэд танилцууллаа.
Энд дарж ҮНДЭСНИЙ ТАЙЛАН -г үзнэ үү.