МБАНХ-ны Зөвлөх баг Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хөвсгөл аймагт “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах, сумдад Мөшгих тогтолцооны систем нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангах зорилгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Зөвлөх баг тус аймагт ажиллаж байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2016 оноос ШХА-ийн “Ногоон Алт, малын эрүүл мэнд” төслийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам, Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд энэ удаагийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Хөвсгөл аймгийн нийт бэлчээр нутгийн 60 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон судалгааны дүн гарсан бөгөөд энэхүү бэлчээрийн доройтол нь малчин өрх, цаашлаад сум орон нутгийн орлогод тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Иймд НАМЭМ төсөл хэрэгжсэн таван сумын туршлага, гарсан үр дүнг үндэслэн эхний ээлжинд тус аймгийн Баянзүрх суманд хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөн ажиллах юм. МБАНХ-ын Зөвлөх багийн гишүүд болох Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Бэлчээр, мал аж ахуйн зөвлөх Б.Мэнджаргал, Малчдын байгууллагын хөгжлийн зөвлөх Л.Ганцогт, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд нар өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ГХБХБГ-ын дарга Б.Ганзориг. Хэлтсийн дарга З.Нямбаяр, мэргэжилтэн Ч.Шижирбаатар, УЦУОШГ-ын дарга Г.Адъяасүрэн, Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Д.Цогоо, Мал эмнэлгийн газрын өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Баярмаа нартай уулзлаа.

Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.ИдэрбаясгаланМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Таван төрлийн малын үржлийн ажлын 2020-2030 оны стратеги төлөвлөгөө зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангахаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа юм. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” зөвлөх үйлчилгээг авахаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, Баянзүрх суманд “Малчдын  хамтын байгууллага,  бэлчээрийн сэргэх чадавхад үндэслэсэн зохистой ашиглалтын менежмент хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх” талаар сургалт зохион байгуулахад хамтран ажиллах болсонд баяртай байна. Манай аймгийн 5 суманд хэрэгжүүлсэн НАМЭМ төсөл нь маш үр дүнтэй ажлууд хийгдсэнийг харж мэдэрч байна. Аймгийн мал эмнэлгийн салбарт, малчдын эдийн засгийн асуудалд, хоршоодыг бэхжүүлэх, үндэсний үйлдвэрүүдтэй холбож өгөх зэрэг маш олон чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг судалсан. Тиймээс Хөвсгөл аймгийн бусад сумдад та бүхний хийсэн ажлыг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд Баянзүрх суманд ажиллая. Цаашид бусад сумдад амжилттай нэвтрүүлэхийн тулд шаардлагатай төсөв хөрөнгийг аймгийн төсөвт суулгаж, аймгийн агентлагуудтай нягт хамтран ажиллаж, төрийн байгууллагын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Малчдын нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэж, байгаль орчноо хайрлан хамгаалж, бэлчээрийг зөв зохистой ашиглах нь маш чухал. Тиймээс та бүхний туршлага, ололт амжилтыг үндэс суурь болгон хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэлээ.

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь малчдын уламжлалт бэлчээр ашиглалтад суурилсан бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ байгуулах талаар хөдөөгийн багуудад сургалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх ажлыг гүйцэтгэж, шинээр БАХ байгуулах ажлыг малчдын санал хүсэлтийг үндэслэн сум, багийн удирдлага, мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг. Бэлчээрийн сэргэх чадавх, малчдын хамтын байгууллага /БАХ/ дээр үндэслэсэн бэлчээрийн зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх болон бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг үнэлэх фотомониторингийн судалгаа хийх чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулдаг. Мөн малчдын Хоршоо, БАХ-ийн гишүүдийн бүртгэл болон түүхий эдийн мэдээллийг “Хариуцлагатай нүүдэлчин” систем буюу малын гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системд оруулах, уг системийг нэвтрүүлэх, ажиллуулах талаар арга зүйн зөвлөмж өгөх, чадавхжуулах ажлыг хийж гүйцэтгэж ирсэн туршлагатай. Хөвсгөл аймгийн хувьд 2016 оноос таван суманд Ногоон алт, малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж ирсэн. Төсөл хэрэгжсэн сумдаас гарсан үр дүн, туршлагыг цаашид үргэлжлүүлэх нь маш чухал. Бид бэлчээрийн чиглэлийн мэргэжлийн байгууллагын хувьд та бүхнийг арга зүйгээр хангаж ажиллах болно. Тиймээс аймгийн ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ, МЭГ зэрэг холбогдох агентлагийн нягт хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй” гэв.

Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд  “Швейцари улс хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, алсын хараагаа том байлгаж, түүндээ тохирсон төлөвлөгөө гаргаж чаддаг учраас өндөр хөгжилтэй орон болсон. Тэр ч утгаараа манай улсад хэрэгжүүлсэн НАМЭМ төсөл нь өнөөдөр “Хариуцлагатай нүүдэлчид” системийг бий болгож өглөө. Тэд малчдад чиглэсэн бодлого явуулж, эдийн засаг нийгмийн асуудлыг шийдэхэд тусалж, улмаар бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, сайжруулсанаар эргээд эдийн засгаа дэмжиж, зах зээлд амжилттай бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх боломж бололцоо нээгдэнэ гэдгийг батлан харууллаа. ШХА-ийн НАМЭМ төслийг МБАНХ хэрэгжүүлсэн. Тиймээс 17 жилийн хугацаанд Монгол Улсын 18 аймаг 160 гаруй суманд хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага мэдлэг дээрээ тулгуурлан Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд Малчдын хэсэг бүлэг байгуулж, Сумын бэлчээр ашиглагчдын холбоотой болгох, Түүхий эдийн хоршоо, Малчдын дундын сан байгуулах зэрэг анхан шатны  бүхий л ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллахаар болсон” гэлээ.  

Зөвлөх багийн гишүүд энэ сарын 18-25 ны өдрүүдэд тус аймагт ажиллах бөгөөд Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах чиглэлээр боловсруулж бэлтгэсэн журмын төслийн эхний хувилбарыг аймгийн холбогдох байгууллага, газарт танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах, төсөлд тусгах ажлыг гүйцэтгэнэ. Мөн Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийг зорилтод сумдын удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөлд танилцуулж хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах юм.

  

Зөвлөх баг маргааш  Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралд оролцон мэдээлэл хийж, дараа нь Алаг-эрдэнэ, Хатгал сумдад ажиллана.

П.Нарандэлгэр