“Хүннү Фэйшн” брэндийн түүхий эдийг

2019 оноос эхлэн Хүннү рок урсгалаар аялан тоглолтууд хийж, дэлхийн рок хөгжмийн ертөнцөд нь өндөр амжилт үзүүлж яваа “The Hu” хамтлаг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг баталгаажуулсан "Хариуцлагатай нүүдэлчид" цахим системийг онцгойлон дэмжихээ илэрхийлээд буй.

Энэ хүрээнд МБАНХ-ны төв байранд /2021.07.23/ ШХА-ийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, "Малчдын Ногоон алт" Дундын хоршооны дарга С.Жамбалдорж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Зөвлөх Л.Ганцогт, Хүннү Фэйшн компанийн Гүйцэтгэх захирал С.Гансүх нар хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.  

“The Hu” хамтлаг Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжиж, хамтран ажиллахаар болсон. Тиймээс тус хамтлагийн гишүүдийн эдэлж, хэрэглэж буй Монгол хүний ур ухаан шингэсэн урлагийн болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхдээ "Хариуцлагатай нүүдэлчид" цахим системийг ашиглан түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх талаар талууд санал солилцов.

Тус хамтлагийн урлагийн болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг “Хүннү Фэйшн” компани хийж гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн олон шүтэн бишрэгч нарт таалагдаж, захиалга ихээр ирэх болсон. Иймд гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг ашиглан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц шинэ брэнд болж чадна. Учир нь “The Hu” хамтлагийн аялан тоглолтуудын үеэр шүтэн бишрэгчдэд зориулсан худалдаа явуулж, судалгаа авсан гэдгийг Хүннү Фэйшн компанийн Гүйцэтгэх захирал С.Гансүх онцолж байлаа.

Дашрамд дуулгахад, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой тохиосон жил /2012 он/ Хүннү рок шинэ урсгалын анхны суурь тавигдаж, шинэ рок урсгалыг даган “Хүннү Фэйшн” компани байгуулагдаж, судалгааны ажлуудаа эхлүүлж байжээ. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч компаниудын нэгдэл болон “Хүннү Фейшн” брэндийг хөгжүүлэн Монголын төдийгүй дэлхийн зах зээлд гаргахаар хамтран ажиллаж буй. Тус нэгдэл нь үндэсний хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан арьсан эдлэл, үнэт эдлэл, оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хөгжмийн зэмсэгийн чиглэлээр брэндээ хөгжүүлж байгаа юм.

      

П.Нарандэлгэр