Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил олон салбарт хувьсал хийж байгаагийн нэг нь мэргэжлийн боловсролын салбар юм. Шинжлэх ухаан технологийн энэхүү ололтыг ашиглан алслагдсан аймаг сумдад ажиллаж байгаа малын эмч нарыг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтад тасралтгүй хамруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зайн сургалтын ухаалаг танхим шинээр байгуулж өгчээ.
Тус танхим өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийж байгаагийн зэрэгцээ анхны сургалтаа зохион байгуулж эхлээд байна. Тус танхимын нээлтийн арга хэмжээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Ногоон алт, малын эрүүл төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан нарын тэргүүтэй удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтэд, багш нарын төлөөлөл оролцов.
Нийт 180 хүний суудалтай тус танхим нь видео хурлын тоног төхөөрөмж, өргөн нэвтрүүлгийн систем, акустик систем, ухаалаг дэлгэц, их багтаамжтай компьютер, хэвлэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд төслөөс 124.4 сая, ХААИС-иас 35.4 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Тус танхим ашиглалтад орсноор нарийн мэргэжлийн багш нар аудио, видео, яриа хослуулсан сонирхолтой хэлбэрээр хичээлээ бэлтгэн оюутнуудад зааж сургах боломж бүрдэж байгаагаас гадна тухайн хичээлд алсаас оролцох байдлаар танхимын болон зайн сургалт (distance learning)-ыг хослуулан зохион байгуулах боломжтой болж байна.
Цаашид тус танхимын материаллаг баазыг түшиглэн бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан, хөдөө орон нутгийн малын эмч нарт зориулсан цахим сургалт (e-learning) зохион байгуулах, улмаар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зорилт тавьж байна. Цахим сургалтад зориулан мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд Мал, амьтны халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчин, Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, Малын эмийн зохистой хэрэглээ сэдвээр 11 цуврал дижитал гарын авлага, 5 цуврал видео хичээл бэлтгэх ажлыг тус төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж мэдээллийн санд хүлээн аваад байна.
МЭЕГ-аас байгуулсан гэрээний дагуу Монголын мал эмнэлгийн тархварзүйч нарын холбооноос зохион байгуулж байгаа орон нутгийн тархвар зүйчдэд зориулсан сургалтад 21 аймаг, нийслэл, 330 сумаас нийт 443 малын эмч, мэргэжилтэн оролцохоор бүртгүүлжээ. Сумдын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч нарын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаан ур чадварыг хөгжүүлэх, Мал эмнэлгийн нэгдсэн системийн хэрэглээг сайжруулах, Мал, амьтны өвчний бүртгэл, мэдээллийн менежментийг боловсронгуй болгох, өгөгдлийн санд боловсруулалт дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон нийтэд хүргэдэг болох, Өвчний гаралт, тархалтын зураглал хийх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтыг өнөөдөр нээлтээ хийж байгаа зайн сургалтын танхимаас ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш нартай хамтран зохион байгуулж эхлээд байна.
Кодид-19 цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул өнөөдөр олон хүн хамруулсан сургалт, арга хэмжээ зохион байгуулах боломж хязгаарлагдсан байгаа. Гэсэн хэдий ч бүх аймаг сумдын мал эмнэлгийн тархвар зүйчдыг хамруулсан чухал ач холбогдолтой сургалтыг тус сургуулийн зайн сургалтын танхимыг ашиглан цаг алдалгүй зохион байгуулж байгаа нь мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээг шинжлэх ухааны дэвшилтэд технологи, баримт нотолгоонд тулгуулан үр дүнтэй хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Алсын зайн сургалт нь цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байгаа төдийгүй сургалтад оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмжийг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.