Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Мал аж ахуй, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө” сэдэвт ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Монголын Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь (ENSURE) төсөл. Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтад Говь-Алтай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгмаа, Эрдэнэ Сумын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, Сумын ЗДТГ-ын мал аж ахуй, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, Багийн Засаг дарга нар, ENSURE төслийн орон нутгийн ажилтан, Сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, Сумын бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн ахлагч. Малын үржүүлэг технологийн нэгжийн ажилтан нар оролцов. Сургагч багшаар МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, МБАНХ-ны зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны мэргэжилтэн Л.Ганцогт, МБАНХ-ны судлаач С.Сүмжидмаа, ENSURE төслийн зөвлөх Ч.Арилдий, ENSURE төслийн зөвлөх Б. Мандах нар ажиллалаа.
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг сургалтыг нээж хэлэхдээ “Бид төсөл хэрэгжиж байгаа аймаг сумдад малын тоо толгойг хэрхэн зүй зохистой тогтоож, зөв зүйтэй зохион байгуулах вэ гэдэг чиглэлд анхаарал хандуулан сургалтын хөтөлбөр бэлтгээд явж байна. Энэ удаад Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынхан оролцож байгаад баяртай байна. Манай холбоо нь НАМЭМ төсөл болон НҮБ-ын Ensure төслийн хүрээнд Эрдэнэ суманд зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Хэдийгээр “Малын тоо толгойн албан татвар” хураах ажлыг оны эхний хагас жилийг дуустал хойшлуулсан байгаа ч Орон нутгийн хөгжлийн сангийн журмаар ирэх онд хийх ажлаа төлөвлөх, түүндээ хүмүүсээ бэлтгэх зорилгоор сургалтыг хийж байна” гэдгийг онцолсон.
Сургалтаар бэлчээрийн зохистой ашиглалтыг малчдын оролцоотойгоор, бэлчээрийн экологийн чадавх, сэргэх чадварт үндэслэн зохион байгуулахад “Малын тоо толгойн албан татвар”, “Орон нутгийн хөгжлийн сан”-г оновчтой ашиглах, Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлт болон даац ачааллын одоогийн байдлыг тогтоох, явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалт, мал маллагааны арга технологийг тохируулах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх мэдлэг, ур чадварыг ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтэн, багийн Засаг дарга нар, малчид, малчдын хэсэг бүлэг, холбооны төлөөлөлд олгох зорилготой юм.
Сургалтад оролцогчид “Малын тоо толгойн албан татвар” тогтооход харгалзан үзэх итгэлцүүрийг тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн болон уламжлалт мал аж ахуй эрхлэж, бэлчээр ашиглаж ирсэн онцлогтоо тохируулж зөв ашиглах ур чадварыг эзэмших, Татварын орлогыг мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн менежментийн шинэлэг арга технологийг хэрэгжүүлэх, нутагшуулахад чиглүүлэх чадварыг эзэмших, Уламжлалаараа дундын бэлчээрээ хамтран ашиглаж ирсэн нэг нутаг усны малчид хамтран хэрэгжүүлэх ажилд шаардагдах санхүүгийн асуудлаа орон нутгийн хөгжлийн санд тусгах байдлаар шийдвэрлэх арга барилыг эзэмшлээ.
П.Нарандэлгэр