“Тэсийн голын Монголчууд” төслийн хүрээнд малчдад түшиглэсэн “Хот айл” аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэхээр эхний ээлжинд сонгогдсон Завхан аймгийн Тэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Тэс сумын малчдын төлөөллийг мэдээллээр хангаж, сургах ажлууд /2020.10.07-08/ хийгдлээ. Төсөлд сонгогдон аялал жуулчлал эрхлэх хот айлын гишүүд эхний өдөр танхимын сургалт авсан бол хоёр дахь өдөр Улаанбаатар хотоос 55 км-т байрлах Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрийн Онгоцтын аманд байрладаг аялал жуулчлалын бизнес эрхлэгч морин аялалын “Гэр кэмп” болон “Тэрэлж Лож” гэр жуулчны баазын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр сургалтад хамрагдсан оролцогчид “Малчин бидэнд маш их боломж бололцоо байдаг гэдгийг энэ хоёр өдрийн сургалтаар мэдэж авлаа. Танхимын сургалтаар гадаад дотоодын жуулчдад хэрхэн үйлчлэх, юуг анхаарах, ямар хоол хүнс өгөх зэрэг мэдээллүүдийг авсан. Харин бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа газар ирж, нүдээр харах нь сонссон бүхнээ баталгаажуулах боломжийг олголоо. Бид сурсан мэдсэн бүхнээ ажил хэрэг болгоход анхаарах болно. Хамгийн чухал зүйл бол нойлын асуудал юм байна. Үүнийг яаж шийдэх боломжтойг ч мэдэж авлаа. Сурсан мэдсэн бүхнээ сайн хэрэгжүүлж, малчин түмэндээ жишээ болохуйц ажлыг хийх болно. Нөгөө талаар монгол ахуйг өвлөн тээгч малчин хүн гэдэг Монгол Улсын баялаг, үндэсний дархлаа гэдгийг илүү сайн ойлгож ухаарлаа. Ийм сайхан төсөлд хамтран ажиллах боломж олгож, анхдагчид болсондоо баяртай байна. Та бидний цаашдын хамтын ажиллагаа улам батжин, өргөжиж, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хэлж байсан юм.
Мөн энэхүү сургалтын хүрээнд аялал жуулчлалын хэсгийн хот айлын ахлагч нарт бага оврын автобус хүлээлгэн өгсөн билээ.
П.Нарандэлгэр