Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хангах асуудлаар зөвлөлдөж байна

Монголын ноос ноолуурын салбарт тогтвортой байдлыг хангахад малчдын Хоршоодын оролцоо, сайн туршлагын талаар оролцогч талууд зөвлөлдөж байна. “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт тус зөвлөгөөнийг Блью Скай зочид буудлын Жейд танхимд зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний үеэр AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг танилцуулж байна.

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, ХХААХҮЯ, Дэд сайд Г.Батсуурь Европын Холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люка, БНФУ-ын ЭСЯ, ХАА-н атташе Кристоф Ланселот, Европын Холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн танилцуулга AVSF Монгол, Суурин төлөөлөгч Гиюм Туати, Төслийн менежер У.Сарангоо, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, МБАНХ-ны Хоршооны зөвлөх С.Жамбалдорж тэргүүтэй орон нутгийн тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч Хоршоодын гишүүд, үндэсний үйлдвэрүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөний үеэр тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч малчдын Хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой, гэрчилгээжсэн, мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг танилцуулж, малчнаас хэрэглэгч хүртэлх нэмүү өртгийн сүлжээнд тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар санал солилцож байна. Хоршоод байгальд ээлтэй, нийгэмд тэгш хүртээмжтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй буюу тогтвортой аргаар ноос, ноолуур бэлтгэж, гадаад, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нэмүү өртөг шингээн нийлүүлж байгаа сайн жишээнүүд байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, түүхий эдийн эргэлт баталгаатай болж байгаа тулмалын чанарт анхаарах, тоог нь бэлчээрийн даацад тохируулан бууруулах, бүр цаашилбал монгол ахуй соёл, монгол малын ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах боломж бүрдэж байгаа талаар ярилцаж байна. Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монголын ноос, ноолуур үйлдвэрлэлд тогтвортой байдлын зарчим, шаардлагуудыг хэрхэн тусгах талаар Зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм.

П.Нарандэлгэр