Дэлхийн Хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дэлхийн хүнсний өдөрт зориулан Blue Sky зочид буудалд /2020.10.16/ зохион байгуулсан арга хэмжээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Б.Мэнджаргал оролцлоо. Тус арга хэмжээний нээлтэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар үг хэлсэн юм.

Түүх сөхвөл, Дэлхийн II дайны дундуур, 1943 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар зарлан хуралдуулж энэ хурлаас гаргасан шийдвэрийн дагуу дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилготой байгууллага 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагдсан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ байсан аж. 1981 онд хуралдсан тус байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас аравдугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтсоноос хойш энэ жил 40 дэх удаагаа тэмдэглэж байна. Өдгөө дэлхийн 150 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуанлийн хамгийн өргөн тэмдэглэдэг өдрүүдийн нэгд тооцогддог ажээ.

2019 оны байдлаар дэлхийн хүн амын 9 орчим хувь буюу 690 сая шахам хүн өлсгөлөн, 750 сая гаруй хүний хүнсний баталгаат баталгаат байдал ноцтой хэмжээнд алдагдсан байдалд амьдарч байна гэсэн тооцоог ХХААБ-аас гаргажээ. Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 75 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар чармайж буй онцгой мөчид тэмдэглэж байна. Тиймээс хамтдаа босгох ирээдүйн төлөө энэ жилийн дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний чухал хэсэг нь хүнс, хөдөө аж ахуй болохыг тодотгож байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдсэн хямралд хамгийн ихээр нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаа сая сая хүмүүс хямралыг даван туулахад туслахад дэлхий нийт анхаарлаа хандуулан, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эв нэгдэлтэй байхыг энэ өдөр уриаллаа.

Энэ удаагийн араг хэмжээний хамгийн онцгой хэсэг нь “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдвээр Монгол Улсад суугаа АНУ, Энэтхэг, Япон, ОХУ-ын элчин сайд нарын хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тэд хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хоол хүнсний хорогдол, хаягдал, шим тэжээлийн дутагдал, түүнээс үүдэлтэй элдэв өвчлөл зэрэг дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг олж дорвитой өөрчлөлтийг одоо л хийхгүй бол сэргийлж болох боловч чадаагүй олон асуудлын төлөөсийг үр хойч маань төлж болзошгүй байна. Үүний нэг нь одоогийн хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж оновчтой хийх талаар бидэнд тодорхой зүйл бага байна. Ялангуяа цар тахлын энэ үе асуудлыг улам төвөгтэй болгож байна. Мөн Монгол Улсын хүнсний хангамж, шим тэжээл, өөрийн орны онцлогийг хадгалж, дэлхийн зах зээлд гарах боломжуудын талаар элчин сайдууд санал бодлоо илэрхийлж, гарц шийдлийн талаар ярилцсан юм.

Монгол Улсын Хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал, шимт чанар-2020” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм.

П.Нарандэлгэр