Монгол ахуй, ёс заншил, өв соёл, уламжлалыг сурталчилан таниулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Тэсийн голын Монголчууд” төслийн ээлжит сургалтыг МБАНХ-наас зохион байгуулж байна. Сургалтад Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны газрын мэргэжилтэн Д.Тогтохсүрэн, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа болон Завхан аймгийн Тэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Тэс сумын малчдын төлөөлөл оролцож байна.
Энэхүү төслийг цаашид тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг мэдээлэл олгох зорилготой тус сургалт хоёр өдөр үргэлжлэх юм. Сургалтаар малчид аялал жуулчлалыг цаашид хэрхэн тогтвортой эрхлэх, гадаадын жуулчидтай хэрхэн харилцах харилцааны соёл болон жуулчдад зориулсан хоолны бэлтгэлийн талаар суралцлаа. Тухайлбал, Орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн тогтвортой эрхлэх, үйлчилгээний соёл зэрэг сэдвээр Монголиан Гайд Тур компаний захирал Ч.Буянбадрах мэдээлэл өглөө. Мөн жуулчдыг гэртээ хүлээн авч Монгол ахуйгаа таниулдаг ХоостАйл үйл ажиллагааг санаачлагч Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо нар жуулчдад үзүүлэх хоолны үйлчилгээнд анхаарах зүйлс, хоол бэлтгэх жор болон өөрсдийн туршлагаас хуваалцлаа.
Харин маргааш аялал жуулчлалын бизнес эрхэлдэг “Гэр кемп”-ийн үйл ажиллагаа эрхэлдэг өрхтэй танилцаж, дээрх сумдад аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр загвар болон сонгогдсон хэсгийн хот айлын ахлагчдад бага оврын автобус хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
П.Нарандэлгэр