Загвар сумдын СБАХ, АБАХ нар Борнуур суманд туршлага судлав

Швейцарын хөгжлийн агентлагийн  “Ногоон-Алт,  малын эрүүл мэнд төсөл”-ийн /НАМЭМ/ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/ нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх тогтолцоог нутагшуулах, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлэх загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байгаа юм.

“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хөгжүүлэх загвар загвар байдлаар хамтран ажиллаж буй шинэ долоо болон дунд дөрвөн аймгийн 17 сумын СБАХ-ийн тэргүүн, 11 аймгийн АБАХ нарыг чадавхжуулах хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтын эхний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин вилла сургалтын төвд мэдээлэл өгсөн. Харин хоёр дахь өдөр оролцогчид Төв аймгийн Борнуур суманд очиж, “Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийн хүрээнд Борнуур сумын малчдаас бэлтгэж буй “Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” мөшгөх үйл ажиллагаатай танилцлаа.  

Дараа нь Борнуур сумын Соёлын ордонд  МБАНХ-ны сургалт авч, Борнуур сумын эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерүүд болон СБАХ, БАХ-ын үйл ажиллагаа, тэргүүн туршлагын талаар мэдээлэл сонсож, харилцан санал бодлоо хуваалцсан юм. Мөн энэ үеэр Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Улсын тэргүүний “Борнуур Бортолгой хоршоо”–ны үйл ажиллагаатай танилцаж, малчдын байгууллагыг хэрхэн хөгжүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлсэн талаар мэдээлэл авч, туршлага солилцлоо.

П.Нарандэлгэр