Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт, малын эрүүл мэнд төсөл”-ийн /НАМЭМ/ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/ нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх тогтолцоог нутагшуулах, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин вилла сургалтын төвд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлэх үүднээс загвар сумдын СБАХ-ийн тэргүүн, АБАХ-ны гүйцэтгэх захирал нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/ болон Малчдын Ногоон алт дундын хоршоо /МНАДХ/-ны ажилтнууд болон шинэ долоо болон дунд дөрвөн аймгийн 17 Сумын бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/-ны тэргүүн, 11 Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо /АБАХ/-ны Гүйцэтгэх захирал нарыг чадавхжуулж, харилцан туршлага судлах ажлыг хийж байна.
Тодруулбал, Загвар байдлаар хамтран ажиллаж буй шинэ долоо болон дунд дөрвөн аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ)-ны тэргүүн, түүний дэргэд байгуулагдсан сумын анхан шатны хоршоо, Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо (АБАХ)-ны гүйцэтгэх захирал нарт БАХ-ийг хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх тогтолцоог нутагшуулах, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өдрийн танхимын, нэг өдрийн газар дээр нь очиж суралцах сургалтыг зохион байгуулж байна.
Энэ үеэр малчны хотноос түүхий эд бэлтгэлийн байгууллага хүртэлх, хоршооноос үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд хүрэх зам, RMTS бүртгэлийн системийн бүртгэл, үндсэн 6 стандарт болох бэлчээр, малын эрүүл мэнд, хариуцлагатай малчид, малын тавлаг байдал, байгаль орчин, түүхий эдийн чанарын үзүүлэлт нь ямар агуулгаар баталгаажих зэрэг мэдээллийг өгч байна. Мөн шинээр хамтран ажиллаж буй загвар СБАХ-ны тэргүүн нарт гэр интернетийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.
Сургалт маргааш газар дээрээс нь суралцах буюу Төв аймгийн Борнуур сумын СБАХ, БАХ-ын үйл ажиллагаа, тэргүүн туршлагын талаар туршлага солилцох уулзалтаар үргэлжилнэ. Энэ үеэр “Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системд Борнуур сумын малчдаас бэлтгэж буй “Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” мөшгөх үйл ажиллагааг үзүүлнэ. Мөн АБАХ-ны удирдлагуудад үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах, хагас жилийн санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлтэй танилцаж зөвлөмж өгнө. Түүнчлэн МБАНХ-ны бүтээгдэхүүн үйлчилгээ, гишүүнчлэлийн журмыг АБАХ, СБАХ, Хоршоо, малчдын төлөөллөөр хэлэлцүүлж санал авах юм. .
Сургалтын үр дүнд "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг загвар сумдад нэвтрүүлснээр малчны хотонд бэлтгэгдэж буй түүхий эд нь бэлчээр, байгаль орчин, мал амьтанд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой, мөшгөх боломжтой болохыг баталгаажуулж олон улсын зах зээл дэх нэр хүнд үнэлэмжийг өсгөх улмаар малчдын амьжиргаа, бэлчээр, байгаль орчинг сайжруулах боломж бүрдэнэ. Мөн АБАХ-ын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн чанар, санхүүгийн сахилга бат сайжирч, АБАХ, СБАХ-ны сайн туршлагуудыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
П.Нарандэлгэр