Бороогоулд ХХК-ийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, туршлага солилцох уулзалт, үзүүлэх сургалт /2020.08.21/ Сэлэнгэ аймгийн Баянгол суманд боллоо. Бороогоулд компанийн санхүүжүүлж буй биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ ажиллаж байгаа ба Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Доргонтын бэлчээрийн экосистемийг сайжруулах болон Бортолгойн зурвасан ойн экосистемийг дүйцүүлэн хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.
Энэ бүс нутгийн газар болон бэлчээрийн доройтол нилээн
хүнд түвшинд хүрсэн байсан
Танилцуулга уулзалтын эхэнд МБАНХ-ны зөвлөх Д.Булгамаа хэлэхдээ “Энэ удаагийн туршлага солилцох уулзалт, үзүүлэх сургалтыг нилээн өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Төслийг хэрэгжүүлэгч Бороогоулд ХХК, төслийн гүйцэтгэгч МБАНХ, ХХААХҮЯ-ны дэргэдэх ХАА-н Шинжлэх ухааны Нэвтрүүлэх төвийн төлөөллүүд, Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумын малчдын төлөөлөл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сант, Орхонтуул, Орхон, Мандал сумын малчид болон Баянгол сумын Гонир, Хараа, Баян багийн иргэдийн төлөөлөл оролцож байна.
Уулзалт, сургалтаар бэлчээрийн экосистемийн үнэ цэнэ, түүнийг хэрхэн хамгаалж сэргээх, ашиглалтыг тохируулснаар бэлчээрийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаа хэрхэн сайжирч байгаа болон Доргонт БАХ- ийн бүлгийн ахлагч нар Дундын сан, Эрсдэлийн сан, Зөгий төслийн үр дүнгийн талаарх танилцуулга хийнэ. Харин бэлчээрийн ачаалал бууруулах, тэжээлийн хангамж нэмэгдүүлэх зорилгоор ногоон тэжээл тариалах, гар тэжээл, дарш бэлтгэх, доройтсон бэлчээрт үр тариалах туршилт зэргийг газар дээр нь очиж танилцуулах юм. Мөн Атаршиж орхигдсон талбайн анхны төлөв болон мод бутаар хийсэн нөхөн сэргээлт, олон наст ургамлын нөхөн сэргээлт, хашиж хамгаалагдсан талбайн биологийн олон янз байдлын сэргэлтийг үзэж танилцан, сонирхсон асуултууддаа хариулт авах боломжтой. Энэхүү төсөл маань Бэлчээрийн экосистемийг сайжруулах, ойн зурвас байгуулах гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж ажил гүйцэтгэж байна. Энэ бүс нутаг маань ашиглалт ихтэйгээс болоод газрын болон бэлчээрийн доройтол нилээн хүнд түвшинд хүрсэн байсан. Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн үндсэн үр дүн нь экосистемийн бүтэц, үйлчлэл буюу биологийн олон янз байдал, ургамлын төрөл нь илүү нэмэгдэж ургасан байх ёстой юм. Шувууд амьтад нэмэгдсэн байх ёстой. Энэ бүхнийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд бэлчээрийн менежмэнтийг сайжруулах ёстой гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байна” гэлээ.
Бороогоулд компани Монгол Улсад хариуцлагатай, аюулгүй уул уурхайг
хөгжүүлэхийн төлөө зорьж ажилладаг
Бороогоулд компанийн Байгаль орчны менежер н.Лхамсүрэн хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээ маань 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бороогоулд компани Монгол Улсад хариуцлагатай, аюулгүй уул уурхайг хөгжүүлэхийн төлөө зорьж ажилладаг. Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим нь тухайн компани үйл ажиллагаа явуулж байгаа газар нутагтаа байгаль орчин болоод хүний аюулгүй байдалд хариуцлага хүлээх чадвартай байхыг шаарддаг. Бид үйл ажиллагааныхаа алхам тутамд энэхүү үндсэн зарчмыг тусгасан байгаль орчны бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, байгаль орчны бодлогын хүрээнд байгаль хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнийг бууруулахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ирсэн. Бид байгаль орчны хамгааллын чиглэлээр Монгол Улсын болон олон улсын тэргүүн туршлага, стандартуудыг мөрдөж ирлээ” хэмээн онцолсон юм.
Ойн зурвас байгуулж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн нь
Баянгол сумандаа тэргүүн туршлага болсон
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат хэлэхдээ “Бороогоулд компани манай Баянгол сумын элсэн бүрхэвч ихтэй газрыг сонгон авч дүйцүүлэн сэргээх ажлыг хийж байна. Анх 5 жилийн гэрээ байгуулан ажиллаж, эхлэсэн ч одоо 10 жил болгон сунгасан. Төслийн хүрээнд 2018 оноос Бортолгойн тариалангийн орхигдож эвдэрсэн 46 га талбайд ойн зурвас байгуулж нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн нь Баянгол сумандаа тэргүүн туршлага болсон. Энэ жилээс манай суманд үйл ажиллагаа явуулдаг бусад уул уурхайн компаниуд сумын төвд мод тарих ажлыг Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн хүрээнд хийж байна. Мөн тарьсан моддыг арчилж, тордож, услах ажлыг хийж гүйцэтгэх иргэдийн цалингийн зардлыг хариуцаж байгаа. Доргонт БАХ-т бэлчээрийн 7000 га талбайг хамгаалан бэлчээрийн менежмэнтийг сайжруулан ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлж байна. Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотой энэ бүх ажлыг уялдуулж байгаа юм.
Туршлага солилцох уулзалт, үзүүлэх сургалтад оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Доргонт БАХ–ийн Бүлгийн ахлагч М.Янжинлхам:
Би энэ ажлыг хийж эхлээд 2 жил болж байна. Дундын сан, гар тэжээл бэлтгэх төсөл дээр ажиллаж байгаа. Манай суманд дээрх ажлууд хийгдсэнээр малчдын хамтын ажиллагаа их сайжирч, нийтэч хамтач болж байна. Бүлгийн зохион байгуулалтад орлоо. Мөн “Нисдэг сүрэг” төслийн хүрээнд зөгийн аж ахуй эрхлэн ашиг шимийг нь хүртэж байна. Зөгийн аж ахуйн эрхлэх нь их сайхан ажил. Хэдийгээр малчин хүн цаг наргүй ажилладаг ч гэлээ зөгийн аж ахуй эрхлэх нь маш том боломжийг олгож байна. Боломжтой гэдгийг нотлохын тулд эхлээд өөрсдөө цаг заваа гаргаж, туршилт хийгээд явж байна. Болж байна. Эхний жил ажил амьдралынхаа нэг хэсэг болгох гэж жаахан анхаарал их шаардсан. Тэр үед 4 бүл зөгийтэй байсан бол энэ жил 8 бүл зөгийтэй боллоо. Одоо бидний ажлын үр дүнг хараад 4-5 малчин өрх нэмэгдээд бүгд хамтдаа нэг зорилгот ой ажиллаж байна. Энэ бол малчин бидэнд боломж байна гэдгийг харууллаа. Үнэхээр баяртай байгаа. Магадгүй зөгий үржүүлгийн ажлыг өргөжүүлж нутаг орныхоо нэрээр өөрийн гэсэн брэндтэй болчих юм билүү.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Доргонт БАХ–ийн ахлагч Б.Ядамжав:
Малчид маань ногоон тэжээл тариалаад 2 дахь жилдээ болж байна. Өнгөрсөн жил 41 га -д тариалсан бол энэ жилд 100 га-д гурван бүлгийн малчид нийлж тариалалт хийлээ. Ногоон тэжээл энэ жил их сайхан ургаж байгаа тул малчид маань сэтгэл хангалуун байна. Үнэхээр зөв зүйтэй ажил боллоо гэж байна. Анх ногоон тэжээл тариалж байхад ямар ч арга аргачалал мэдэхгүй байсан. Харин энэ жил туршлагатай болж, ач холбогдолыг нь ч маш сайн ойлгосон. Тиймээс цаашдаа өөрсдийн гэсэн тариалалтын талбайтай болох зорилт тавьсан. Нөгөө талаар бэлчээрээ сэргээж байгаа нь үнэхээр сайхан Ноднин хадлангийн талбайн 50 хувийг өнжөөсөн бол энэ жил 80 хувийг нь өнжөөх боломж олдлоо. Нөгөө талаар малчдын хувьд нэмэлт орлоготой болж, бусад бэлчээр хомсдолтой аймаг сумдын малчдад хэрэгтэй ногоон тэжээлийг худалдан борлуулах боломж нээгдэнэ. Бидний хувьд техник тоног төхөөрөмж бага зэрэг асуудалтай байгаа ч туршлагаас харахад хамгийн гол нь үрээ намар нөөцөлж авах маш чухал гэдгийг ойлголоо.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн иргэн Д.Баярцэнгэл
Энд битүү элсний нүүдэл болсон газар байсан ч Бороо гоулд компанийн санхүүжилтээр 4 багийн малчид хавартаа 7 төрлийн мод тарьж байна. Энэ моддыг тарьснаараа өөрсдөөрөө ч бахархаж байгаа. Бороо гоулд компанид ч талархаж байгаа. Энэ ажил цаашид 7 жил үргэлжилнэ. Тиймээс бид ойн төгөлөө арчилж, тордож, моддынхоо тоог нь нэмэгдүүлж ажиллана. 46 га талбай тарьсан модод байгалийн өнгө зүсийг эрс өөрчилж байна. Хамгийн чухал нь орон нутагт ажлын байр нэмэгдэж байна. Би гэхэд л 4 хүнтэй хамт баг болон ажиллаж бас цалинждаг.
Бороогоулд компанийн Байгаль орчны инженер П.Уянга
Бороогоулд компани нь Бороогийн алтны уурхай буюу уурхайн олборлолтын үйл ажиллагаа, боловсруулалт баяжуулалтын үйл ажиллагаа, нөхөн сэргээлт болон байгаль хамгааллын ажлуудыг хийж ирсэн. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд уурхайн үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, зайлсхийх, нөхөн сэргээх буюу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг эвдэрсэн газруудад бүрэн хийж ажилладаг. Үүний дараа уурхайн үйл ажиллагааны хүрээнд бий болсон 92 га ил уурхайн хана, ухашыг үлдэгдэл нөлөөлөлд тооцож, Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийг бид холбогдох хууль, журам, аргачлалын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Бороогоулд компанийн Байгаль орчны менежер Б.Лхамсүрэн
Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нутаг, чиглэлийг орон нутгийн удирдлага, ард иргэдийн саналд үндэслэн сонгосон бөгөөд 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч, орон нутгийн иргэдэд чиглэсэн үндсэн болон түр 20 гаруй ажлын байрыг бий болгосон байна. Ингэснээр Байгаль орчны хамгааллын төдийгүй эдийн засгийн хувь нэмэр оруулж байна. Төсөл маань 10 жил үргэлжлэх бөгөөд төслийн эхний 3 жилийн байдлаар бидний сонгосон газруудад байгаль орчны эко систем өмнөхөөсөө илүү сайжирч байгаа.
Нутгийн иргэд “Элсний нүүлт явагдаж доройтсон талбай нь үнэхээр өнгөө өөрчилжээ гэдгийг газар дээр нь очиж танилцуулах үеэр хэлж байна. Энэ бол эерэг үр дүн.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн малчдад чиглэсэн ажлуудыг МБАНХ-тай хамтран хэрэгжүүлж байна. Мөн Хараа багийн малчид бэлчээрээ сэлгэн зүй зохистой ашиглах арга барилд суралцсан байна. Энэ бол эхлэлийн шат. Бид эхлээд малчдын, нутгийн иргэдийн хандлагыг өөрчлөх, ойлгуулах, таниулах ажлууд хийж, бэлчээрээ сэлгэх, өнжөөх нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг нь ойлгууллаа. Харин одоо байгаль хамгааллын асуудалд иргэд маань идэвхитэй оролцоод эхэлж байгаа нь үнэхээр сайхан.
Байгаль хамгааллын ажил хийж байгаа нь нөгөө талаар бидний үүрэг хариуцлага. Бид 10 жил энэ төслийг санхүүжүүлж, хэрэгжүүүлж цаашид тогтвортой байдлыг нь хангахын тулд төсөл тус бүрд төлөвлөсөн ажлуудыг хийнэ. 10 жилийн дараа төсөл дуусахад ямар нэгэн хэмжээгээр анхаарал тавих хүн хэрэгтэй. Усалгааны худаг дээр эвдрэл гэмтэл гарлаа гэхэд засах хүн хэрэгтэй. Тиймээс төслийнхээ хүрээнд хэрхэн удаан хугацаанд тогтвортой байдлыг хангаж ажиллах вэ гэдэг дээр манай компани хэд хэдэн санал санаачлага гаргаад ажиллаж байна.
Бэлчээрийг сэргээсэн газартай танилцах үеэр МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал хэлэхдээ “Бэлчээрийн талбайг сэргээхийн тулд олон наст ургамлын үр цацаж болох ч энэ маань зардал их гарна. Тиймээс бэлчээрийг сэргэх боломж сайтай байхад буюу байгалаар нь сэргээх гэдэг хамгийн чухал зүйл юм. Ногоон тэжээл тариалах бол зориулалтын тариалангийн талбайд тариалалт хийхийг хэлдэг. Харин бэлчээрт ургамал тарих бол огт өөр асуудал. Их зардал гарна. Үнэхээр муудаж, доройтсон талбайг сэргээхийн тулд зориуд хашиж хамгаалж байгаад маш их мөнгө зарж байж тариалалт хийдэг. Тиймээс одооноос бэлчээрээ зөв зохистой ашиглах нь чухал гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” гэдгийг уулзалтад оролцогчдод зөвлөсөн билээ.
П.Нарандэлгэр