card

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ФОРУМ БОЛЛОО

Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны Бэлчээрийн үндэсний форум” 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-ноос төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулллагууд, хувийн хэвшлийн болон малчдын 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан чуулганыг анх удаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.

Форумыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн бэлчээрийн ашиглалтын талаар хууль эрх зүйн орчныг шинэчлэх, бэлчээрийн зохистой ашиглалтын бодлого боловсруулах нь өнөөгийн нэн тулгамдсан асуудал болсныг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь, Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон бусад хуульд бэлчээрийн газрын харилцааг их, бага хэмжээгээр зохицуулсан тодорхой заалтууд бий ч өдгөө тулгамдаж буй асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байгааг дурьдаад, “Бэлчээрийн тухай бие даасан хуультай болох санаачилгыг удаа дараа гаргаж, УИХ-д өргөн барьсан түүх бий ч өдий хүртэл батлагдаагүй нь төр, засаг болон улс төрчид ажил, үүрэг, хариуцлагаа хангалттай ухамсарлахгүй, эрх ашгийн эрэмбээр асуудалд хандахгүй байгаагийн илрэл гэдгийг энд нуулгүй хэлэх ёстой.

Бэлчээрийн доройтол, цөлжилтөд салбарын эрдэмтэн судлаачид, малчид болон мал ч буруугүй. Харин эрх зүйн орчин бүрдүүлээгүй, бүтээмжид суурилсан эдийн засгийн хөшүүрэг бий болгоогүй төр, засгийн алдаа юм” гэж хэллээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-аас өнгөрсөн 15 жилийн турш Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ төслийн хүрээнд нутгийн ард иргэдэд түшиглэсэн бэлчээрийн тогтвортой менежментийн арга барилыг нэвтрүүлээд байна.

ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан төслийн хүрээнд Монгол Улсын 150 гаруй сумын малчид бэлчээрийн хэсгийн зохион байгуулалтанд орж, малчид хамтарч ажиллан бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан гэдгийг илтгэлдээ дурьдлаа. Тэрбээр, мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үүднээс малчдын дундын санхүүг бий болгон, хадгаламж зээлийн хоршоог байгуулсан гэж төслийн үр дүнгээс онцолсон юм.

2017 оны есдүгээр сар гэхэд 40 мянган малчин өрхийг хамарсан 1400 орчим БАХ, 100 сумын БАХ-ийн холбоо, есөн аймгийн түвшний холбоод бий болоод байна. Эдгээр холбоод нэгдэн МБАНХ-г байгуулсан аж.

Швейцарийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консул Габриелла Шпирли хэлсэн үгэндээ, “Монголын бэлчээр нутгийн 65 хувь нь ямар нэг хэмжээгээр талхагдан доройтсон байна. Энэ нь Монголын өнөөгийн болон ирээдүйн малчдын аж амьдрал, амьжиргаатай шууд холбоотой асуудал юм” гэв. Тэрбээр цааш нь “Гэхдээ зөвхөн бэлчээрийн менежментийг сайжруулж, мал ихээр бэлчих дарамтыг бууруулснаар доройтсон бэлчээрийн 90 хувь нь байгалийнхаа жамаар өөрөө нөхөн сэргэх боломж нь байсаар байна” гэдгийг онцоллоо.

Хурлын үеэр Бэлчээрийн тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Ийнхүү малчдын саналыг тусгаснаар дээрх хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлэн болгож, Монгол орны мянга мянган малчдын төлөөлөл болсон МБАНХ-ны зүгээс УИХ-д өргөн барьж, батлуулж өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн, БОХХ-н байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэнд гардуулан өглөө.

Малчид болон Бэлчээр ашиглагчдын хэсгийн төлөөллүүд форумыг талархан хүлээн авлаа. “Бодлого чиглэлээ тодорхойлсон, хүрэх арга замаа төлөвлөсөн, ахмад, хүндэт гишүүдээ хүндэтгэсэн, залуу үед сурган заасан, монгол өв соёл түүхээрээ бахархаж хүн бүхэнд урам дэм өгсөн сайхан арга хэмжээ боллоо” гэж Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд хэлсэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Ц.Оюун “Малчид бид Бэлчээрийн тухай хуультай болж, бэлчээрээс болж бусадтайгаа муудалцахгүй болох өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ийнхүү Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш хуран чуулсан Монгол орны бэлчээрийн салбарын мэргэжилтэнүүд, малчид, бодлого тодорхойлогчид тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцаж, “ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР- ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”-ийг бий болгох зорилго дор нэгдэж, зөвлөмж гаргалаа. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2024 онд болох Дэлхийн бэлчээрийн форумыг Монгол Улсад зохион байгуулах эрх авахын төлөө бусад орнуудтай өрсөлдөхөөр төлөвлөсөн юм билээ. Ингэснээр дэлхийд нүүдэлчин соёлыг сурталчлан таниулах, бэлчээрийн зөв ашиглалтаар бусад оронд үлгэр дууриал үзүүлэх аж.

Хуралдаанаас гаргасан зөвлөмжийг нэгтгэж танилцуулбал:

ХХААХҮЯ, мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоотойгоор боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлсэн хуулийн төслийг УИХ-аас цаг алдалгүй хэлэлцүүлэн батлах

Бэлчээрийг урт хугацаатай гэрээгээр ашиглуулах замаар харицлагын тогтолцоог илүү тодорхой болгох, бэлчээрээ зохистой ашиглаж тордож сайжруулсныхаа үр ашгийг малчид өөрөө хүртэх нөхцлийг бүрдүүлэх,

Бэлчээр ашиглалтыг зохион байгуулах суурь бүтэц, дундын бэлчээрээ хамтран ашигладаг малчин өрх, хот, саахалт айлуудын хамтын зохион байгуулалт болох “Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг” -ийг бэхжүүлэх, статусыг нь тодорхой болгох, бэлчээр  ашиглалтын гэрээг төгөлдөржүүлэх байдлаар иргэний эрх зүйн харилцааг хөгжүүлэх,

Бэлчээр ашиглагчдын холбоо нь малчдын хэсэг бүлгийн үйл ажиллагааны уялдааг хангах, тэднийг төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, гэрээ хэлцэл байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах иргэний нийгмийн байгууллага болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх,

Хоршоодын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх замаар малчин өрхийн амьжиргааг сайжруулах, орлогын тодорхой хувийг бэлчээрийг сэргээн сайжруулах үйл ажиллагаанд зориулах орчин бүрдүүлэх,

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахын тулд эрүүл бэлчээр дээр үйлдвэрлэсэн, байгаль орчин, мал, амьтан дээлтэй, байгалийн жам ёсны үйлдвэрлэл, нүүдлийн соёлоос гарсан зэрэг шинж чанарыг нь баталгаажуулах, улмаар өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн төлөв байдал, үнэлгээний системийг бэхжүүлэх,

Малын вакцинжуулалт, тарилга, туулгын зохистой хэрэглээг нэвтрүүлэх замаар хөрс, бэлчээрийг хордуулах, бохирдуулах, өвчлөлийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг хязгаарлах.

Бэлчээрийн салбарын байгууллагуудын үүрэг, оролцоо тодорхой биш,хамтын ажиллагаа хангалтгүй байгаагийн гол шалтгаан болох бэлчээрийн асуудал хариуцсан бий даасан бүтэц бий болгох,

МБАНХ-ны дэргэд Бодлогын зөвлөл ажиллуулах замаар технологи, арга зүйн салбар дамнасан асуудлуудыг хэлэлцэж шийддэг байх, тухайлбал, бэлчээрийн даац ачааллыг тооцох арга аргачлалыг шинэчлэх ажлыг ойрын үед зохион байгуулах,

Бэлчээрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах, цаг уурч, газар зохион байгуулагч инженер, бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог гаргах, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, бодит амьдралтай илүү холбож өгөх тал дээр анхаарах,

Хээрийн экосистемийг хамгаалах үүднээс байгалийн хадланг багасгаж, бага талбайд тэжээл тарих ажлыг дэмжих, тэжээлийн ургамлын үрийн генбанктай болох, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хөгжүүлэх.

Монголын Бэлчээрийн Үндэсний Форумын илтгэлүүд болон зурагтай дараах холбоос дээр дарж танилцана уу:

Монголын бэлчээрийн үндэсний форумын илтгэлүүд болон илтгэлийн эмхэтгэл.

Gallery