“Эх нутгаа хайрлах сэтгэл энгийн бүхнээс эхлэлтэй”
Байгальд хамгийн ээлтэй амьдардаг сарлаг малыг өсгөн үржүүлэх, бэлчээрээ зүй зохистой ашиглаж цөлжилтийг багасгах, малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, орон нутагт аялал жуулчлалын брэнд бий болгох зорилготой “Монгол Сарлаг” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Анхны фестивалийг Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулж, удаах жил нь хоёр сум, гурван сумын хэмжээнд зохиож байсан түүхтэй. Тэгвэл энэ жил улам өргөжин улсын хэмжээнд буюу нутаг нутгийн сарлаг үржүүлэгч нар туршлага солилцохоор Хөвсгөл аймгийн Хатгал суманд цугласан юм.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Швейцарийн Хөгжлийн агентлагийн Ногоон алт- Малын эрүүл мэнд төсөл хамтран зохион байгуулсан энэхүү наадамд 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны төлөөллүүд оролцов.
МБАНХ гэдэг малчдын байгууллага үүсч хөгжөөд 10 гаруй жил болжээ. Өнөөдөр улсын хэмжээнд 160 гаруй суманд Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж, 87 суманд сумын анхан шатны хоршоод, 11 суманд Хадгаламж зээлийн хоршоо, 1400 орчим Бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагджээ. Нийт 63.5 мянган малчин өрх, гишүүдтэй, өнөр өтгөн байгууллага болж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо гэдэг нэгэн дээвэр дор мэргэжлийн байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажээ.
“Монгол сарлаг 2018” фестивалийн үеэр сургалт семинар, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, 4500 гаруй орон нутгийн болон гадаад дотоодын жуулчид зорин очсон сумын наадмын хэмжээнд томоохон арга хэмжээ болсон билээ. Энэ үеэр Монгол улсын алс баруун, зүүн хязгаар нутгаас, өмнийн шаргал говь нутгаас зорин ирсэн аймаг сумдын Бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөгчид Сүхбаатар хөлөг онгоцонд сууж, Хөвсгөл далайгаар аялж, цаатны гэр, цаа буга үзэж сонирхсон юм.
Хөвсгөл нутаг ирсэн зочдыг бороо хуртай угтсан ч гэлээ фестивалийн товлосон өдөр нар ээж, тэнгэр цэлмэн, далай их усаа тольдуулсан сайхан өдрийг бэлэглэсэн юм. “Ийм сайхан эх нутгаараа бахархахгүй байхын аргагүй”, “Үнэхээр сайхан уул ус, өвс ногоо нь тэгширсэн нутаг юм”, “Хөвсгөл далай ээжийнхээ Хүслийн ууланд хүслээ шивнэвэл бүх зүйлс сайхан болдог” хэмээн бахдан биширч, нутаг орондоо очиж ярих хэлэх юм ихтэй боллоо хэмээн догдолж байсан.
Бороотой хуртай, сургалт мэдээлэлтэй, баяр наадамтай энэ өдрүүдэд малчин түмний ажил үйлс Монгол Улс гадаадад мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн экспортлоход ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг тэд мэдэрсэн. Тэд бэлчээр усаа хайрлан хамгаалах сэтгэлээр нэгдсэн нэгэн хүн мэт ирээдүй хойч үедээ эх нутгаа үлдээхийг зорьж буй хамт олон гэдэг нь мэдрэгдэж байсан юм.
Түүний илрэл болгон Монгол эх нутгаа бид л хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй. Бидний өнөөдөр хийж байгаа үйлдэл бүхэн эх орны төлөө, байгаль орчны төлөө, ирээдүйн төлөө” хэмээн ярилцаж “Монгол Сарлаг 2018” наадам дууссаны дараа хүмүүсийн хаясан хогийг уутанд хийж, цуглуулах ажлыг сэтгэл нэгтэйгээр хийсэн юм.
“Олны хүч оломгүй далай” гэж нэг ч цаг хүрэхгүй хугацаанд наадам зохион байгуулсан талбай цэвэр цэмцгэр болж, хогийн цэгт бүх хогийг нэгтгэж чадсан. Тэдний энэ санаачлага Хөвсгөл нутгийн худалдаа наймаа эрхлэхээр ирсэн иргэдийг хөдөлгөж “Өөр аймаг сумынхан ингэж цэвэрлэж байна, алив нутгийнхан минь хамт хийцгээе” гэж цэвэрлэж байсан юм. Тиймээ эх орноо хайрлах сэтгэл гэдэг бохирдуулсан хог хаягдлаа цэвэрлэхээс эхэлдэг. Миний, чиний нутаг гэлтгүй Монгол эх орон минь бүхэлдээ биднийх.
Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс ирсэн МБАНХ-ны 18 аймгаас ирсэн зочид төлөөлөгчид орой хамтдаа цуглан ажлаа дүгнэж ярилцан, шинээр байгуулагдсан БАХ-дод ажлын амжилт хүсэн хэвлэгч машин бэлэг болгон өгсөн юм. Мөн энэ үеэр Монгол Сарлаг наадмын шилжин явах цомыг Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооныхонд гардуулан өгсөн юм.
Энэ жил таатай сайхнаар хүлээж авсан Хөвсгөл нутаг минь, Баяртай
Ирэх жил баяртай уулзая, Ховд аймаг минь. Сайн байна уу.