card

Х.Алтанцэцэг: Айлын эхнэрт “Чи манай газрыг мэдэх болоогүй” гээд алгадуулж үзсэн ч зорьсон ажлаа үргэлжлүүлж явна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Л.Жаргалбаатар, Монгол нэхмэл компанийн захирал Р.Энхболд, МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал, Зөвлөх Л.Ганцог нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бэлчээр ашиглагчдын холбооны үйл ажиллагаатай танилцсан юм.

Өвөрхангай аймгийн хойд захад орших Бат-Өлзий сум нь байгалийн үзэсгэлэнт газрууд болох Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон үзэсгэлэнт газруудтай. Улаанбаатар хотоос баруун урагш 452 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 124 км-т оршдог бөгөөд биднийг тус сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Х.Алтанцэцэг биднийг угтан авсан юм.

Хамгийн эхэнд тэрбээр тариа ногоо, малын тэжээл тариалах зорилгоор сумын ЗДТГ-аас 4 га газар эзэмшлээр авч, анхны боловсруулалтаа хийж, бэлтгэсэн хөрс бүхий газраа танилцуулсан.

Дараа нь түүхий эдийн бэлтгэл, мал бойлох, хоёрдагч түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглах 1 га газар бүхий хашааг танилцуулсан.

Уг хашаанд малчдаас мал болон малын гаралтай түүхий эд худалдан авах, өргөн хэрэглээний бараа борлуулах төвийг нээж ажлуулахаар төлөвлөөд байгаа аж.

Мөн хуучин сүүний үйлдвэрийн чиглэлээр ашиглаж байсан одоо нэхий элдэх цехийн тоног төхөөрөмж суурилуулсан байрыг танилцуулсан.

Уг байранд хүмүүсийн ямар ч хэрэггүй гээд хаяад байгаа нэхийг худалдан авч боловсруулах бөгөөд гаднаа муу усны цооногтой гэдгийг онцолж байлаа.

Ийнхүү сумын төвд хийгдэж байгаа ажлуудтай танилцсаны дараа сумын ЗДТГ-аас гаргаж өгсөн СБАХ-ны байранд танилцуулгаа үргэлжлүүлсэн юм.

Тус Сумын Бэлчээр ашиглагчдын холбоо сумын малчдаа найман бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулсан гэнэ. Хэсэг тус бүрийн ашиглах бэлчээрийн хил заагийг нь тогтоон өгч, нүүдэл хийх хуваарь төлөвлөгөөг мөрдүүлэн ажиллаж байгаа аж. Найман БАХ-ийн ахлагчид үүрэгт ажлаа нягт нямбай хийж, ахлагчийн дэвтэр хөтлөж, үйл ажиллагаа бүрээ өдөр сараар баримтжуулан ажилладаг юм байна. Түүнчлэн БАХ-ийн дүрэм, бэлчээрийн гар зураг, хуралд оролцсон малчдын бүртгэл, хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл, гишүүдийн оролцоо зэргийг өрх бүрээр бүртгэж тэмдэглэдэг юм байна.

СБАХ-ын тэргүүн Х.Алтанцэцэг хэлэхдээ “Бид малчин эмэгтэйчүүдийнхээ өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр сүү цагаан идээ боловсруулах сургалт явуулсан. Сарлагийн баярт хоёр ч удаа манлайлж оролцохдоо үзэсгэлэн гаргасан. Манай “Малчдын хамтын хүч” хоршоо зөгийтэй. Зөгийчдөө Шаамарын САА –д очиж туршлага судлах аялалд явуулаад ирсэн. Бэлчээрийн гэрээ хийсэн 2 дугаар багт уул уурхай гэдэг том асуудал үүсдэг. Бид хоёр ч удаа очиж, тэмцээд барахгүй байна. Хуучин алтны уурхай баисан газар хувь хүмүүс дурааараа оччихсон байхад нь Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, МХЕГ-ын байцаагч, Цагдаагийн албан хаагчидтай очиж битүүмжилсэн. Гэтэл МХЕГ –ийн лацыг салгаад ашиглаад байгаа тул арга ядаад дизелийг нь авчираад хашаандаа хадгалж байна.

Мөн бид Дундын сангаа бүрдүүлэх зорилгоор хоёр сар гаруй малчдынхаа гэрт нь зорьж очсон. Очиж уулзвал хүмүүс илүү сайн ойлгож хүлээн авдаг юм байна. Багийн хуралд ирэхгүй болохоор нь БАХ-ын дарга нартайгаа очиж тайлбарлаад 20 гаруй сая төгрөг цугласан. МБАНХ-ны дэмжлэг нийлээд 40 гаруй сая төгрөг болсон. Дундын сангийн хуримтлалаасаа 170 гаруй хүнд зээл өгсөн. Зээлүүлсэн мөнгөний хүү 4 сая гаруй төгрөг нэмэгдээд нийт эргэлтийн хөрөнгө маань 45 сая орчим төгрөг болоод байна. Хөөврийн бэлтгэл хоёр удаа хийж, 2017 онд 600 кг хөөвөр тушаасан. 2018 онд 1 тонн хөөвөр тушааж, малчдын идэвхи, итгэл нэмэгдээд байна. МБАНХ-ны зуучлан борлуулах үйлчилгээний төслийг бичсэн. Эргэн төлөгдөх нөхцөлтэй бага хүүтэй зээл авч ажил эхлүүлэх боломжтой болсонд баяртай байгаа. Бидний энэ удаад Бэлчээр ашиглалтын гэрээ хийж байгаа “Хүйтэн булаг” багт манай малчдын чөлөөлсөн бэлчээр дээр өөр хүмүүс дураараа буучихаар нь багийн даргатайгаа очиж уулзсан.

Энэ газарт амьдарч байсан хүмүүс газраа чөлөөлж, бэлчээрээ сэргээх гэж байхад та нар ирж буулаа. Ёс зүйгүй хүмүүс вэ гэж уулзаж, тэр айлыг 3 хоногийн дотор нүүлгэж чадсан маань хүмүүст хүрсэн байна. Бэлчээр усаа хамгаалах ажил хийгээд байгаа юм байна гэж итгэлтэй хандах болсон. Зарим нь бүр Алтаа манай өвөлжөөн дээр хүмүүс буучихсан байна, хөөгөөд өг гэж байсан. Бэлчээр нутгаа хамгаалах гэсэн зорилгыг минь ойлгоогүй зарим нэг айлын эхнэрт “Чи манай газрыг мэдэх болоогүй” гээд алгадуулж, аашлуулсан. Гэрээ хийсэн 2 багт 600 гаруй малтай айл буугаад Багийн Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй очиж, тухайн айлыг хүчээр нүүлгэхэд 15 хоног зарцуулсан. Энэ мэт ажлын үр дүнд малчид БАХ-т итгэж, ач тусыг нь үнэлж, нааштай хандаж байна.

Бүх багуудаар “БАХ ямар ажил хийдэг. Төслийн хүрээнд юу хийгдэж байна. Одоо бид ямар амжилтай явна. Малчид цаашаа яах ёстой юм” гээд мэдээлэл өгч байна. Бэлчээрийг чөлөөлөх сэлгэх ажлыг жилийн төлөвлөгөөн дээрээ тусгах ажлыг Багийн засаг дарга нартай ярьж, ИХ-аар нь батлуулах ажил амжилттай явж байгаа.

Зарим газраа чөлөөлөөд хашаа барьсан малчиддаа зээлийн үйлчилгээг чирэгдүүлэхгүй хурдан шуурхай хүргэж байна. Малчид хугацаа хэтрүүлэхгүй эргэн төлөлтөө маш сайн өгч байгаа. Зээлийг БАХ –ын даргад мэдэгдэж, түүний зөвшөөрөлтэй зээл олгодог. Зээлийн хугацаа дөхсөн байвал бид “20 хувийхаа алдагдалаа өөрсдөө хийнэ шүү” гэж мэдэгддэг. Учир нь айл болгоныг хугацаа нь болж байна гээд хэлээд явах боломж байдаггүй.

2010 онд зуд болоод малчдын 70 хувь малаа алдсан тул сүүний үйлдвэр хаалгаа барьж, Мерси Кор олон улсын байгууллагаас “Малчдыг нэгтгээд хоршоо байгуулаач ээ” гэсэн тул Сумын захиргаанд 130 малчин цуглаад “Малчны хамтын хүч хоршоо”-г анх байгуулж байсан. Эхний үед амжилттай байсан ч “Урамшууллыг хоршоо болгон дээр өгнө” гэсэн төрийн бодлогоос болж, манай хоршоонд байсан ченжүүд өөрсдөө хоршоо болно гээд бүх ажил саарсан. Харин одоо “Ногоон алт” төсөл орж ирээд бидний ажил үнэхээр сэргэж байна. Үнэхээр сайхан. Орон нутагт маш зөв, цагаа олсон ажил болж байна. Тиймээс энэ төслийн талаар хүмүүст илүү их мэдрүүлчихсэн гэж ихэд хичээж байна. Одоо манай малчид “Бэлчээр ашиглалтын гэрээ” хийх нь зөв юм байна гэдгийг ойлгосон” хэмээн танилцуулсан юм.

МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал хэлэхдээ “Манай МБАНХ-ны хувьд 18 аймгийн 160 гаруй сумтай нь харилцдаг. Нийтдээ 1600 орчим гаруй баг бий. Манайх 1300 орчим БАХ ахалж ажилладаг хүмүүстэй хамтарч ажилладаг Монгол Улсын хэмжээний томоохон сүлжээ бүхий малчдын байгууллага. Та бүхэн нэг эд эс нь. Бидний зорилго нэг. Бид бэлчээр нутгаа зүй зохистой ашиглая гэдэгт санаа нэгдсэн хүмүүс. Бэлчээрийг зүй зохистой ашиглана гээд малчин хүн ганцаараа яваад бүтэхгүй гэдгийг бид мэдсэн. Тиймээс малчид маань нийлээд Малчдын бүлэг, Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулан нэгдэж ажилласаны дүнд бид бэлчээрээ зүй зохистой ашигладаг. Тэр хэмжээгээр малчдын орлого нэмэгдэж сайн сайхан амьдарна гэж үзэж байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө “Хэдүүлээ яах вэ” гэдгээ л шийдээд яваа юм. Биднийг хүмүүс ойлгож, төр засаг илүү сайн харж хандах цаг ирнэ. Яагаад гэвэл та, бид буянтай зөв ажил хийж байгаа. Бид бүгд нэг зүг рүү харж зорьж байгаа гэдгийг ойлгоорой” хэмээн онцолсон юм.

Хувцагааны Алтанцэцэг өмнө нь “Монгол нэхмэл”-үйлдвэрт ажиллаж, 1988 оны Хөдөлмөрийн аварга, 1989 оны Хошой аварга ажилчин болж байжээ. Түүний энэ түүхийг “Монгол нэхмэл” компанийн захирал Р.Энхболд ихэд билэгшээлтэй үйл явдал хэмээн онцолсон. Учир нь МБАНХ болон “Монгол нэхмэл компанийн хамтын ажиллагааны хүрээнд сум орон нутагт Нэхмэлийн цех байгуулахаар зорьж буй. Гэтэл СБАХ-ын тэргүүн Х.Алтанцэцэг нэхмэлийн мэргэжилтэй байдаг нь Бат-Өлзий сумын хувьд давуу тал хэмээн үзсэн юм.

“Монгол нэхмэл” компанийн захирал Р.Энхболд хэлэхдээ “Манай компанийн хувьд малчдын тушааж буй түүхий эдийн үнэлэмжийг нь нэмэгдүүлж, малчдаараа сайн чанарын түүхий эд бэлтгүүлэх зорилгоор малчидтайгаа уулзаж, эргэх холбоог бий болгохоор ийнхүү хамт явж байсан юм. Уянга суманд Сүлжих цех бий болж байна. Аливаа үйлдвэрлэл эхлэхэд зах зээл байх ёстой. Судалгаа хэрэгтэй. Гэхдээ сум орон нутагт сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх зах зээл байна. Та бүхэн бидэнд ноосоо өгч, утас болгоод буцаан өгье. Та нар сүлжмэл цамц хийгээд сумынхаан сургуулийн хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангачих. Ингэвэл төр засгийн яриад байдаг каластр болно. Мөн орон нутагт ажлын байр бий болно.

Сурагчийн дүрэмт хувцсыг анх монгол хонины ноос орсон даавуу гэж байсан. Гэтэл цөөн хэдхэн байгууллагад эрх мэдэл очсоноор асуудал үүссэн. Бид салбар яамныхантайгаа энэ асуудлаар ярилцаж байна. Энэ ажил 2-3 жилийн дараа гэхэд бүрэн шийдэгдэнэ. Эхний ээлжинд сурагчийн ноосон майк, өмдийг хийхэд л болно. Өүлэн мэнч” компани л сурагчийн цэнхэр цамц хийж байгаа. Өнөөдөр хотын хэдхэн комдани Монголын бүс сурагчийн дүрэмт хувцсыг хангаж байгаа гэдэг ч манайхан өөрсдөө үйлдвэрлэх нөхцөл бололцоо байхгүй. Урд хөршөөс авчирдаг асуудалтай тэмцэх ёстой. Малчдын орлого арьс шир, ноос ноолуур, сүү гэсэн түүхий эдээс бүрддэг. Хамгийн эхэнд ноос ноолуур байдаг. Түүн дээрээ л түшиглэн суманд сүлжмэл үйлдвэрлэл эрхлэх амархан. Монгол малаар баян малынхаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулья. Өнөөдөр арьс ширний үйлдвэр нь уналтад орчихлоо.

Мах, сүүний зах зээл л байна. Үс ноосыг махыг нь идэж байгаа юм шиг хэрэглээнд оруулахын төлөө хамтран ажиллая. Ноосыг хятадууд л үнэтэй аваад байна. Гэтэл хэдэн жилийн дараа Хятадууд ноос авахгүй болчихвол энэ салбар арьс шир шиг үнэгүй болно. Ийм ирээдүйг бид хүсэхгүй. Хоёрт үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж сурмаар байна. Дээх нь үед хөгшчүүлийн авдранд -180-ийн одеяль” гэж байлаа. Хотоос ирсэн ах дүүсээ дэвсэж өгдөг үнэ цэнэтэй байсан. Харин одоо Хятадын дахин боловсруулсан бүтээгдэхүүн хямд бүтээгдэхүүнээр орлуулаад байна.

Тэд жил болгон халагдсан цэргийнхээ хувцсыг дахин боловсруулдаг. Магадгүй халагдсан цэргийн турсикээр малгай хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс үндэснийхээ үнэ цэнэтэй бүхнийг, эрүүл аюулгүй байдлаар өөрсдөө хэрэглэх хэрэгтэй. Малчид төр засгаас дэмжлэг аваад урамшуулал авч байгаа харагддаг. Гэтэл үйлдвэр эрхлэгчидд татвар төлж, түүхий эдээ худалдан аваад бүтээгдэхүүн хийхээр малчид худалдан авахгүй байгаа нь шударга бус байна. Тиймээс малчид ч бидний бүтээгдэхүүнийг авдаг байх ёстой. Тэгвэл шударга болно. Дээр үеийн “180-ын одеяль”-ийг бид одоо ч хийж байна. Тиймээс малчидтайгаа “Та бүхний өгсөн түүхий эдээр ийм бүтээгдэхүүн хийж байна. Худалдан аваарай” гээд харилцаа үүсгэх нь их чухал юм” хэмээн хэлсэн юм.

Ийнхүү уулзалтын төгсгөлд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бат-Өлзий суманд анх ажлаа эхэлж байсныг санаж байна. Өнөөдөр ажлын үр дүн сайхан харагдаж байна. Тэжээл тариалах хагалсан газар нь яах аргагүй үржил шимтэй харагдлаа. Хойд хашаанд хийх ажил их том зорилготой юм байна. Бид өнгөрсөн оноос хойш дэмжиж ирсэн. Та бидний ярьсан ажил их сайн хийгдэж байна. Энэ жил хийсэн ажлаа бататгаж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжилнэ. Бусдыг дагуулах, түүчээлэх хүн хэрэгтэй. Алтанцэцэг та ажлыг их сайн хийдэг юм байна. Бидний жижигхэн дэмжлэгийг ийм том болгож байгаад баяртай байна” хэмээн амжилтыг хүссэн билээ.