card

С.Дивангар: Монгол малын махыг “эко” гэдгийг олон улсын зах зээлд харуулна

ХХАХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах сүүний анхдугаар аяны үр шим” өдөрлөг өчигдөр Мишээл экспо төвд боллоо. Хүн  амын хүнсний хангамжийг сайжруулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготойгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Махны холбоо хамтран  зохион байгуулсан тус өдөрлөгт мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Өдөрлөгийн эхэнд Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төсөл, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн Ерөнхий газар хамтран “Малын эрүүл мэндийн  мөшгих систем”-ийг бий болгон туршиж байгаа талаар мэдээлэл хийгдсэн билээ.

Б.Батсүх: Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд маш том дэвшил гарч байна

Энэхүү системийн талаарх товч мэдээллийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Батсүх өгсөн.

“Монголчуудын хүнсний томоохон хэсгийг эзэлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн  худалдаанд ирсэн та бүхэнд баярлалаа. Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд таны хэрэглэж байгаа мах, махан бүтээгдэхүүн мал эмнэлгийн мэргэжлийн баталгаатай, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн болон ирдэг боллоо. Энэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд маш том дэвшил, шинэ алхам болж байна.

Юуны өмнө Мал эмнэлгйин гэрчилгээ, гэрчилгээний системийн талаар мэдээлэл  өгье. Энэ ажлыг өнгөрсөн жилээс Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэйгээр  Мал эмнэлгийн Ерөнхий газар, Монгол инженерүүдтэйгээ хамтран хэрэгжүүлсэн.  Монгол хүн жилд дунджаар 130 кг мах иддэг. Гэвч ширээн дээрх мах эрүүл, чанартай, хаанаас гаралтай гэдэгт нь хэн ч баталгаатай хариулт өгч чадахгүй байсан. Тэгвэл энэ том асуултад хариулт өгч, чанартай эрүүл хүнс хэрэглэх боломж бүрдлээ.

Мал эмнэлгийн  баталгаажуулалтын энэ системийн хөгжүүлэлтийг монгол инженерүүд өөрсдөө хийсэн. Ийм системийн хөгжүүлэлтийг хийхэд гадны инженерүүд 1 сая ам.доллараар хийдэг. Монгол залуучууд бага өртөгөөр чанартай хийж чадлаа. Мал эмнэлгийн мэргэжийн байгууллагын баталгаа буюу бидний ширээн дээр байгаа тэр 130 кг мах эрүүл, баталгаатай буюу Архангай аймгийн Тариат сумын Хорго багаас ирсэн гэдэг гарал үүслийг баталгаажуулсан систем хэрэгжиж эхэллээ. Энэ асуудал “Мал, амьтны эрүүл мэндийн  тухай”  хуулинд хуульчлагдаад орсон. Мал эмнэлгийн ерөнхий газар энэ үүргийг цаашид хүлээгээд явна. Та бүхэн малын эрүүл мэнд нь баталгаажсан, гарал үүсэл нь тодорхой гэдэг шалгуураар бүтээгдэхүүнээ сонгоно гэдэгт итгэж байна”.

С.Дивангар: Мөшгих тогтолцоог 2018 оны 11 сарын 2-ны өдөр албан  ёсоор төрийн өмчлөлд хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна

Түүний дараа “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар өгсөн юм.

“Эрхэм хүндэт үйлчлүүлэгч таньд “Мал эмнэлгийн баталгаажуулалтын систем”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулья.  “Мал эмнэлэг баталгаажуулна” гэдэг нь малын эмч таны хэрэглэх гэж байгаа бүтээгдэхүүнийг “Энэ таны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг  нөлөө үзүүлэхгүй” гэдгийг нотлоод асуудал үүсвэл “Хариуцлагыг нь би хүлээнэ” гэдгийг гэрчилж  гэрчилгээ олгох  процессийг хэлнэ.

Ингэхдээ малын эмч тухайн малыг амьд байхад нь ямар үйлчилгээ үзүүлсэн бүх түүх, үржлийн түүх дээр тулгуурлаж, гэрчилгээ олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гурван настай мал төхөөрч байгаа бол гурван жилийн эмчилгээнийх нь түүхийг  таньд дэлгэн харуулах боломжтой. Таны идэх гэж байгаа мах махан бүтээгдэхүүн энэ хугацанд ямар вакцин таригдсан, ямар эмчилгээнд хамрагдсан,  паразит өвчинтэй тэмцэх ямар аргыг хэрэглэсэн зэргийг “Мал эмнэлэг”-ийн чиглэлийн мэдээллийг энэ систем таньд дэлгэн харуулах юм.

Тэр гэрчилгээ олгогдсны дараа тээвэрлэгдэн үйлдвэрт очиж, мал нядалгаанд орохын өмнө, төхөөрснйи дараа үзлэг хийгдэж үзлэгийн дүнг систем рүү оруулна. Ингэсний дараа хүнс болон хэрэглэгчид очиход ямар замыг туулж,  хяналтанд орсон гэдэг бүх үр дүнг харуулах болможтой болох юм.

Энэ систем хэрхэн ажилладаг вэ? гэвэл Малын эмч өөрийн хариуцаж байгаа нутаг дэвсгэрээс хүнснй зориулалтаар хэрэглээнд нийлүүлэгдэж байгаа малыг эхлээд ээмэглэнэ. Тусгай дугаар бүхий ээмгээр ээмгэлсний дараа тусгай төхөөрөмжийг ашиглан  ээмгэн дэх дугаарыг систем рүү оруулна. Систем  “Аль аймгийн, аль сумын, аль багийн, хэн гэдэг малчны хариуцаж байсан мал вэ” гэж асууна. Мөн хэн гэдэг малын эмч бүртгэл хийж байгаа талаар баталгаажуулж  оруулаад сүлжээгээрээ сумын байцаагч руу явуулна. Байцаагчийн компьютерийн дэлгэц дээр  “Танай сумаас 100 км-т байх малчин Болдын хотноос малын эмч Бат 150 толгой мал Мах маркет руу ачуулах гэж байна. Энэ мал баталгаатай  гэж Малын эмч үзжээ. Зөвшөөрөх үү” гэж асууна. Байцаагч мэдээллийг шалгаж үзээд “Зөвшөөрлөө” гэсэн команд өгөхөд малын эмчийн  бүсэнд байх жижиг хэвлэгч төхөөрөмжнөөс гэрчилгээ шууд хэвлэгдэн гарч ирнэ. Өнөөдөр “Мал эмнэлгийн гэрчилгээ” маань   А4-ийн үнэт цаасан дээр зайгүй бичигтэй гардаг. Харин хэвлэгч төхөөрөмжөөс товчхон, ойлгомжтой мэдээлэлтэй, кодтой гарч ирнэ. Тэр кодыг систем уншиж тухайн малын бүхий л түүхийг таньд дэлгэн харуулах боломж бүрдэх юм. Гэрчилгээ хэвлэгдсэн мал цаашид тээвэрлэлтэд орно.

Гэрчилгээний  харагдах хэсэг нь харьцангуй товчхон байгаа ч малчдаас эхлээд хэрэглэгч хүртэл бүх оролцогч талын хэрэгцээ шаардлагыг шингээсэн. Гэхдээ цаана нь агуулж байгаа мэдээлэл нь арвин баялаг. Тэрийг хэрэглэгч харах бүрэн боломжтой болсон. Ялангуяа оролцогч талууд дээр бид Цагдаагийн байгууллагыг оруулсан. Учир нь малын хулгайн гэмт хэргийг энэ системийн дагуу хянах боломж бүрдсэн.

Гэрчилгээний ерөнхий агуулгаас “Бэлчээрийн төлөв байдал” гэдэг хэсгийг онцолж байна. Одоогоор бидний  туршлага судалсан улс орнуудаас мал эмнэлгийн гэрчилгээн дотроо бэлчээрийн төлөв байдлыг оруулсан улс орон байдаггүй. Монгол Улс анхных нь болж байна. Ингэж оруулснаар монгол малын махыг экологийн цэвэр, байгалийн бүтээгдэхүүн гэдгийг нотолж олон улсын зах зээл рүү харуулах боломж нээгдэж байна.

“Бэлчээрийн төлөв  байдал” гэсэн хэсэг нь систем дээрээ “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд бэлчээрийн мэдээлийн санг үүсгэсэн байгаа. Энэ сан Ус цаг уур орчны шинжилгээний газрын хүрээлэн, Геодези  зураг зүйн газар гэсэн хоёр эх үүсвэрээс тэжээгдэж байгаа. Энэ байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд Монгол Улсын газар нутаг дээгүүр 1500 гаруй цэг дээрх байгаль цаг уур, хөрс бэлчээрийн мэдээлэл бүхий датануудыг системд оруулсан. Энэ системийн  хүрээнд бэлтгэгдсэн малын махыг, хэрвээ та хүсвэл дата сан дотроос аль аймгийн, аль сумаас, хаана ирсэн, ямар зам туулж ирэв гэдгийг харж болно. Урьдчилан захиалга хийгдсэн бол таны захиалсан мах хаана явааг харж, хэзээ таны гарт ирэхийг систем хэлж өгнө. Энэ систем бүрэн төлөвшсөнөөр өдөр бүр шинэ махыг хэрэглэгч таньд хүргэх боломжтой болно.

Орон нутгаас ачигдаж ирсэн мал үйлдвэрт ирээд нядалгаанд ороход чихэн дэх ээмгийг төхөөрөмжөөр уншуулж, тухайн малын мэлдээллийг системд оруулснаар барааны бар кодтой болно. Тэр бар код гарч ирснээр тухайн гулууз махыг хэдэн хэсэгт хуваасан нь хамаагүй бүгдэд нь бар код наагдана.  Ингэснээр таны  авах гэж байгаа мах хаанаас гаралтай, ямар малын эмч баталгаажуулсан, ямар замаар ирснийг  танд мэдээлэх юм. Энэ систем бүрэн  ашиглагдахад бидэнд дата сим хэрэг болсон. Энэ системийг орон нутагт, үйлдвэрт ашиглах бүх процесс дээр Юнител компани хамтран ажиллаж байгаа. Тэд малын эмч нарыг хязгааргүй дата ашиглах боломжоор хангаж байна.

Энэ төслийн хүрээнд хэрэглэгчдэд зориулсан гар утасны апплекейшн зохиосон. Тодруулбал, Андройд үйлдлийн систем бүхий гар утасны Play store цэснээс “Гарал үүслийн систем” нэртэй  апплекейшныг татан авснаар “Мал эмнэлгийн гэрчилгээ” нэртэй апп таны гар утсанд сууна. Түүгээр худалдан авах гэж байгаа махны бар кодыг уншуулахад таньд хэрэгтэй мэдээллүүд гарч ирнэ.

Ийнхүү бид эрч хүчтэй, эрүүл монгол хүн таньд эх орны байгалийн цэвэр хөрсөн дээр ургасан өвс ургамлаар хооллосон малын чанартай махыг хүргэх боломжтой системийг зохион бүтээлээ. Хэрэглэгчдэд өглөө бүр шинэ, гарал үүсэл нь тодорхой,   эрүүл мэндийн баталгаатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд энэ систем тусална. Энэ системийг 2018 оны 11 сарын 2-ны өдөр албан  ёсоор төрийн өмчлөлд хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна. Тэр өдөр энэ төсөл хэрэгжиж байгаа таван аймгийн 15 сумаас бэлтгэсэн махны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулна.