card

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ХӨГЖИЛ ДЭВШИЛ АВЧИРСАН СИСТЕМҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсын мал эмнэлгийн салбарт хөгжил дэвшил авчирсан системийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өчигдөр Лавай төвд зохион байгууллаа. Нээлтийн үеэр ШХА-ийн НАМЭМ төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дивангар хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд хоёр системийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна. Энэ хоёр систем ШХА-ийн НАМЭМ төслийн өмчлөл, эзэмшилд байсан. Энэ баримт бичиг, эх код бүхий дата системийг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгснөөр төрийн эзэмшилд албан ёсоор шилжиж байгаа юм.

Эхнийх нь “Мал эмнэлгийн лабораторийн удирдлага  мэдээллийн систем”. Энэ системийг хөгжүүлэх ажил анх 2015 онд эхэлсэн. Монгол Улсын мал эмнэлгийн салбарт нилээн  том хөгжил дэвшил авчирсан. Энэ системийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ашиглаж байсныг төслийн хүрээнд өргөжүүлж 330 сум сууринг бүхэлд нь холбох бэлтгэл ажлыг хангасан байдлаар нь хүлээлгэн өгч байна. Дараагийнх нь “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, баталгаажуулалт, гэрчилгээний  систем”. Энэ системийг 2017 онд төслийн хүрээнд хөгжүүлж эхэлсэн. Энэ онд өргөжүүлэн 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж туршсан үр дүнгээ хэрэглэгчдэд тайлагнан энэ удаагийн махны худалдааг зохион байгуулж байна” гэв.

Энэ үеэр холбогдох албаныхан ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Б.Батсүх: Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргах үндсэн нөхцөл шаардлага хангагдлаа

/Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга/

“Монгол Улс хөдөө аж  ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарт маш том хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж өнгөрсөн 2017 оны 12 сарын 08-нд “Мал амьтны эрүүл мэндийн  тухай хууль”-ийг УИХ-аар соёрхон баталсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг УИХ-аар баталсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангаж, дагаж мөрдөх маш олон журам заавар дээр ажиллаж байна.

МУ-ын Засгийн газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон ажил хийж ирсэн. Үүний нэг нь ШХА-ийн НАМЭМ төслийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын санаачлагаар “Мал эмнэлгийн Баталгаажуулалтын систем”-ийг өнгөрсөн жилээс хөгжүүлж ирсэн. Энэ  хөгжүүлэлтийн ажлыг Дижитал медик компани гүйцэтгэсэн. Бидний эхлүүлсэн энэ ажлын үр дүн өнөөдөр тодорхой болж байгаад баяртай байна.

Энэ мал эмнэлгийн гэрчилгээний шинэ системийг нэвтрүүлнээр хоёр том ач  холбогдолтой. Нэгд, дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байгаа мах махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангаж, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд баталгааг нь гаргаж байна. Монголчууд жилд нэг хүн 130 кг мах иддэг гэж тооцдог. Тэгвэл энэ мах нь эрүүл үү, бэлчээр нь эрүүл үү, мал эмнэлгйин бүх үйлчилгээг авсан уу гэдгийг энэ системээр бүрэн баталгаатай гэдэгт итгэж болохоор боллоо.

Хоёрт, Монгол Улсын эдийн засгийн олон тулгуурт бодлого хөгжих бодитой боломж бүрдсэний нэг жишээ нь экспортонд мал амьтны гаралтай  бүтээгдэхүүн гаргах үндсэн нөхцөл шаардлагуудын нэгийг энэ системийг нэвтрүүлснээр бүрэн хэрэгжих боломжтой болж байна. Энэ системийг өнөөдөр ШХА-аас хүлээн авч байна. Малын бүртгэл мэдээлэлд суурилсан мал эмнэлгийн гэрчилгээний энэ  систем нь монгол залуучууд өөрсдийн хүч чадлаар олон улсын шаардлага нөхцлийн дагуу өөрсдөө хөгжүүлэлтийг нь хйиж байгаа нь Монголдоо эерэг үр дүнг авчирсан.

Үнэ өртөг, мэдээллийн аюулгүй байдал талаасаа бүгд эх орондоо байх боломж бүрдсэн. Ирэх 2019 онд энэ системийг Монгол улсын хэмжээнд шат дараатайгаар нэвтрээд явахаар төлөвлөж ажиллаж байна. Бидний ярьсан бүхэн цаасан дээр биш бодит ажил болж чадлаа. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх маш том алхам боллоо. Монгол малын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай”.

Габриелла Спирли: Монголын ирээдүйн төлөө, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангахад том алхам болсон

/Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Ерөнхий консул/

“Бэлчээрийн тогтвортой менежмэнт, малын эрүүл мэнд гэдэг асуудал нь НАМЭМ төслийн гол тулгуур багана юм. Учир нь Монгол Улсын нийт хүн амын 3/1 нь  хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс хамааралтай ажиллаж, амьдарч байна. Нөгөөтэйгүүр малын гаралтай  бүтээгдэхүүн нь малчин өрхийн цорын ганц орлого гэж болно. Тиймээс малын  гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэндийн тухай асуудал зайлшгүй ярих ёстой асуудал юм.

Монголчууд малын тоо толгой өсч байгааг байнга сонсдог. Энэхүү баримт мэдээлэл нь бэлчээрийн  тогтвортой менежмэнтийг хэрэгжүүлэхэд  маш том саад болдог. Учир нь Монголын нийт газар нутгийн 70 гаруй  хувь бэлчээр нутаг эзэлдэг. Малын тоо, толгой нэмэгдэх ньв бэлчээрийг доройтоход нөлөөлж байгаа. Мөн бид 2015 онд судалгаа хийсэн. Уг судалгаагаар Монгол орны нийт бэлчээр нутгийн 60 гаруй хувь доройтсон байсан. Сая 2017 оны судалгаанаас харахад 57 хувь нь нилээн доройтолтой байна гэсэн дүр зураг харагдлаа.  Эдгээр нь хамгийн их толгой  малтай аймаг сумдад энэ дүр зураг ажиглагдаж байгаа.

Энэхүү IT суурьтай системийн үр ашгаас танилцуулвал  хамгийн гол үр ашиг хүртэгч нь малчид болон боловсруулах үйлдвэр эрхлэгчид юм. Боловсруулах үйлдвэр эрхлэгчдийн хувьд  түүхий эдийг баталгаатай эх үүсвэрээс тогтсон цаг хугацаанд найдвартай нийлүүлнэ гэжд том сорил байсан бол энэхүү систем нэвтэрснээр уг хүндрэл бэрхшээл алга болсон байна. Нөгөө талаар малчдын хувьд мал, махаа борлуулна гэдэг  зах зээлд өөрийн хүссэн , тохирсон үнээр зарж борлуулна  гэдэг асуудал байсан.

Энэ системийн тусламжтайгаар уг санаа зовох асуудал арилж байна. Зөвхөн эрүүл бэлчээр гэдэг үзүүлэлтээс гадна  маханд нь эмийн үлдэгдэлгүй гэдэг бол мөшгих тогтолцооны үр дүнд баталгаатай болж, хэрэглэгчдийн хувьд таатай худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлж байгаа. Энэхүү систем урьд өмнө нь байсан хүндрэл бэрхшээлийг арилгасан. Систем ажиллаж эхэлснээр  МБАНХ-ны Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид маань хэрэглэгчдэд хэрэгтэй сүү цагаан идээг шууд нийлүүлэх боломж бүрдэж байна.

Энэ системийг цаашид тогтвортой авч явахад талуудын үүрэг  хариуцлага тодорхой байх нь зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын зах зээлд гарах том боломж юм. Өнөөдөр 4 аймгийн 8 сумын 50 орчим Бэлчээр ашиглагчдын хэсгээс бэлдсэн мал өнөөдөр худалдаалагдахаар ирсэн байна. Бидний хийсэн энэ ажил маань Монголын ирээдүйн төлөө, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангахад том алхам болсон гэж бодож байна.

Мөн бэлчээр нутгаа  хайрлан хамгаалж, малаа эрүүл байлгаж,  хариуцлагатай малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулж найдвартай зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлсэндээ туйлын  их баяртай байна. Энэ  систем хэрэгжихэд хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэндээ баярлалаа”.

 М.Амартогтох:  Энэ систем Монгол улсын 330 сум сууринд ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй

/Дижитал Медик компанийн захирал/

“Дижитал Медик  компанийн хувьд 2016 онд Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн системийг хөгжүүлсэн юм. Ингээд энэ сүлжээ систем хөгжүүлсний дараа малын гарал үүсэл болон эрүүл мэндийн баталгаажуулалт чухлаар тавигдаж байгаа нь илэрхий байсан. Бид энэ талар судалгаа хийгээд төслийнхөө загварыг гаргаж байсан.  Яг энэ үеэр ШХА-ын Ногоон алт- малын эрүүл мэнд төслөөс  Мал эмнэлгийн баталгаажуулалтын  системийг хөгжүүлэх”  сэдвээр тендер зарласан. Уг тендэрт манай компани 5-6 байгууллагуудтай өрсөлдөж, шалгараад энэ төслийг амжилттай гүйцэтгэлээ. Ингэж гүйцэтгэсний дараа  хэд хэдэн үе шаттай туршилтууд хийсэн. Эхлээд Архангай аймгийн 2 суманд, дараа нь 4 суманд туршилт хийсэн. Хамгийн суманд 15 суманд туршилт хийлээ. Энэ бүх суманд туршилт амжилттай хийгдсэн. Бид Лавай төвд нээлтээ албан  ёсоор хийлээ. Өчигдөр Е-Март сүлжээ дэлгүүрт бидний төслийн хүрээнд бэлтгэгдсэн махыг хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашдаа энэ систем сайн ажиллаад улс оронд маань өгөөжөө өгөх нь тодорхой болж байна.

Тиймээс бид улам боловсронгуй болгоод технологийн хувьд сүүлийн үеийн блокчэйн технологи руу оруулах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь бусад мал эмнэлгийн салбарын эм урвалжийн систем, вакцины систем, тандалт судалгааны системтэй нэгтгэж  хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ систем 2000 оноос дэлхийн улс орнуудад нилээн эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. Бидний хувьд Австралийн системийг нилээн судалсан. Энэ систем Монгол улсын 330 сум сууринд ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин хүний нөөцийн асуудал яригдах болов уу. Сум бүрт хангалттай малын эмч байхгүй, очоод заагаад өгөх гэхээр Мал эмнэлгийн тасагт ажиллах хүнгүй сум ч байна.  Хувийн эмнэлэггүй  сум байна. Энэ хүндрэлийг холбогдох албаныхан шийдчихвэл улс даяар энэ систем ажиллахад ямар ч асуудалгүй гэж бодож байна”.

Албаныхан ийнхүү сэтгэгдлээ илэрхийлсэний дараа Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Ерөнхий консул Габриеллаа Спирли, ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн менежер Ц.Энх-Амгалан нар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал н.Ганзориг нарт Мал эмнэлгийн баталгаажуулалтын систем, Мал эмнэлгийн лабораторийн удирдлага, мэдээллийн системийн баримт бичиг, эх код бүхий дата системийг хүлээлгэн өгөв. Энэхүү арга хэмжээний дараа Мах маркет компанийн зүгээс Малчдын дундын хоршооны Гүйцэтгэх захирал С.Жамбалдоржид Талархал гардуулж, Юнител компанийн зүгээс хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийлж, зочид төлөөлөгчид махны үзэсгэлэн худалдаатай танилцсан юм.

Дашрамд дуулгахад, Лавай худалдааны төв нь Эрэл компанийн баруун урд талд буюу III цахилгаан станцын уулзвараас чанх урагш Бетон арматурын үйлдвэрийн зүүн талд байрладаг юм байна. Хэрэглэгч та Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Төв, Өвөрхангай аймгаас нийлүүлж, Мах маркет, Меет фүүдс компаниудад бэлтгэсэн чанартай, эрүүл, баталгаатай мах худалдан авахыг хүсвэл энэ амралтын өдрүүдэд Лавай худалдааны төвийг зориорой.