card

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын зөвөлгөөн” болж байна. Тус зөвөлгөөнийг “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, Сэлэнгэ аймгийн Бэлчээрийн менежмэнтийн Ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн АБАХ хамтран зохион байгуулж байна.

Зөвөлгөөнд МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт, МБАНХ-ны Сургалтын менежер Г.Намуулан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан тэргүүтэй Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны зөвлөхүүд, Сэлэнгэ аймгийн Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийн гишүүд, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, тус аймгийн Алтанбулаг, Орхон, Орхонтуул, Сант, Цагааннуур, Баянгол сумын СБАХ-ын тэргүүн, БАХ-ын ахлагч, Сумдын  Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсгийн  гишүүд оролцож байна.

Зөвөлгөөний эхэнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хэлэхдээ “Ногоон алт малын эрүүл мэнд төсөл манай аймагт 2017 оноос таван суманд хэрэгжиж эхэлсэн. Одоогоор 6 суманд нийт 26 БАХ  байгуулагдсан. Сумдын Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг хамтран малчидтайгаа хамтран ажиллаж, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, бэлчээрийг зүй  зохистой ашиглах, хамгаалах арга  хэмжээг төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна. Эрчимжсэн мал ахуй болон уламжлалт мал ахуйг  хөгжүүлэхэд  бэлчээрийг ашиглах, эзэмших нь маш чухал үүрэгтэй. Энэ бүхнийг сум орон нутгийн удирдлага, хариуцан ажиллаж байгаа мэргэжилтнүүд, сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, сумын бэлчээр ашиглагчдын хэсэг та бүхэн  газар дээр нь хариуцан ажиллаж, малчид  мэдээлэл мэдлэгтэй болж, энэ бүхнийг ойлгон идэвхи санаачлагатай оролцож байна.

Манай Сэлэнгэ аймгийн хувьд 1.7 сая га бэлчээртэй. Энэ бэлчээрийг хонин толгойд шилжүүлэх юм бол 2 сая мал бэлчээрлэх боломжтой. Гэтэл өнөөдөр Сэлэнгэ аймагт байгаа 1,5 сая мал маань хонин толгойд шилжүүлсэнээр 3.2 сая мал бэлчиж байна. Ингэснээр бэлчээрийн даац 2.5 дахин  хэтэрч, бэлчээрийн талхлалт үүсээд байна. Бэлчээрийн доройтол малын тоо толгой, даац хэтэрсэнтэй холбоотой. Энэ асуудлыг шийдэхэд Бэлчээр ашигалагчдынхаа холбоотой хамтран малчдын оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулалтад оруулах нь хамгийн зөв гарц. Бэлчээрийг хуваарилан ашиглаж, амрааж сэлгээх нь хамгийн зөв гарц.

Сэлэнгэ аймгийн Монгол Улсын Засгийн газраас “Газар тариалангийн бүс нутаг” гэдгийг зарласан. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 д нь газар тариалангийн бүс нутагт орсон. Бүхэлдээ мал аж ахуй, газар тариалангийн бүс болж байна. Цаашид газар тариалантайгаа мал аж ахуйн салбараа хэрхэн уялдуулж холбох вэ гэдэг нь их чухал. Тиймээс НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа таван сумын төлөөлөлтэй  уулзаж, харилцан санал солилцохоор цугласан байна. Аймгийн удирдлагын зүгээс баримталж байгаа бодлогын хувьд мал аж ахуйг эрчимжсэн чиглэлд оруулья, бэлчээрийн  даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэж, зүй зохистой ашиглая  гэж үзэж байгаа.  Та бүхэн Сэлэнгэ аймгийн газар тариалантай холбогдуулан малчдын  хувьд малаа яаж үр ашигтай болгох вэ гэдгийг ярилцаж байна.

Засгийн газрын тогтоолоор Газар тариалангийн бүс нутаг боллоо гээд  маргааш  шууд хэрэгжээд явахгүй. Бэлчээрийг зөв зохистой ашигласнаар манай аймгийг Газар тариалангийн бүс нутаг гэж зарласан Засгийн газрын тогтоол хэрэгжих юм. Тиймээс НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа  таван суман дээр эрчимжсэн мал аж ахуй руу шилжүүлэх  үндсэн суурийг зөв тавьчих юм бол бусад сумандаа бэлчээрээ зөв зохистой ашиглан малаа эрчимжүүлэх  чиглэл рүү оруулна. Яагаад гэвэл газар тариалангийн бүс нутаг болголоо гэхэд малаа  яах вэ гэдэг асуудал яригдана.

Тиймээс бид энэ ажлыг хэрэгжүүлэхэд 5-10  жил үе шаттайгаар эрчимжсэн мал аж ахуй руу шилжинэ. Тиймээс бэлчээр ашиглалтыг  зөв зохистой шийдвэрлэснээр эрчимжсэн мал ахуй руу шилжинэ. Энэ асуудал манай аймгийн хувьд тулгамдсан асуудал болоод байсан. Иймд өнөөдрийн зөвөлгөөнд оролцож байгаа та бүхэн  аймаг сумынхаа БАХ-тэй хамтран бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ, хэсэг бүлгээрээ бэлчээрээ хэрхэн яаж хамгаалах вэ, хэрхэн ургамлын тархацыг сайжруулах вэ гэдэг асуудлуудыг ярилцахаар цугласан байна. Та бүхний ажилд амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Түүний дараа МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал “МБАНХ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, малчдын байгууллагын бэлчээрийн менежмэнт дэх үүрэг оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа.  Дараа нь “Нэгэн зүтгэл Сэлэнгэ АБАХ” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Амарсайхан “Сэлэнгэ аймаг дахь “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн хэрэгжилт сэдвээр илтгэл тавьлаа. Яг одоо Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр “Сэлэнгэ аймгийн МАА-н салбарын бодлого зорилт” сэдвээр илтгэл тавилаа.

Зөвөлгөөн санал асуулгаар үргэлжилж байна.