card

КИРГИЗСТАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ МАЛЧНЫ ГЭРТ ЗОЧЛОВ

Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Жасыл холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргизстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.

Тэд айлчлалын эхний өдөр Бодлого судлалын төв, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон юм. Харин өчигдөр Их эзэн Чингис хааны морьт хөшөө цогцолборыг үзэж сонирхсон. Мөн Хэнтий аймгийн Өлзийт тосгоны малчин н.Баярсайханы гэрт зочилсон.

Монголын малчин айлд зочлох нь зочдод ихэд таалагдсан бөгөөд өвөг дээдэс нэг, түүх соёлын ижил төстэй байгаа талаар харилцан ярилцаж, морь уургалах сонирхолтой үзүүлбэр үзүүлж, талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон гэрийн эзэнд Киргиз үндэсний малгай бэлэглэсэн юм.

Айлчлал Хэнтий аймагт үргэлжилж байна.